Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Зээлийн хүүг зах зээлийн зарчмаар бууруулах нь зөв

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-“Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох” тухай хуулийн төслийг УИХ-д С.Эрдэнэ гишүүн өргөн барьсан. Ер нь зээлийн хүү өндөр байгаад юу нөлөөлж байна вэ?

-Зээлийн хүүг бууруулах асуудал ард иргэдийн хүсэн хүлээж байгаа хүлээлттэй асуудал. Манайд зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засгийн хөгжил муу, авч хэрэгжүүлж байгаа бодлого нь оновчгүй, хэрэгжилт нь сул, үр ашиг хангалтгүй байгаатай холбоотой.Зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос олон төсөл, хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлж ирсэн боловч хүү буурсангүй.

Үүнд манай макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээл, зээлийн эрсдэлүүд өсч, бизнесийн идэвхжил суларч, өсөлт саарсан нь голлон нөлөөлж байна.

-Өргөн баригдсан хуулийн төсөл хэрэгжиж зээлийн хүү буурах боломжтой юу?

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох замаар хүүг бууруулж, хэрэглэгчдийн эрх ашиг, аж ахуйн нэгжүүдийг өрийн дарамтаас хамгаалах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэ хуулийн төслийг өргөн барьсан гэж байгаа. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэдэг нь хадгаламжийн дээд хязгаарыг тогтооно гэсэн үг. Яагаад гэвэл зээлийн эх үүсвэрийн 70 орчим хувийг хадгаламж эзэлж байна. Хадгаламжийг иргэд урт, дунд, богино хугацаагаар банкинд хадгалуулдаг. Хадгаламжийн дээд хязгаар тогтоох чиглэлээр ямар судалгаа байгааг мэдэхгүй юм. Ямар ч байсан судалгаа хэрэгтэй. Олон улсын туршлагаас харахад зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох захиргааны арга нь амжилт олох магадлал бага гэж үздэг. Зээлийн хүү өндөр, нам байх нь тухайн улсын эдийн засгийн чадавх, авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнтэй холбогдож тогтож байдаг маш нарийн үзүүлэлт учраас тэр. Чадавх болон авч буй арга хэмжээний үр дүн муу үед захиргааны аргаар тогтоовол банкны салбараа татаж унагаах, эдийн засагт эрсдэл үүсгэх магадлал өндөр гэж үзэж байна. Харин Макро эдийн засгийн сайн бодлого, оновчтой хууль эрх зүйн орчинг бүрдүүлж зах зээлийн зарчмаар бууруулах нь зөв.

-Банкуудыг зээлийн хүүг буулгахгүй мөнгө хүүлж байна гэдэг. Энэ хэр бодитой дүгнэлт вэ?

-Манай зээлийн хүүгийн жилийн дундаж хүү 2018 оны статистикаар 18.3 хувь байна. Үүний 12.6 хувийг хадгаламжийн хүү эзэлж байна. Зөрүү нь 5.7 хувь байгаа. Үүний дөрөв орчим хувийг нь даатгалын хураамж, эрсдэлийн сан, үйл ажиллагаа, татварын зардлууд, хадгаламжийн хүүгийн орлого эзэлдэг. Үлдэж буй 1.6 орчим хувь нь банкны ашиг байдаг. Эндээс харахад ямар нэгэн хэлбэрээр мөнгө хүүлээд байгаа байдал харагдахгүй байгаа юм. Мөнгө хүүлэлт гэдэг нь өөрийн давуу байдлаа ашиглан, зах зээлийн үнээс хэт өндөр, нөгөө талдаа илт хохиролтой байдлаар хүү тогтоож, хэлцэл хийснийг хамруулж үздэг. Харин хадгаламж, зээлийн хоршоо, ББСБ, зарим иргэд, ААН-ийн өдрийн болон хугацаатай зээлүүд дээр асуудал бий. Зээлийн зардал ийм өндөр байгаа нь алдаатай бодлогоос үүдэлтэй учир үр дүн таагүй гараад байна.

-Тэгэхээр зээлийн хүүг бууруулахын тулд алдаатай бодлогоо засах нь хамгийн чухал байх нь.

-Хамтын хүчин чармайлтаар макро тогтвортой орчин, хөгжлийг бүрдүүлж байж түүний үр дүнд зээлийн хүүг бууруулна. Зээлийн хүүг бууруулахад Монголбанк мөнгөний, Сангийн яам төсвийн, Засгийн газар бүтцийн өөрчлөлтийн бодлогуудыг зөв үр дүнтэйгээр дунд, урт хугацаанд хэрэгжүүлсэний үр дүнд бий болно. Зээлийн хүү буурахгүй байгаа гол шалтгаануудын нэг бол инфляци. Инфляци буюу үнэгүйдлийг нам түвшинд байлгаж чадсангүй. Сүүлийн 10 жилд төгрөгийн ханш ам.долларын эсрэг жил бүр зургаан хувиар суларсан. Ханш сулрах тутам зээлийн хүү өснө. Ханш сулраад байгаа учир дотоод мөнгөний захад долларжилт идэвхтэй явагдаад байна. Долларжилт идэвхтэй явагдаад байгаа учир зээлийн хүү буурахад сөргөөр нөлөөлөөд байна. Ханшаар өдөөгдсөн үнэгүйдэл нийт инфляцид голлох хувийг эзэлж байна. Инфляци өндөр үед зээлийн хүүг бууруулах тухай яриад ч хэрэггүй. Өнөөдөр чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 16.1 хувийг эзэлж байна. Мөн чанаргүй, муу зээл өсөх тутам зээл олголт багасч, зээлийн хүү өснө. Манай гадаад нийт өр 28.7 тэрбум ам.доллар болжээ. Сүүлийн үед Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Засгийн өр ДНБ-ний 57 хувь болж буурч байгаа нь сайн үзүүлэлт. Гэхдээ нийт өр өндөр байгаа нь зээлийн хүүг бууруулах боломжийг багасгаад байгаа юм.

Зээлийн хүүг бууруулахад сөргөөр нөлөөлдөг бас нэг үзүүлэлт бол гадаад валютын албан нөөц юм. Манай валютын нөөц 2016 оны эхний хагаст нэг тэрбум болтлоо буурч байсан. Сүүлийн үед Засгийн газар, Монголбанкны идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд 3.8 тэрбум ам.доллар болж өссөн нь сайн үзүүлэлт. Гадаад валютын албан нөөцийг ҮАБЗ-ийн зөвлөмжид заасан хэмжээ болох 6.4 тэрбумд хүргэж, ханшаар өдөөгдөх инфляцийг хазаарлаж байж банкны хүү буурах тухай ярина. Дараа нь дотоод хуримтлалыг маш сайн нэмэгдүүлэх шаардлагатай. Манай 2019 оны төсвийн орлого нэмэгдэж байгаа боловч төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байна. Энэ алдагдлыг ДНБ-д харьцуулахаар бага тоо гардаг боловч таван төгрөг олоод зургаан төгрөг зараад яваа нь зээлийн хүү буурахад сөргөөр нөлөөлөөд байгаа хэрэг.

Түүнчлэн ашигт малтмалын салбар дахь алдаатай бодлогыг засах, уул уурхайн томоохон төслүүдийг төрийн өмчийн оролцоотой эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг бодлогоор дэмжих, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх замаар дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжиж эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болгох арга хэмжээг ч авах ёстой. Мөн банкуудын засаглалыг сайжруулах, олон нийтийн болгох, хөрөнгийн биржид бүртгэлтэй болгох, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, дахин хөрөнгөжүүлэх, зардлыг бууруулах, чадавхыг нэмэгдүүлэх гэх мэт олон асуудлыг шат дараатай авснаар зээлийн хүү аажимдаа жамаараа буурна. Сүүлийн жилүүдэд банкны хүү жил бүр бага багаар буурч байгаа. Гэхдээ шаардлагын хэмжээнд хүрч буурахгүй байгаа нь алдаатай бодлогоос үүдэлтэй.

-Банкуудын засаглалыг сайжруулахын тулд яах ёстой бол?

-Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилд банкны үйл ажиллагаа эрхлэх 37 зөвшөөрөл олгосон байдаг. Өнөөдөр 13 банк ажиллаж байгаа нь эдийн засгийн хэмжээтэй харьцуулбал олон л байгаа юм. Банкны үйл ажиллагаа эрхлэх эрх авангуут хоорондоо зээлийн эх үүсвэрийн төлөөх тулаан хийцгээж, хадгаламжийн хүүг өндөр тогтоож байна. Энэ нь зээлийн хүү өндөр тогтох гажуудал үүсгэж, одоо ч түүнийгээ засч чадахгүй байна. Манай банкуудыг голдуу 1-2 хүн үүсгэж байгуулдаг. Тиймдээ ч эздийн өөрийн хөрөнгө дутагдалтай, олон нийтийн болгох сонирхолгүй, хөрөнгийн биржид бүртгэлгүй, дотоод, гадаад талаас хөрөнгө босгох чадвар сул учраас зээлийн хүү буурахад сөрөгөөр нөлөөлж байгаа нь үнэн. Банкуудын орлого олдог активын хэмжээ бага байгаа нь бас сөрөг нөлөөтэй. Монголд бизнес хийх ялангуяа санхүүгийн бизнес хийх эрсдэл өндөр, засаглал нь сул байна гээд маш олон зүйлийг ярьж болно.

-Манай улсын зээлжих зэрэглэл муу байгаа учраас гаднаас хямд эх үүсвэр олж чадахгүй байна гэдэг. Энэ тухайд?

-Манай зээлжих зэрэглэл 2016 онд САА1 болтлоо буурч, жилийн 10.4 хувийн хүүтэй зээл авсан тохиолдол бий. Зээлжих зэрэглэл гэдэг тухайн улсын эдийн засгийн чадавхыг дүгнэж байгаа хэрэг. Олон улсын захаас 10.4 хувийн хүүтэй зээл авч байгаа улсад хөгжил байхгүй. Ийм зээл авч байгаа удирдагчдыг дэндүү хариуцлагүй гэж хэлэхэд ч багадана. Сүүлийн үед эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлттэй холбогдуулж манай зээлжих зэрэглэл В1 болж дээшилж, авч буй зээл 5.4-7.5 хувийн хүүтэй байна. Тухайлбал, АНУ ын зээлжих зэрэглэл ААА1 буюу хамгийн сайн дээд үзүүлэлтийг хангаж байгаа тул жилийн 1.75 хувийн зээлийг авдаг. Олон улсын зээлжих 20 зэрэглэлээс манайх дороосоо гуравт байгаа нь муу үзүүлэлт юм. Энэ 20 зэрэглэлийн 10 аас доош зэрэглэлийг “ХОГ” гэдэг юм билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *