Categories
мэдээ цаг-үе

Б.Батсүх: Даяаршсан дэлхийд хэнд ч, аль ч түвшинд ажиллах боломж нээлттэй болсон

-OIE-Д АЖИЛЛАЖ МОНГОЛ УЛСЫНХАА НЭРИЙГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ГАРГАХ ӨНДӨР ХАРИУЦЛАГА ИРЛЭЭ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА-

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтан, малын их эмч Б.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)-д Монгол Улсаас анх удаа ажиллах урилгыг авчээ.

Та өөрийгөө товч танилцуулаач. Малын эмч мэргэжлийг яагаад сонгов?

-Би Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрж өссөн. Аав минь малын эмч, ээж хүний эмч мэргэжилтэй. Бага байхаасаа л УАЗ 469-ийн дунд хайрцаг дээр суугаад л аавтайгаа дуудлагад явдаг байлаа. Жаахан томроод туслах ажилтан, жолооч гээд л бүх л хар бор ажлыг хийлцэж мал эмнэлгийн ажилд дадлагажиж өссөн дөө. Аавтайгаа хамт ажиллаж байсан цаг хугацаа миний хувьд насан туршид минь хэзээ ч мартагдахгүй сайхан он жилүүд байсан. Бурхан болсон аавынхаа хийж амжаагүй ажлыг үргэлжлүүлнэ гэж бодож санаж явдаг даа. Тиймээс ч аавынхаа мэргэжлийг өвлөж, удам дамжсан малын эмч болох зорилготойгоор 2001 онд ХААИС-д элссэн хэрэг. Сургуулиа 2006 онд төгсөөд Монгол, Америкийн хамтарсан “В.И.Т.Н.Э.Т” ТББ-аас ажлын гараагаа эхэлж байлаа. Тэнд гурван жил төслийн зохицуулагч, малын эмчээр ажиллаад Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд элсэн суралцаж төгссөн.

Төрийн бус байгууллага гэхээр хөдөө аж ахуйн салбарт ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?

-Миний ажиллаж байсан “В.И.Т.Н.Э.Т” төрийн бус байгууллага хувийн мал эмнэлгүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, төсөл хэрэгжүүлдэг. Тиймээс мянга гаруй мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд мал эмнэлгийн чиглэлийн хичээл заах ажилд оролцож, эх орноо хэд, хэд тойрсон. Хичээл заахын тулд тухайн зүйлээ маш сайн мэддэг байх ёстой, тэгээд ч оюутнуудад биш малын эмч нарт өөрсдийнх нь мэддэг асуудлаар хичээл орно гэдэг амаргүй ажил. Тиймээс заах гэж байгаа асуудлаа нэлээн судлах шаардлага гардаг. Мөн зуны улиралд мэргэжил нэгт гадаад нөхөдтэй хамт хөдөө орон нутгаар явж хувийн мал эмнэлгийн эмч нартай цуг өвчтэй мал эмчлэх зэргээр практик дээр хамтран ажиллаж мал эмчлэх тал дээр туршлага хуримтлуулж, малын эмчийн нэлээн дөртэй болсон доо. Удирдлагын академиа төгсөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газарт орж Хил дамжин халдварлах гоц халдварт өвчин, гадаад харилцааны мэргэжилтэн албан тушаал дээр ажиллаж эхэлсэн. Тэнд ажиллаж байхдаа Швейцарийн хөгжлийн агентлагийн С.Батсайхан захиралтай Мал аж ахуйн төсөл (одоогийн Малын эрүүл мэнд)-ийн санхүүжилтээр 2011-2013 онд Швейцарийн Бернийн Их сургуульд суралцаж, “Шүлхий өвчний голомтын дараахь хяналт удирдлага” сэдвээр магистр хамгаалсан.

Бернийн их сургуульд суралцах эрхээ яаж олж авсан бэ?

-Удирдлагын академи төгссөнийхөө дараа “Өдрийн сонин”-оос ажлын зар хайж байгаад Швейцарийн хөгжлийн агентлагийн тавьсан зарыг олж уншсан. Ингээд зарын дагуу англи хэлээр эссэ бичиж, анкетаа хамт явуулсан. Дараагаар нь агентлаг дээр ярилцлаганд орж, Бернийн их сургуульд онлайн скайфаар ярилцлага шалгалт өгсөн. Энэ сайхан мэргэжлийн буян дээрээс нь бага зэрэг англи хэл сурч байсны хүчинд суралцах эрхтэй болсон болов уу.

Таныг Монголоос анх удаа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад ажиллах гэж байгаа гэж сонссон. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг, хэр олон улсыг гишүүнээр элсүүлсэн юм бол?

-Дэлхийн мал амьтны байгууллага (OIE)-ын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газарт бүсийн төслийн зохицуулагчаар ажиллахаар болсон. Тус байгууллагын Ерөнхий захирал Бернард Валлатаас урилга ирсэн, удахгүй явах гэж байна. Монгол Улсынхаа нэрийг олон улсын түвшинд гаргаж, нэр хүндтэй авч явах өндөр хариуцлага ирж байна гэж ойлгож байгаа. OIE нь 1924 онд байгуулагдсан. 2014 оны байдлаар тус байгууллага нь 180 гишүүн оронтой. Манай улс1989 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм билээ.Дэлхийн 180 улсын мал эмнэлгийг нэгтгэсэн энэ байгууллага мал амьтны эрүүлийг хамгаалах, мал эмнэлгийн салбарт дагаж мөрдөх стандартыг баталж, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний олон улсын худалдааны үйл ажиллагаанд ихээхэн үүрэгтэй оролцдог. Мөн дэлхий дахинд гарч байгаа мал амьтан, малаас хүнд халдварладаг халдварт өвчинтэй хамтран тэмцэх, сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, мал эмнэлгийн салбарт эрүүл ахуй болон шинжлэх ухааны чиглэлээр хамтран үйл ажиллагаа явуулж байна. OIE-ийн төв нь Парист байрладаг. Тэнд ажиллах урилга ирсэн ч Монгол Улс харъяалагддаг гэдэг утгаар нь Ази, Номхон далайн бүсийг сонгосон хэрэг. Төлөөлөгчийн газар нь Токиод байрладаг юм.

Тэнд ажиллах эрхийг яаж авсан бол?

-Өөрийнх нь сайт дээр нээлттэй ажлын байрны зар байдаг юм. Тэр дагуу анкетаа явуулсан. Төд удалгүй ажиллах урилга ирсэн.

-OIE-ийн гишүүн байхын ач холбогдол юу вэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шиг манайд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг үү?

-Мал аж ахуйн орны хувьд тус байгууллагын гишүүн байна гэдэг маш их ач холбогдолтой. Дэлхий дахинд байгаа мал, амьтны халдварт өвчний талаарх мэдээллийг цаг алдалгүй хүлээж авч, мэдээлэл өгөх боломжтой. Мөн дэлхий дахины мал эмнэлгийн бодлого, стандартыг OIE гаргадаг. Дээрх асуудлаар хурал, семинар хийх, мэргэжилтнүүдийг чадавхижуулахад манайд багагүй тусламж үзүүлдэг. Өнгөрсөн онд манай улсад шүлхий өвчин гарахад 300 мянган тун вакцин тусламжаар нийлүүлсэн. Үүний өртөг гэхэд 900 сая төгрөг байх жишээтэй.

Мөн мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг олон улсын худалдаанд оруулахад энэ байгууллагын нөлөө их. Олон улсын худалдааны хорио цээрт өвчнүүдээс “эрүүл гэдэг” статусыг энэ байгууллага өгдөг байх жишээтэй.

Манай улс гадаадад мах, амьд мал гаргах талаар олон жил ярьж байгаа. Тэгвэл эрүүл гэдэг баталгааг нь гаргаж өгдөг энэ байгууллагаас манайх хэр дүн авдаг бол?

-OIE-аас хөндлөнгийн шинжээчид ирж Монгол Улсын мал эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, мал эмнэлгийн албыг чадваржуулах зорилтот үнэлгээ, тус салбарын хууль эрх зүйн үнэлгээ гэсэн гурван чиглэлд үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргасан байдаг. Ингэхдээ Монгол Улсын мал эмнэлгийн бүтэц тогтолцоо олон улсын шаардлагад нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг үндэслэн Мал эмнэлгийн бүтэц тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх тухай Монголын Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мөн зөвлөмж гарсан байдаг. Зөвлөмжийн гол санаа нь мал эмнэлэг мэргэжлийн нэгдсэн бодлого, хяналт, удирдлагын тогтолцоотой байх ёстой гэж заасан. Жишээ нь малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг Мал эмнэлэг үржлийн газар, хянах үүргийг засгийн газрын тохируулагч агентлаг мэргэжлийн хяналтын газар хүлээдэг гэх мэт. Энэ нь эргээд бид нарын яриад байдаг хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй болгодог. Мал эмнэлгийн байгууллага бол улс төр, бизнесийн салбараас ангид мэргэжлийн, шинжлэх ухаанд суурилсан шийдвэрийг гаргаж ажиллах ёстой хамгийн чухал салбаруудын нэг. Дэлхийн олон улсууд олон улсын худалдаанд оролцохдоо мал эмнэлгийг тоглоомын дүрмэндээ гол “хөзөр” болгон ашиглаж оролцдог. Мал эмнэлгийн байгууллага гэдэг малчны хотноос зочны ширээ рүү хүртэлх хүнсний аюулгүй байдалтай холбоотой бүх асуудлыг хариуцан ажилладаг томоохон бүтэцтэй, чухал салбар. Тиймээс улс төрийн оролцоо аль болох бага, тогтвортой байвал цаашид хөгжихэд илүү үр дүнтэй болно.

Таны араас OIE-д монголчууд ажиллах боломж хэр байгаа бол?

-Мал эмнэлгийн салбарын бодлого тодорхойлогч, дэлхийн түвшний байгууллагад олон монгол хүн ажиллаасай гэж хүсдэг. Тэр утгаараа аль болох гүүр болж ажиллана. Даяаршиж байгаа энэ дэлхийд хэнд ч аль ч түвшинд ажиллах боломж нээлттэй байгаа гэж ойлгодог. Хамгийн гол нь бид тэр түвшинд ажиллаж чадахуйц мэдлэг, чадвараар өөрсдийгөө хөгжүүлж өөрөөр хэлбэл хэзээд бэлэн л байх хэрэгтэй.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *