Categories
мэдээ нийгэм

Б.Батзориг: Малын вакцинаа эх орондоо үйлдвэрлэнэ

Хувийн хэвшлийнхний санал санаачилгыг Төрийн бодлого боловсруулагчдад хүргэх, оролцоог хангах зорилгоор зохион байгуулдаг “Business breakfast” өглөөний уулзалтын энэ удаагийн зочноор ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцлоо.

Уулзалтад ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон 80 гаруй бизнес эрхлэгч оролцон, ХАА-н салбарт тулгамдаж буй асуудлаар санал бодлоо хуваалцав.

Сайд Б.Батзориг “Манай салбарт хөгжлийн хувьсгал зайлшгүй хэрэгтэй байна. Мал эмнэлгийн ерөнхий газартай болсноор экспортоор гаргаж буй бүх бүтээгдэхүүнийг Мал эмнэлгийн ерөнхий газар хянах юм. Ингэснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, хяналт нэмэгдэнэ. Малын өвчлөлгүй, эрүүл байдлыг хангах, аюулгүй хүнсээр ард иргэдээ хангах, МАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад энэ нь чухал ач холбогдолтой. “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд вакцинаа Монголд үйлдвэрлэх зорилт тавьсан. Хэрэв хөрөнгө мөнгөний боломжгүй байдал үүсвэл зөвхөн ОХУ-аас вакцин авна. Энэ нь эргээд хариуцлага тооцоход ч амар” гэв.

Тус яамнаас Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байгаа. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр арьс шир, ноос ноолуур, мах, сүү, талх, нарийн боов, жимс, жимсгэнэ гээд ХАА-д суурилсан боловсруулах үйлдвэрийг 21 аймагт байгуулна. Аймаг бүрийн онцлогт тохирсон үйлдвэртэй болох юм. Мөн манай улсын малын тоо 66.2 саяд хүрсэн бөгөөд энэ жил 22 сая төл хүлээж авна. Үүнээс гарах түүхий эд, бүтээгдэхүүнээ чанаржуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргахаар төлөвлөж байгаа гэлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Бид өнөөдөр малчдаа анхаарах ёстой. Хоршооллыг дахин байгуулах шаардлагатай. Гэхдээ өмнө нь байсан хоршоодын гашуун дутагдлыг давтахгүй байх ёстой. Иргэд хөдөлмөр, өмчөөр нэгдэн, хоршоогоор дамжуулан малын түүхий эдээ авдаг байх хэрэгтэй. Хоршооноос бусад хэлбэрийг Зүүн Европ хориглодог. Энэ хэлбэр руу орох ёстой. Хэдэн дарга, сайд нарыг харах биш, танхим, хоршоолол дээрээ бодлогоо хамтдаа хийж, асуудлаа шийдэх хэрэгтэй байгаа юм. Хамтрахгүй ганц нэгээрээ үйл ажиллагаа явуулснаар бид түүхий эдээ бусдад алдах магадлал их байгаа” гэв.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, “Хүнс хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсад хамгийн их ажлын байр, иргэдийг орлоготой болгодог салбар. Энэ уулзалтаар хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнээ хэрхэн экспортлох, ямар бодлого шийдвэр хэрэгтэй байна вэ гэдэг дээр алдаа оноогоо дүгнэн ярилцлаа. Энэ салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг бизнесийнхэн хэлж байна. Тухайлбал, хөнгөлөлтэй зээл, зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах, жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгож байгаа зээлийн хэмжээг нэмэх шаардлагатай байгаа талаар нэлээд саналууд ирсэн” хэмээн дүгнэж хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *