Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин орлогоос татвар авах шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс Төмөр замын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраатай ярилцлаа.
-Өндөр цалинтай иргэдийн орлогоос тогтмол татвар авах болсон шийдвэрийг төмөр замчид эсэргүүцэж байгаа юм байна. Эсэргүүцэж буй шалтгаанаа тайлбарлаж өгөөч?
-Хамгийн гол нь татвар нэмэхээр тогтоосон арга барил нь шударга бус байгаа юм. Үүнтэй л тэмцэж байна. Жишээлбэл, иргэдийнхээ амьжиргааг татварын бодлогоор хааж, боомилж байна. Нэг нь нөгөөхөөсөө илүү хөдөлмөрлөөд, илүү хүнд ажил хийгээд жаахан давуу цалин аваад эхлэхээр “Өө чи өндөр цалин авч байна. Тиймээс чамаас өндөр татвар авна” гэчихээр хүний хөдөлмөрлөх урам зориг мохож байгаа юм. Уг нь энэ хуулийг гаргахаасаа өмнө өндөр гэх цалин авч буй хүнд хөдөлмөрийн нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсээс асууж, санал бодлыг нь сонсож, судалгаа хийж байж үндэслэлтэйгээр, зөв тогтолцоогоор, татвар нэмэх ёстой байсан юм. Тэгэхгүй “би хууль мэддэг, хуулийг өөрчлөх, санаачлах эрх нь надад байна. Би дураараа ингэж шийдэж болно гэсэн байдлаар, хэдэн лобби бүлэг нь лоббидоод дийлэнх олонхоороо батлаад, явчихдаг нь л хамгийн буруу зарчим. Ялангуяа төмөр замчид бол хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Ажил хийгээд байгаа зүйл болохоос биш, зүгээр суугаад олж байгаа орлого биш.
-Цалингаас нь татвар авбал ямар, ямар хүндрэл үүсэхээр байна?
-Манай нэг машинист өчигдөр (уржигдар) энэ тухай ярьж байна лээ. Эхнэр гурван хүүхэдтэй, сарын 30 хоногийн 20 хоногт нь гэртэй байдаггүй. Байнга ажлаар явж таардаг. Нөхөр нь эзгүй шахуу байдаг тул ар гэрийнхээ бүх асуудлыг эхнэр нь зохицуулдаг. Хоёр бага насны хүүхэдтэй тул эхнэр ажил хийх ямар ч боломжгүй гэсэн үг. Хөдөө гадаа их явдаг, хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн ар гэрийн хүн нь ихэнхдээ ажил хийдэггүй. Тухайн хүн хөндлөнгөөс харахад өндөр цалин авч байгаа боловч, бүхэл бүтэн өрх гэрээ цалингаараа л тэжээж явдаг. Нийгмийн нэлээд ачааг үүрдэг хүмүүс.
Үүний учир шалтгааны олж харж, зохистой шийдвэр гаргаж, өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй. Татвар авч байгаа нөхцөлөө зөв болгох шаардлагатай л байгаа юм. Гэтэл далд эдийн засагтай, их орлого олдог татвараас ангид үлддэг маш олон хүн бий. Тодруулбал, төмөр замын 1000 машины зогсоолыг түрээслүүлж, өдөрт нэг машинаас хоёр мянган төгрөг бэлнээр хурааж авч байсан хүмүүсээс татвар авч чадсан уу. Төр засгийнхан нэг л их шатлал яриад, өндөр хөгжилтэй орон ингэж татвар авдаг гэх жишгийг ярих юм. Өөрсдөө тэгвэл ард түмнээ дэлхийн жишигт дүйцэхүйц цалинтай байлгаж чадаж байна гэдгээ харах хэрэгтэй.
-Багш нарын цалин нэмэгдүүлэх эсэргүүцлийг үл тоосоор чимээгүй болгож авсан. Одоо та бүхнийг эсэргүүцэхээр мөн л таг дуугүй гүрийх нь төрийнхөн. Хэрэв төмөр замчид ажил хаявал юу болох бол. Эдийн засгийн зогсонги байдалд ч хүргэж мэднэ биз дээ. Багш нар ажил хаях асуудлаас арай ялгаатай шүү дээ?
-Төмөр замчдыг хөндлөнгөөс ингэж хараад байдаг юм. Ялгаж үзэх гээд байдаг гэсэн үг. Эд нар өндөр цалинтай. Төмөр замаар Монголын ачаа тээврийн 80 гаруй хувийг тээвэрлэж байгаа монополь эрхтэй, тиймээс эд нар ажил хаячихвал Монголын эдийн засагт том нөлөө үзүүлнэ гэж хараад, төмөр замчид монополь шинж чанараа ашиглах гээд байна гэж харж байна. Түүний оронд энэ бол хөнгөн хөдөлмөр биш гэдэг талаас нь илүү ойлгоосой. Үнэхээр эрх баригчид шийдвэрээ эргэж харахгүй бол бидний дараагийн шатны тэмцэл нь ажил хаялт байна. Ажил хаялт үүсэхэд монголын эдийн засагт маш их хохирол учрах аюултай. Гэхдээ төрийн эрх баригчид биднийг тийм байдалд хүртэл битгий түлхээсэй, бидний шаардлагыг хүлээж аваасай л гэж бодож байна. Хаа, хаанаа ойлголцоод зөв замыг сонгох хэрэгтэй байна. Төмөр замчид татварыг бүрэн утгаар нь эсэргүүцээд байгаа юм биш. Улс үндэстнээрээ хэлэлцүүлэг өрнүүлээд, судлагаа хийгээд ул суурьтай эцсийн шийдвэрийг гаргасангүй гэж байгаа юм. Гэтэл хоёрхон сарын дотор лобби бүлгийнхэн яриад л шийдээд, бусдын цалингаас булаах болж байна. Тэтгэврийн насыг ч уртасгахыг ч бид эсэргүүцэж байгаа. Нас нь 55 хүрээд, физиологийн хувьд цуцсан хүмүүс 55 наснаас дээш хүнд нөхцөлд ажиллаж чадах уу гэдэг учир дутагдалтай. Төмөр замын хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс нас нь дөхөөд ирэхээр тэтгэвэрт гарах өдрөө хоног тоолон хүлээдэг. Хугацаа нь дуусах гэж байгаа батерей шиг ажиллаж байгаа юм. Тэдний самбаачлах хурд, залуу хүний чадвараас хамаагүй буурсан байдаг. Том хэмжээний гологдол сүйрэл гаргачихвал тэтгэвэрт гарахад авдаг мөнгөн тэтгэмжээ авч чадахгүй хэмжээнд хүртэл өрөнд орох аюултай. Ийм салбарт ажиллаж буй хүмүүсийн тэтгэврийн насыг нэмж болохгүй.
-Та бүхэн хэзээнээс эхлэн эрх баригчдад хандсан бэ. Нааштай хариу хэлэх янз байна уу?
-Өнгөрсөн 12 дугаар сард бид Нийгмийн бодлогын байнгын хороон дарга Баатарбилэгтэй уулзаж асуудлыг тавьсан. Биднийг хүлээж авсан, их хуралд энэ асуудлыг чинь оруулъя гэж хэлсэн юм. Ерөнхий сайд мөн адил бидэнтэй уулзаж асуудлыг хэлэлцэнэ, ярилцана гэж байсан. Түүнээс хойш чимээгүй байсаар, өнөөдрийг хүргэчихлээ тэд. Өмнө нь Эрчим хүч геологийн салбарынхан мөн татварыг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Уул уурхайнхан мөн ийм байр суурьтай байгаа. Бүгд л хүнд хортой нөхцөлд ажилладаг. Татвар нэмэх асуудлаа хойшлуулаач ээ. Бодлого шийдвэрээ эргэж хараач, ул суурьтай зүйл хийгээч гэдэг нийтлэг шаардлагыг л бид тавиад байгаа юм.
-Бусад хүнд нөхцөлд ажилладаг салбарынхантай нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлэх талаар ярилцаж байгаа юу?
-Яригдаж байгаа. Төрийн эрх баригчдаа эхлээд харж байна. Албан шаардлагаа хүргүүлж байна. Хуулийн хугацаанд хариу ирэхгүй, өөрчлөлт хийхгүй бол дараагийн шатны асуудлыг ярина.
-Төмөр замчдын дундаж цалин хэд вэ?
-Дундаж цалин одоогийн байдлаар нэг сая 260 мянга байна. Нийт төмөр замчдын 22 хувь нь нэг сая 500 мянгаас дээш цалинтай. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 15 мянган ажилчинтай. Тэдний 50 гаруй хувь буюу 7.771 хүн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаагаас 30 хувь нь эмэгтэйчүүд байна. Цалинг маань орлого гэж үзээд байгаа юм. Гэтэл нарийн яривал энэ бол орлого биш, хөдөлмөрийн хөлс. Хүнд хөдөлмөрөө наймаалсан зүйл. Хортой хүнд нөхцөлд энерги, эрүүл мэндээ зольж авч байгаа хөлс. Харин орлого гэвэл ширээний ард зүгээр сууж байгаад хүч заруулахгүйгээр гэнэ, гэнэт өчнөөн их мөнгө олохыг хэлнэ. Ийм далд эдийн засаг бий болгочихсон маш олон хүн байгааг тэгвэл тэд илрүүлсэн юм уу. Цалингаас татвар авах нь маш бүдүүлэг, бохир арга. Нэг сая 500 мянга гэдэг нь өнөөгийн нөхцөлд амьжиргааны баталгаа болж чадах уу. Цалингийн түвшин манай улсад бага байгаагаас болоод бүх асуудал үүсч байна. Эрүүл мэнд, боловсролын салбарын доройтол ч цалин багатай, ядуу байдлаас үүссэн. Хүн их ажил бүтээж, өндөр цалин авч, улсын хөгжил баялагт хувь нэмэр оруулж байж, улс хөгжинө. Гэтэл илүү их тэмүүлэлтэй, их хөдөлмөрлөж, хамгийн хүнд салбарыг үүрч яваа хүмүүсийнхээ идэвхийг сулруулж байна. Ер нь төрийнхөн иргэдээ ядуу л амьдруулах хүсэлтэй юм шиг харагдаж байна.