Сэтгэлзүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.
-Нийгмийн бухимдалтай холбоотойгоор ч тэр юм уу хүмүүс сэтгэлзүйчид хандах нь түгээмэл болжээ. Танд хандаж байгаа хүмүүсийн цөм нь ямар шалтгаантай байна вэ?
-Янз бүрийн л шалтгаанаар хүмүүс ирдэг. Энэ бүгдээс анзаарахад ажлаас халшрах үзэгдэл түгээмэл болсон байна. Сэтгэл зүйн гутралтай холбоотойгоор хийж бүтээх урам зориггүй болсон хүмүүс ирэх юм. Тэднийг анзаарахад ид хийж бүтээх, гялалзаж явах залуус байгаа нь анхаарал татдаг.
-Таны тухайд кейсүүдэд дүн шинжилгээ хийж ажилладаг байх. Залуус ажлаас халшраад байгаа шалтгаан нөхцөл нь яаж харагдаж байна вэ?
-Төрийн ч, хувийн ч бай байгууллагын ажилтнуудын хоорондын харилцаа таагүй болсон байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хоорондын харилцаанд нэгнийгээ гадуурхах, ганцаардуулах, нэгэндээ атаа жөтөө санаж хорсох явдал түгээмэл болж. Энд би насанд хүрсэн хүмүүсийн харилцааны талаар ярьж байгаа юм шүү. Бүрэн төлөвшөөгүй жаахан охидын тухай биш. Төрийн байгууллага болоод хувийн хэвшилд ажилладаг ид хийж бүтээх эмэгтэйчүүдийн хоорондын харилцааны асуудлыг хөндөж байна. Тэд нэгэндээ атаархаж, янз бүрийн явуулга хийж нэгнийгээ ганцаардуулдаг, сэтгэл гутралд оруулдаг явдал олон кейсээс харагдлаа. Энд ганц жишээг л онцолъё. Нийслэлээс алслагдсан аймагт байршилтай сувилалд ажилладаг эмэгтэй зөвлөгөө авахаар хандсан юм. Ярилцаад үзэхэд өнөөх сувиллын ажилтнууд нь хотоос очиход нь ажиллах боломж олгодоггүй, эсэн бусын цуу яриа гаргаж, нийлж гадуурхсан байгаа юм. Энэ явдал даамжирч өнөөх эмэгтэй сэтгэл гутралд орж, хэрхэн даван туулах талаар надаас зөвлөгөө авсан. Ярилцах явцад ажлаасаа халширсан нь ил цагаан харагдсан.
Энэ мэтчилэн төрийн болон хувийн хэвшилд нэгнийгээ гаднах өнгө үзэмж, амьдралын нөхцөл байдлаар нь гадуурхаж сэтгэл санааг нь хямраадаг болж. Үүнээс дүгнэлт хийхэд ажлаасаа халшрах үндсэн шалтгаан нь эмэгтэйчүүд хоорондын таагүй харилцаа, хүйтэн хөндий уур амьсгал болсон нь хэд хэдэн жишээгээр батлагдлаа. Эндээс гарах үр дагавар нь илүү хортой.
-Энэ талаараа жаахан тодруулахгүй юу?
-Сэтгэл санаагаар унасан хүн өвчлөх нь амархан байдаг юм байна. Зүрх, толгой гээд эрхтнүүд нь өвдөнө. Хоол, унднаас гарах нь наад захын асуудал. Хоолноос шим тэжээл авч чадахгүй болохоор л өвчний суурь нь тавигдчихаж байна л даа. Гол нь залуу хүмүүс сэтгэл гутралд орж, эрүүл мэндээрээ хохироод байгаа нь харамсалтай.
Дахиад онцлоход энэ нь хамт ажиллагсдын таагүй уур амьсгал, хүйтэн хөндий харилцаа, гадуурхах үзэгдэлтэй шууд хамааралтай. Ажил гэдэг хүний хоёр дахь гэр байдаг. Ажил дээрх таагүй уур амьсгал гэр бүлд нь дам нөлөөлж байгаа нь олон жишээнээс ажиглагдсан. Хамгийн хортой нь сэтгэл гутралаас үүдэж, ажлаас халширна, цаашлаад хорт зуршилд татагдаж байна. Энэ их зах замбараагүй архидалт, тамхины хэрэглээ нэг талаараа ажлын байрны таагүй уур амьсгалтай холбогдож байна.
-Тухайн байгууллагадаа ч хор хөнөөлтэй байх нь?
-Энэ үзэгдэл мэдээж аль аль талдаа хор хөнөөлтэй. Ажлаас халширсан хүний хөдөлмөрийн бүтээмж муудна. Албан байгууллага нь тэр хэмжээгээр алдагдал хүлээнэ. Хүний нөөцийн хажуугаар боломжуудаа ч урсгаж байна. Байгууллагын ажил удааширдаг нэг шалтгаан нь ч энэ байж болно.
Нөгөө талд ажилтан сэтгэл гутралд орж, эрүүл мэнд эд эрхтнээрээ хохироод үлдэнэ. Жижигхэн тулга тойрсон асуудал мэт боловч хор хөнөөл нь ийм их.
-Ажлын байрны хүйтэн хөндий харилцааны нөлөөгөөр сэтгэл гутралд орсон ч үүнийгээ анзаарахгүй яваа тохиолдол байж болно. Ийм үед сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?
-Сэтгэл хөдлөлийн тодорхой шинжүүд байдаг. Тархины үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдолд орсноор амьдралын буруу хэвшлүүд үүсдэг. Гэнэт хэт их кофе уух, утсаа хэт их оролдох, идэвхгүй байдалд шилжих, ахуйн шинж чанартай
холбоотой буруу зуршлууд бий болох, нойргүйдэх, хэт их идэх эсвэл хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Иймд тархийг амраахад чиглэсэн зүйлсийг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Тайван орчин бүрдүүлээд сайн нойр авч, амрах гэх мэт. Түүнчлэн ойр дотны хэн нэгэнтэй ярилцах. Насанд хүрэгчдийн харилцааны хувьд хэнд нууцаа ярих вэ гэдгийг ухамсарладаг, тодорхой мэдрэмжтэй болсон байдаг. Ойр дотны, итгэлтэй хүмүүстэйгээ ярилцаж дараа нь тухайн найз нөхөд, эцэг эх нь мэргэжлийн хүнд хандахыг зөвлөдөг байх жишээтэй. Харин өсвөр насны хүүхдүүдийн хувьд найз нөхдийн орчинд хэтэрхий их хувийн асуудлаа хуваадаг талтай. Дараа нь нэгнийхээ итгэлийг эвдэх тохиолдол их. Хүүхдүүд санаандгүй байдлаар нэгнийгээ гомдоох тохиолдол гарч болно.
-Сэтгэл санаагаа удирдах, тогтвортой байлгах тал дээр та юу зөвлөх вэ?
-Сэтгэл хөдлөл байнга тогтвортой, өөдрөг байх боломжгүй. Хүн өөрөө нийгмийн бүтээгдэхүүн. Нийгмийн хүрээлэл дэх нөлөөллөөс шалтгаалаад сэтгэл хөдлөл тогтмол өөрчлөгддөг. Нийгмийн харилцааны хувьд өдөр тутамд аливаа зүйлсээс суралцаж, тодорхой сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг авснаар тухайн хүний зан төлөв, чиг баримжаа тогтдог. Иймд аливаа асуудлыг хүнд тусган авахгүй байх нь маш чухал. Нийгмийн харилцааны үед олж авсан, шаналал, гуниг аливаа эмгэгийг үүсгэх хүчин зүйл болдог. Олон жилийн өмнө сонссон үгэндээ ч шаналаад, голдоо ортол гомдчихсон, тэр хэмжээгээр өөртөө итгэх итгэл буурч, өөрийгөө хаадаг тохиолдлууд бий. Хүмүүстэй харилцахдаа өндөр хүлээлт тавьж болохгүй. Учир нь хүмүүс санаатай, санаандгүйгээр бусдадаа сэтгэл зүйн сөрөг цочрол өгч, сэтгэлийг нь гэмтээдэг.