Categories
мэдээ цаг-үе

Б.Баярсайхан: Хуульчид хүн судлаач байдаг

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Б.Баярсайхантай Монголын хууль зүйн боловсрол, эрх зүйн зарим асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд хэдийнээс багшилж эхэлсэн бэ?

-1994 оноос сургуульдаа Захиргааны эрх зүйн тэнхимд туслах багш болсноос хойш 28 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны болон тусгай албанд 10 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаандаа ч цагаар, гэрээгээр хэдэн цагийн лекц уншиж байна. Төрийн албанд хуулиар зөвшөөрөгдсөн ганц боломж нь сургалт, эрдэм шинжилгээний ажилд оролцох байдаг. Бусдаар бол боломжгүй. Их сургуулийн багш гэдэг нь оюутнууддаа мэдлэг түгээхийн тулд мөнхийн эрэл хайгуул хөдөлгөөнд байдаг ажил л даа. Байнга суралцах, судлах, судалгааны хийх гээд бараг л завгүй шахам хөдөлмөрлөдөг алба шүү. Нэг жилийн өмнө байсан мэдээлэл дараа жил нь өөрлөгдөөд бараг л эртний юм болчихоод байдаг болж дээ.

-Ер нь манайд хуулийн сургуулиуд олон байх юм. Энэ талаарх таны бодол ямар байдаг вэ?

-Манай улсад дэлхийн жишигтэй харьцуулбал хуулийн сургууль олон байна л даа. Тэр хэмжээгээрээ эрх зүйчдийг олон зуугаар нь төгсгөж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байгаа. Гэсэн хэдий ч зах зээлийн хуулиараа зарим нь мэргэжлээрээ ажиллаж, зарим нь өөр салбарт ажиллаж байна. Олон сургууль байгаа учраас чанаргүй хуульч төрж байна гэж хэлж болохгүй. Тэр сургуулиудад ч хуульч больё гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй, сэтгэл зүрхээ өгөөд суралцаж байгаа хүүхдүүд байгаа. Тэр сургуулийг төгссөн бол муу, эсвэл сайн гэж хэлэх боломжгүй.

Хуулийн олон сургууль байгааг үгүйсгэхгүй ч гол зүйл нь олон, цөөндөө ч биш юм. Ямар ч гоё сургууль багшлах боловсон хүчингүй бол удаан амьдарч чадахгүй. Тиймээс чадварлаг багшлах боловсон хүчинтэй байх зайлшгүй шаардлагатай. Сүүлийн үед манай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багшлах боловсон хүчний чадавх сайжирсан. Удирдлагууд багшлах боловсон хүчний цус сэлбэлт маш сайн хийж байна даа гэж би харж байгаа. Барууны өндөр хөгжилтэй орнуудад эрдмийн зэрэг цол хамгаалаад ирсэн залуучуудыг татан ажиллуулж ч байгаа. Энэ нь Монголын хууль зүйн боловсролд маш том оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Манай оюутнуудын ч ихэнх нь төгссөнийхөө дараа дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалж байна. Хүлээн зөвшөөрөгдсөн хуульчид болж байгаад нь үнэхээр сэтгэл хангалуун байдаг шүү. Тэд маань монголын хууль зүйн ертөнцийг дэлхийтэй ижилсүүлж байгаад нь баярлаж, бахархаж явдаг юм даа. Ер нь манай төгсөгчид, бидний шавь нар цаанаа л нэг өөр байдаг.

-Хуулийн чиглэлээр суралцаж буй оюутнууд төдийгүй суралцахыг хүсдэг хүүхдүүдэд захиж хэлмээр зүйл нь юу байдаг вэ?

-Хүүхэд, залуус хуульч болох гэж оролдож байна. Манай их сургууль дэлхийн жишиг рүү ойртсон арван семистртийн шахуу программтай байдаг. Энэхүү шахуу программыг давж байж л сая нэг хуулийн “А”-г гадарлаж төгсөж байгаа юм. Сургуулиа төгсөөд хууль зүйн техник ажилтнаар ажилласны дараа хуульчийн шалгалт өгч тэнцвэл хуульч болж байгаа нь тэр. Үүний дараа шүүгч, прокурор, өмгөөлөгч болох зам нь нээгдэнэ гэсэн үг л дээ. Хуульч болоход хамгийн багадаа долоон жилийн хөдөлмөр зарцуулдаг юм. Тэгэхээр багагүй хугацаа хэрэгтэй болж байгаа биз.

Хуульч болохыг хүсдэг хүүхдүүд эхлээд хуульч болох сэтгэлтэй, дуртай байх нь чухал. Эрдмийг сурч болно оо, гэхдээ хамгийн гол нь сэтгэл, зүтгэл юм. Хуульч гэдэг хүний зовлон, жаргалтай маш ойрхон байдаг мэргэжил. Тиймдээ ч хуульч хүн шиг хүн байх ёстой. Түүний дараа мэргэжилдээ сайн байх учиртай. Мэдээж тухайн мэргэжилдээ дурлаж сэтгэлээ өгч чадвал амжилт олж чадна. Зарим залуучууд хайран цагаа дэмий үрж байгаа тохиолдол ажиглагддаг л юм. Чадахгүй, хүсэхгүй бол мөнгө, цагаа үрэх хэрэггүй гэж шуудхан л хэлмээр санагдах үе бишгүй л байдаг. Мэдээж их сургуульд “Чи яагаад хичээлээ хийхгүй байгаа юм бэ” гэж хэн ч асуухгүй. Багш лекцээ л өгнө. Түүний дагуу оюутан өөрөө олж мэдэж, судлах зайлшгүй шаардлагатай. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг ардын сайхан үг бий шүү дээ. Өөрсдөө л хичээх хэрэгтэй. Ер нь тэгээд хүн бүр заавал ч үгүй дээд боловсролтой болох ч албагүй. Энэ мэргэжил сонголтон дээр эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид анхаармаар санагддаг юм. Ямартай ч би оюутнууддаа “Та нар сайхан амьдармаар байвал чөмгөө дундартал хөдөлмөрлө” гэж хэлдэг дээ. Зөвхөн хуулийн мэргэжлээр төдийгүй бусад мэргэжил эзэмших гэж суралцаж байгаа залуучуудад хэлэхэд сайхан амьдаръя гэж байгаа бол чөмгөөн дундартал зүтгэх, хөдөлмөрлө. Чадахгүй бол зах зээлийнхээ хуулиар нийгмийн гадна талд үлддэг жамтай юм шүү дээ.

Эрх зүйч, хуульчид хүн, нийгмийн олон талт харилцааг ойлгох гэдэг хамгийн том асуудал. Нийгмийн амьдралд хүн гэдэг амьтан ямар үүрэгтэй оролцож, ямар эерэг үйлдэл, сөрөг үр дагавар үзүүлдгийг бид маш гярхай ажигладаг байх ёстой. Тийм ч учраас хуульч бол хүн судлаачид байдаг юм. Түүнчлэн хүний их эмч хүний өвчнийг эмнэн, анагаадаг. Үүнтэй адил хуульч ч мөн ялгаагүй нийгмийг эмчилдэг. Тиймдээ ч улс орон болгон хуульч бэлтгэж, хууль зүйн боловсролын тогтолцоо, сургалтдаа маш их анхаарал тавьдаг. Монгол Улс ч анхаарч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудыг шинээр гарган мөрдөж байгаа нь хууль зүйн боловсрол, мэргэжлийн чадавх дэлхийн жишиг рүү хандаж байгаагийн нэг илрэл гэж боддог шүү. Мэдээж алдаа оноо байхыг үгүйсгэхгүй л дээ.

-Монголын хууль гурав хоног гэдэг шиг хуулиуд байнга л өөрчлөгдөж байх юм. Та хуульч хүний хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Хууль өөрчлөгдөх асуудал хэлбэрийн хувьд байдаг л зүйл. Харин өөрчлөлт нь хэр оновчтой байна вэ гэдэгт л асуудал байгаа юм. Нийгмийн амьдрал өөрөө хувьсан өөрчлөгдөж байдаг. Нийгэмд үргэлж шинэ харилцаа бий болж байдаг. Зарим харилцаа үгүй болох үе ч байхад бусад нь өөрчлөгдөж байдаг. Үүнийг дагаад хуулиудад нэмэлт өөрчлөлт ордог юм. Үүнийг амьд эрх зүй гэж үздэг. Амьд байх ёстой зүйл үхмэл болдог тал бий. Өөрөөр хэлбэл, тухайн эрх зүйн зохицуулалт нь нийгмийн хөгжлийн хурдыг гүйцэхгүй байна гэсэн үг. Эсвэл тэр харилцаа нийгэмдээ зохицохгүй болоод эхлэхээр тэр хуулийг хүн хэрэглэхээ болино. Тэгэхээр ямар нэгэн хэлбэрээр солихоос өөр аргагүйд хүрдэг дээ.

– Үндсэн хуулийг тогтвортой мөрдөж болдоггүй юм уу?

-Тогтвортой мөрддөг, огт өөрчлөгддөггүй Үндсэн хууль гэж үгүй. Тогтвортой гэдгийн цаана урт удаан хугацаанд мөрдөж байгаа, эсвэл анх батлагдсан цагаасаа хойш шинэчлэн батлаагүй гэх мэт ойлголтуудыг л хамруулан авч үзэх байх. Улс орон бүхэн л Үндсэн хуулиа төдийгүй бусад хуулиа ч гэсэн тогтвортой мөрдөхийг л эрмэлзэх нь мэдээж. Гэхдээ аливаа эрх зүйн хэм хэмжээ тогтвортой байна аа гэдэг чинь үндэсний хууль зүйн шинжлэх ухааны хөгжил, хүрсэн түвшинтэй шууд холбоотой асуудал. Хуулиудыг өөрчлөхийн тулд өөрчлөх шаардлагатай эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй бүхий л талаас нь судалж дүгнэлт хийх ёстой. Үүний дараа л хуулиудыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйд нийцнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, судлаачдын үгийг юунд түрүүнд сонс гэж хэлэх гээд байна л даа.

-Зарим хүмүүс “Монголд огт тохирохгүй хууль санаачилсан байна” гэх нь байдаг. Энэ тухайд?

-Энэ нь нийгмийн харилцаа, монгол хүнийг сайн судлаагүйгээс үүдэж байгаа хэрэг. Манай хуульчид нийгэм, монгол хүний эрх зүйн соёл ухамсар нь ямар вэ гэдгийг сайн судлахгүй байх шиг санагддаг. Судалгааны үр дүнг хууль тогтоогчид анзаарч, ажиллаж байх учиртай. Тэгж гэмээнэ эрх зүйн харилцааг нь ингэж зохицуулах нь үр дүнтэй гэдэг шийдлийг гаргана. Хамгийн боломжит хувилбарыг судлаачид санал болгодог гэж ойлгодог доо.

-Та Монгол Улсын түүхэнд орхигдсон Үндсэн хуулийг судалсан гэсэн. Судалгааныхаа ажлаас сонирхуулаач?

-Бидний судалгааны нэг чиглэл бол монголчуудын эрх зүйн соёл ухамсрын асуудал. Монголын эрх зүйн түүхэнд байсан Үндсэн хууль яах аргагүй л орхигджээ. Монгол Улс 1949 онд Үндсэн хууль баталжээ гээд шууд хэлэхэд буруудахгүй байх аа. Бидний судалгааны үр дүнг нэгтгэсэн “Монгол Улсын Үндсэн хуульт ёсны уламжлал” бүтээлээс дэлгэрүүлэн үзэж болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *