Categories
мэдээ нийгэм

Б.Батдаваа: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна DNN.mn

Дэлхийн эдийн засгийн өсөлт 3.1 хувьд хүрнэ

Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваатай түүхий эдүүдийн үнэ, цаашдын төлөвийн хүрээнд товчхон ярилцлаа.


Монгол Улс энэ онд 18 сая тонн нүүрс экспортлох зорилттой байгаа. Нүүрсний экспорт сүүлийн саруудад нэмэгдэж байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад оны төгсгөл гэхэд ямархуу үр дүнтэй байх бол?

-Манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн огцом буурч эхэлсэн. Шалтгаан нь цар тахлын дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас хилийн дэглэм, арга хэмжээ авч авсантай холбоотой. Харин сүүлийн хоёр сарын хугацаанд эргэн сэргэж байна. Тухайлбал, долдугаар сард нүүрсний экспорт гурван сая тонн хүрлээ. Өөрөөр хэлбэл, 2019 оны экспортын түвшинд хүрч байна гэсэн үг. Таны дурдсанчлан өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн төсвийн тодотголоор өнөө жил 18 сая тонн нүүрс экспортолж орлогоо бүрдүүлнэ гэсэн төсөөлөл хийсэн. Оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 11 сая тонн нүүрс экспортлоод байна. Ингээд харахаар 18 сая тонн нүүрс экспортлох боломж хангалттай байна. Хэрэв БНХАУ-ын талаас ч юм уу, бусад шалтгаанаар хил гаалийн хязгаарлалт тавьж, экспортын биет хэмжээ буурах нөхцөл байдал үүсэхгүй бол төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортлох боломжтой.

-Коксжих нүүрсний үнэ тонн нь 1490-1530 юань орчимд хэлбэлзэж байна. БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний үнэ үргэлжлэн өсөх төлөвтэй байгааг “SXCoal”-аас мэдээлсэн. Коксжих нүүрсний үнэ цаашид өссөн хэвээр байх болов уу?

-Хувь хүний зүгээс хэлэхэд түүхий эдийн үнийн хүрээнд төдийлөн эерэг хүлээлтгүй байна. Дэлхий даяар инфляцийн нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбоотойгоор томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ нэмж байна. Эдийн засгийн бодлогоо хумих арга хэмжээ авч эхэлсэн. Энэ бүхэн түүхий эдийн үнэд гарцаагүй сөргөөр нөлөөлнө. Сая хэлсэн шалтгаанууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулах учраас түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлнө гээд байна л даа. Манай экспортын гол түүхийн эдийн худалдан авагч БНХАУ-ын хувьд цар тахлын эсрэг авч яваа хатуу арга хэмжээний нөлөөгөөр эдийн засгийн өсөлт нь удаашрах нөхцөл байдал харагдаж байна. Тиймээс түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсөх магадлал маш бага. Хэдэн сарын өмнө зэсийн үнэ тонн нь 9000-10.000 ам.доллар байсан бол одоо 7000 гаруй ам.долларт хэлбэлзэж байна. Нүүрсний үнэ ч мөн урд хил дээр сүүлийн хоёр сар дараалан буурлаа. Нэмж хэлэхэд, манай экспортын гол бүтээгдэхүүн бол коксжих нүүрс. Гангийн үйлдвэрлэл, аж үйлдвэрт голлон ашигладаг нүүрс учраас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилтэй шууд хамааралтай.

-Зэсийн үнэ тонн нь 7000 ам.доллар давлаа. АНУ, БНХАУ-ын харилцаа хурцдаж байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд анхаарал татаж байна. Дэлхийн нөхцөл байдал манай зэсийн экспортод хэрхэн нөлөөлөх бол?

-Дэлхийн аж үйлдвэрийн гол индикатор бол зэсийн үнэ. Зэсийн үнэ идэвхжээд ирэхээр үйлдвэрлэл сэргэж эхэллээ, унавал үйлдвэрлэл буурч байна гэдэг энгийн дүгнэлтүүд байдаг. АНУ, БНХАУ-ын улс төрийн хурцадмал байдал худалдааны дайны нөхцөл байдал бий болгож, даамжруулах вий гэдэг дэлхий дахинд сорилт дагуулж байгаа. Дэлхийн худалдааны сүлжээнд АНУ, БНХАУ голлох байр суурь эзэлдэг. Энэ хоёр улсын эдийн засаг бие биенээсээ маш их хамаардаг. Эдийн засгийн өсөлтийн удаашралаас шалтгаалаад зэсийн үнэ буурах эрсдэлтэй байж магадгүй. Харин дунд болон урт хугацаанд нь харвал, дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулах чиглэлд анхаарч байна. Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй техник, технологийн хэрэглээ улам нэмэгдэх нь тодорхой боллоо. Эко хэрэглээнийн гол орц нь зэс учраас энэ түүхий эдийн эрэлт цаашид ч буурахгүй гэж харж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *