Рояаль ОУИС-ийн багш, сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.
-Шат шатны дарга нар авлига авсан, нүүрс хулгайлсан, тендер будилуулсан зэрэг хэргээр баривчлагдсан тухай мэдээлэл ар араасаа цацагдаж байна. Энэ нь тухайн нийгэмдээ ямар нөлөө үзүүлдэг юм бэ. Ажил нь төрөл бүтэхгүй, юу ч хийхгүй байгаа сэтгэгдлийг масст төрүүлж байдаг уу?
-Олны анхаарлыг татсан үйл хэрэг иргэдийн сэтгэл зүй, амьдралдаа хандах хандлагад салшгүй нөлөөллийг үзүүлсээр ирсэн. Заавал эргэх холбоо үүсдэг. Нийгмийн сэтгэл зүйн тогтворгүй байдал зөвхөн манай улсад тулгамдаагүй. Дээд түвшний ажил алба эрхэлж буй хүмүүсийн ёс зүйгүй үйлдэл, нийгэмд тарж буй фактууд иргэдийн шударга байдлыг хэмлэсээр байна. Тухайлбал нийгмийн хэм хэмжээ ёс зүйг эвдэж байна. Сонгуулийн цикл, тогтолцооны гажуудал бүхий нийгмийг байгуулаад эрүүл сэтгэлгээ алдагдсан гэж хэлж болно. Иргэд өөрсдөө шударга зүйлийг нэхэхгүй, гаж үзэгдлийг харьцуулж, өөрсдийн хүрээлэн буй орчинд эрх ашгаа илүү тулгаж сэтгэл ханамж авахыг илүүд үзэх болсон. Бурууг зөвөөс ялгах сэтгэлгээ үгүй болсон гэж хэлж болно.
-Нийгэмд ийм сэтгэгдэл төрүүлэхийн хор уршиг нь өнөөдөр яаж илэрч байна вэ?
-Иргэдийн сэтгэл хөдлөл, ухамсаргүй байдал илрэн гарах хандлага дээр тулгуурласан хариу урвал дээр шударга бус нийгмийн орчин давамгайлна. Үүнд медиа үүрэг мөн адил сөргийг дэмжих хандлагыг ихэсгэх хүчин зүйл болсон. Нийгмийн сэтгэл зүй үнэн бодитыг тусад нь авч үзэх хэмжээнд хүрэхгүй, эд нар иддэг юм байна, иддэг уудаг нөхцөл нь байна, дэмждэг хэсэг нь байна.
Энэ хандлага нийгмийн хамгийн нэгж хэсэгт амьдарч буй хүмүүсийн орчиндоо үзүүлж буй нөлөөлөлд ч харагдаад эхэлсэн шүү дээ. Наад захын жишээг онцлоход цэцэрлэгийн багшид элдэв янзын бэлэг сэлт өгдөг. Бэлэг авсан багш нь хүүхэдтэй нь илүү нягт ажилладаг. Энэ нь жижиг асуудал мэт харагдавч шат шатны дарга нарын авлигын хэрэг нь нийгэмдээ ингэж тусч байгаа юм.
Хэт эмоци дээр тулгуурласан нийгмийн сэтгэл зүйг жолооддог тогтолцоо манайд бий болсон. Иргэд сөрөг мэдээлэлд анализ хийх хэмжээний биш, зөв бурууг ялгах учир зүйг олохгүй хэсэгтээ л шуурч бухимддаг. Гэхдээ тэд өөрсдөө үүнийхээ нэг хэсэг болж байгаагаа огт анзаардаггүй. Мэдээлэлд дүн шинжилгээ хийж эрүүлээр харах чадамжгүй байна л даа. Шуураад, дэмий л бухимдаж сэтгэл зүйгээ хямраагаад л.
-Тэдэнд хариуцлага тооцож зохих шийтгэлийг оногдуулсан тухай мэдээлэл үүнтэй ижил хэмжээнд цацагдаж байх шаардлагатай юу?
-Тийм. Хариуцлагын тогтолцоо байхгүй, асуудал дэгдэж хэсэгтээ шуурахаас биш эргээд хариуцлага тооцож шийдвэр гаргалт байхгүй учраас нийгмийн сэтгэл зүйд эрүүл байдал үүсэхгүй байгаа юм. Энэ нь өнөөдрийн бидний амьдралдаа хандаж буй зан үйлд бэлхнээ харагдана. Нэг хэлнэ, нэг зэмлэнэ, тусган авах чадвар сул. Ижил хэмжээний цацагдах хэмжээнд шийдэгдсэн асуудлууд алга. Шударга үнэний мэдрэмж сул, тогтвортой шийдвэр гаргах хэмжээнд хүрэхгүй байна.
-Түүнчлэн олныг сэрдхийлгэсэн хэргүүд хэд хэд гарлаа. Дунд сургуулийн охиныг авч яваад амийг нь хөнөөлөө гэдэг ч юм уу. Ийм хэргүүд нийгэмд хэрхэн нөлөөлдөг юм бэ. Хэн нэгэнд гэмт хэрэг үйлдэх сэдэл болдог уу, эсвэл сэрэмж болж байна уу?
-Сэтгэл хөдлөл өндөр иргэдийн сэтгэл зүйд айдас төрүүлэх, эрүүл бус сэтгэл зүйтэй хэсгийн загатнасан газарт маажих л үйл явц үргэлжлээд дуусдаг. Нийт мэдээллийн дийлэнх нь стресс, түгшүүр өгөхөөс эрүүл мэдээллээр хангах хэмжээнд бус байна. Хүчирхийллийн мэдээлэл хүнд сэдэл ч төрүүлнэ. Нөгөө талдаа сэрэмжлүүлэг ч болдог. Сүүлийн жишээнээс хойш л эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь өөрөө хүргэж өгдөг болсон шүү дээ. Тухайн бүс нутагт камерын хяналт сайжирсан байх жишээтэй.
Бид мэдээллийн урсгалыг бид хорьж дийлэхгүй. Мэдээлэл хүргэх үүргээ биелүүлэхээс, мэдлэг дамжуулалт, иргэдийн боловсролд тулгуурласан сэтгүүл зүй хийхгүй байгаа гэж хардаг. Тухайн нийгэмд түрж буй мэдээлэл бүр иргэдэд хүрэх албагүй. Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байгаа, тэр чигээрээ айж байгаа, тэр чигээрээ зөв гэж талцаж хуваагдсан үндсэн чиглэлгүй хийссэн нийгэм л бий болоод удлаа.