-Бид байгалийн ба ялгаа бүс нутгийн үнэд ч хүргэ ж худалдаалж чадахгүй байна –
УИХ-ын гишүүн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг та эдийн засагч хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-Юуны өмнө хэдэн тоо баримт дурдах нь зөв болов уу. Монгол Улсын 2022 оны жилийн эцсийн эдийн засгийн үзүүлэлт сайнгүй гарсан. Эдийн засаг 4.5 хувийн өсөлттэй гарсан. Хоёрдугаарт, гадаад худалдааны тэнцэл 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан боловч эдийн засгийн өсөлтийн үр өгөөж, хүртээмж сайн биш. Үүний нэг жишээ нь, өрхийн орлого 0.7 хувиар буурсан. Нөгөө талаас гадаад худалдаа 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан ч төлбөрийн тэнцэл 726 сая ам.долларын алдагдалтай гарсан. Эдийн засгийн өсөлтийн өгөөж муу гарсан гэдэг нь үүнээс харагдаж байна.
Хоёрдугаарт, худалдааны ашгийн өгөөж муу дүнтэй гарсан нь харагдаж байна.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт бараа эргэлт 5.7 тэрбум ам.доллар байсан. Үүнээс экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.доллар байна. Энэхүү зөрүүнээс гадаад худалдаа 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан хэмээн дүгнэж болно. Өнгөрсөн жилийн эхний улирлын байдлаар 230 сая ам.долларын ашигтай байсан. Тэгвэл энэ жил 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарч байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд дандаа алдагдалтай байсан. Тэгвэл энэ нэгдүгээр улиралд 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. Энэ бол их сайн үзүүлэлт л дээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улиралд 5.1 их наяд төгрөг болсон. Энэ бол өмнөх оны мөн үеэс 29.6 хувиар өссөн гэсэн үг. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх өр зээлийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улиралд 4.1 их наяд төгрөг болж улсын тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарч байгаа нь ийм учиртай.
Эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцлийн урсгал дансны тэнцэл эхний хоёр сарын гүйцэтгэлээр 191.6 сая ам.доллар, хөрөнгийн дансны тэнцэл 0.5 сая ам.долларын ашигтай гарсан. Харин санхүүгийн дансны тэнцэл 85.7 сая ам.долларын алдагдалтай гарсан.
Манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2022 оны жилийн эцсийн байдлаар 5033 ам.доллар болсон. 2020 онд 4128 ам.доллар байсан. Өөрөөр хэлбэл, 2020 оныхоос 21.9 хувиар өссөн гэсэн үг. Энэ мэтчилэн эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч байна. Энэ нь авлига хээл хахууль, хулгайтай тэмцэж байгаагийн нэг үр дүн гэж хэлж болно. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд нүүрсээ биржээр дамжуулж худалдаж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт ийнхүү эерэг өөрчлөлтүүд гарч байна гэж үзэж байна.
-Үнийн хөөрөгдөл өнөөдөр том асуудал хэвээр байна. Үнийн хөөрөгдлийг богино хугацаанд тогтворжуулах, буулгах арга хэмжээг та хэрхэн харж байна вэ?
-Өнөөдөр Монголд үүсч байгаа энэ хүндрэл бол ойрын хугацаанд бий болчихсон юм биш. Нэг, хоёрхон жилийн асуудал ч биш. 30 жилийн бодлогын алдаа өнөөдөр ингэж гарч байна. Үүнийг засахад тодорхой хугацаа хэрэгтэй. Нэг хоёр жилийн дотор шийднэ гэж хэлэхэд төвөгтэй. Эдийн засагт гарч байгаа энэ нааштай үзүүлэлтүүд үнийн хөөрөгдлийг бууруулахад тодорхой хэмжээгээр үр нөлөөгөө өгнө гэж ойлгож болно. Тухайлбал, нэг ам.доллар 3530 төгрөг байсан. Тэгвэл өнөөдөр 3495 төгрөг болчихсон байна. Монгол төгрөгийн ханш тогтворжиж, ам.долларын эсрэг ийнхүү чангарч байна гэдэг нь үнийн хөөрөгдлийг тогтоон барихад ач холбогдолтой арга хэмжээ болно. Манай улсын инфляци, үнийн хөөрөгдлийн зонхилох хувийг ханшийн уналт эзэлдэг. Тиймээс ханш тогтвортой болж, чангарч байна гэдэг нь инфляцийг бууруулах үндсэн нөхцөл болно. Тиймээс энэ мэтчилэнгээр цаашид эдийн засгаа зөв удирдаж, зөв арга хэмжээг хэрэгжүүлбэл инфляци, үнийн хөөрөгдөл буурна. Ханш тогтворжино. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж сайжирна.
-Монгол төгрөг ам.долларын эсрэг 40-өөд төгрөгөөр чангарсан нь гэрэлтэй мэдээ боллоо. Ер нь ам.долларын эсрэг монгол төгрөгийн ханш чангарч, өсдөггүй гэх ойлголт өнгөрсөн хугацаанд бидэнд байлаа шүү дээ. Тэгвэл монгол төгрөгийн ханшийг чангаруулах боломж байна уу?
-Байлгүй яах вэ. Үүний тулд нэгдүгээрт, баялгийн менежмэнтээ зөв хийх хэрэгтэй. Монголоос гарч байгаа баялгийг дэлхийн зах зээлийн үнэд хүргэж худалдах ёстой. Худалдаж байгаа үнэ, хэмжээ бүхнийг ил тод болгох ёстой. Татвараа зөв төлөх ёстой. Татвар зөв төлснөөр улсын сан хөмрөг арвижна. Тэр хэмжээгээр Монгол Улсын эдийн засагт нааштай үр өгөөж үзүүлнэ. Төрийн албан хаагчдын цалин, мөн тэтгэвэр тэтгэмж, халамжийн хэмжээ өснө.
Энэ мэтчилэнгээр үр өгөөж нэмэгдэнэ. Үүний тулд өнөөдөр хийх хамгийн гол ажил нь баялгийн менежмэнтийг сайн хийж байж цаашид үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.
-Дэлхий нийтийн эдийн засгийн байдал, ковидын хүнд үетэй холбоотойгоор Монголын аж ахуйн нэгжүүдийн байдал хүндэрсэн. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжээ дэмжихийн тулд баялгийн менежмэнтээс гадна нэн тэргүүнд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна вэ?
-Хувийн хэвшлийг дэмждэг хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт, урт хугацаатай, бага хүүтэй зээлийг хувийн хэвшилд олгох. Хоёрдугаарт, татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Гуравдугаарт, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг төр худалдаж авах хэрэгтэй. Дэлхий нийтээр мөрдөгддөг ийм гурван арга бий. Тиймээс энэ гурван аргыг сайн хэрэгжүүлж ажиллавал төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлээ дэмжихэд тодорхой ахиц дэвшил гарна.
-Хувийн хэвшлийнхэн татварын дарамт их байна гэдэг. Тухайлбал, АМНАТ дээр давхар авдаг хэмээдэг. Татварын таатай орчноор дэмжихийн тулд ямар арга хэмжээг авбал зохистой вэ?
-Ер нь манайд хоёр алдаа байна. Бусад улс орны сайн туршлагыг харахад байгалийн баялгийг ашиглах лицензийг олгохдоо нэгдүгээрт, хөрөнгийн чадвартай. Хоёрдугаарт, мэргэжлийн. Гуравдугаарт, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад олгодог. Гэтэл манайх хүссэн бүхэнд нь олгодог. Энэ нь наймааны хэрэгсэл болчихсон. Бидний нэгдүгээр алдаа энэ. Харин хоёрдугаарх нь, бид өнөөдрийг хүртэл байгалийн баялгаа дэлхийн зах зээлийн үнэд биш юм аа гэхэд бүс нутгийн, Хятадын зах зээлийн үнэд хүргэж худалдаж чадахгүй байна. Нүүрсээ ч тэр, төмрийн хүдрээ ч тэр. Түүнчлэн манай аж ахуйн нэгжүүд АМНАТ их байна. Давхар авч байна гэдэг. Угтаа АМНАТ татвар биш. АМНАТ бол төлбөр юм. Үндсэн хуулийн 6.2-т газрын баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан байгаа. АМНАТ-өөр дамжиж байгалийн баялаг ард түмэнд очиж байгаа мөнгө шүү дээ. Тиймээс АМНАТ их байна, давхар авч байна гэх хэрэггүй. Хамгийн гол нь Монголын ард түмний мэдэлд байдаг баялгийг лицензээр ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс тэрхүү баялгийг дэлхийн, эсвэл бүс нутгийн зах зээлийн үнэд хүргэж худалдах ёстой. Хоёрдугаарт, тэрхүү бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээ, боловсруул. Нүүрсээ угаадаг ч юм уу, төмрийн хүдрийг баяжуулдаг ч юм уу ийм байдлаар нэмүү өртөг шингээж бүс нутаг, дэлхийн зах зээлийн үнэд хүргэж худалдах шаардлагыг тавих ёстой.
Манайхан татвар их байна гээд байх юм. Дэлхийн банк болон ОУВС-ийн гаргасан судалгаанаас үзвэл Монгол Улс хамгийн бага татвартай орны тоонд ордог. Монголын нийт татвараас голлох үүрэгтэй нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар байдаг. Гэтэл Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн 96 хувь нь нэг хувийн татвар төлж байгаа шүү дээ. Тиймээс Монголд татварын хувь хэмжээг багасгах боломжгүй. Олон улсын байгууллагууд ч бидэнд татварын хувь хэмжээгээ шатлалтай болго хэмээн зөвлөдөг. Их орлоготойгоос их, бага орлоготойгоос бага татвар авах нь зөв шүү дээ.
-Манайх татварын таатай орчинтой юм бол гадны хөрөнгө оруулагчид манайд орж ирэхгүй байгаа шалтгаан нь юу вэ. Гадны хөрөнгө оруулагчдыг татъя гэвэл татварын таатай орчинтой байх ёстой гэдэг шүү дээ?
-Гадны хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрэлдүүлэх ёстой. Монголд татвар их байна гэсэндээ гадныхан зугтаагүй. Гадны хөрөнгө оруулагчид зугтсан олон шалтгаан бий шүү дээ. Тухайн үед гадны хөрөнгө оруулагчдыг монголчууд хашраасан. Өмч хөрөнгө, лицензийг нь булааж авсан. Бий болгосон тодорхой баялгуудыг нь дээрэмдсэн зэрэг асуудлууд байдаг. Хоёрдугаарт, тээвэр ложистиктой холбоотой хүндрэлүүд ч их байна. Далайд гарцгүй. Төмөр замын тээвэр байхгүй зэрэг асуудлууд байна. Гуравдугаарт, эрх зүйн орчноо сайн бүрдүүлэх ёстой. Хөрөнгө оруулалтын хуулийг ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Энэ хуульд гадны хөрөнгө оруулалтыг татах таатай заалтуудыг нэлээд сайн тусгах ёстой. Манай зах зээл жижиг учраас гадна талдаа хүмүүсийн анхааралд төдийлөн сайн өртөхгүй байна. 3.4 сая хүн амтай. Хажуу талдаа 1.4 тэрбум хүн амтай зах зээл байна. Тиймээс зах зээл жижиг болохоор гадны хөрөнгө оруулагчдыг татах нь бага байна. Ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах сонирхол их байдаг. Хайгуул хийгдээд нөөц нь тодорхой болчихсон гадныханд санал болгох лицензүүд байхгүй байна шүү дээ.
Төр баялгийн менежмэнтээ сайн хийж чадахгүй байгаа учраас гадны хөрөнгө оруулагчид итгэж орж ирэхгүй байна. Төр тодорхой хэмжээнд баялгийн менежмэнт, хайгуул, ашиглалтын бодлогуудыг зөв хийж чадвал гадныхан орж ирэх боломжтой. Түүнчлэн зам харилцаа, тээврийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Өнөөдөр тавигдсан төмөр замууд бүгд мухар байна. Мухар төмөр замууддаа шилжүүлэн ачих цогцолборыг байгуулах хэрэгтэй.