Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батчулуун: Популизм зөвхөн улс төрд илэрдэг эд биш, философид ч байна

Философийн ухааны доктор Б.Батчулуунтай ярилцлаа.

-Философич гэхээр С.Молор-Эрдэнэ шиг хүмүүс гэж олонх ойлгодог, хардаг болчихлоо. Зарим үзлийг хүлээж авч сошиалаар давалгаалаад, заримыг нь эсэргүүцээд байгаа харагдах юм. Таныхаар С.Молор-Эрдэнэ философич мөн үү?

-Шууд мөн, биш гэж хэлэх хэцүү. Тайлбар хэрэгтэй асуулт байна. Ер нь философич хүн ямар ч сэдвээр ярьсан тухайн сэдвийн философийн ойлголтууд үнэртдэг. Эрх чөлөө гэсэн сэдвээр ярилаа гэж бодъё. Эрх чөлөөний тухай философийн ойлголт нийтийн санаа бодол, төсөөллөөс огт өөр эд шүү дээ. Философийн чиглэлээр эрх чөлөөний тухай хэн ямар зохиол бичлээ, ямар категориуд байдаг билээ гэх мэтээс эхэлнэ. Жон Стюарт Миллийн нэг сайн зохиол бий.

Түүнээс өмнөх цаг үед аж төрж явсан Платон, Аристотель гэх мэт философичдын бүтээлд энэ тухай санаанууд байгаа. Эрих Фроммийн “Эрх чөлөөнөөс дайжихуй” байна.

Оксфордын их сургуулийн профессор Исай Берлин гэж философичийн “Эрх чөлөөний тухай хоёр ойлголт” гэсэн ном бий. Эрх чөлөө гэдгийг өөрийнхөө санаснаар биш өмнө нь философичид тэр талаар яаж философидож байсныг уншаад, тэрнийх нь буруу, энэнийх нь сайн гэсэн шүүлтүүрээр шүүж ярих ёстой л доо.

Ямар ч сэдвээр ярьсан үнэхээр философид орсон хүн л бол хүссэн хүсээгүй, өөрийн эрхгүй өмнө нь тэр сэдвийнх нь талаарх философи термин, категориуд санаанд нь орж ирдэг.

Тэгээд тэр бүхнийг үг яриандаа өөрийн эрхгүй хэрэглэдэг. Өгүүлэл, эсээ, ном бичсэн ч, ярилцлага өгсөн ч, жирийн яриа хөөрөө өрнүүлсэн ч өөрийн эрхгүй тухайн сэдвээрх философийн терминийг хэрэглэдэг. С.Молор-Эрдэнээс тийм юм харагддаггүй.

-Мэргэжилдээ орох, мэргэших гэж ярьдаг даа. Тэрэнтэй агаар нэг ойлголт гэсэн үг үү. Философидоо ордоггүй ч гэх юм уу?

-Тэгж ойлгож болох юм. С.Молор-Эрдэнэ санаанаасаа яриад байх шиг харагддаг. Үүнээс гадна хүмүүсийг элэг бариад байх шиг.

-Элэг барих гэдгийг та ямар утгаар хэлэв?

-Эд нар ямар философи мэдэх биш гэсэн маягтай хандлага анзаарагддаг.

Философич хүнд тийм сэтгэлгээ хандлага угаасаа байдаггүй. Эртний Грекийн философич Эпикур нэг удаа “Чамд эрүүл бие хаатай юм шиг харагдах нь чухал уу, эсвэл жинхэнээсээ эрүүл чийрэг байх нь чухал уу. Яг үүн шиг философич юм шиг харагдах нь чухал уу, яг жинхэнэ философич байх нь чухал уу” гэж хэлсэн байдаг.

С.Молор-Эрдэнийн үгийг сонсох бүр энэ үг санаанд буудаг. Гэлээ гээд дайсан мундсан биш шүүмжлээд суух бас хэцүү. Чамайг онцолж асуусан болохоор л бодол дүгнэлтээ хэллээ.

-С.Молор-Эрдэнэтэй философичийнхоо хувьд эрүүл маргаан мэтгэлцээн өрнүүлье гэсэн бодол төрж байсан уу, танд?

-Тийм бодол байдаг. Маргаан мэтгэлцээн өрнүүлэх гэснээс би чамд бодитой нэг жишээ ярья. Өнгөрсөн хоёрдугаар сард Э.Бат-Үүл над руу утасдав аа. “С.Молор-Эрдэнэ та хоёрын дунд нэг дискусс хиймээр санагдлаа. Би модератор хийе. Оролцох уу” гэж байна.

“Тэгье” л гэлээ. Тэгсэн чинь мань эр хугацаа хэлээд “С.Молор-Эрдэнээс асууя” гээд утсаа тавьчихдаг юм. Хэлсэн хугацаа нь ч дөхлөө. Залгаад асуусан чинь Үүл “Их хачин юм болсон. Молор-Эрдэнэтэй ярьсан чинь бодоод хариу өгье гэсэн юм. Дараа нь залгасан, утсаа авдаггүй. Сүүлдээ утсыг нь туслах нь аваад Молор-Эрдэнэ тэр ярилцлагад оролцохгүй гэсэн гээд утсаа тавьсан хө” гэж байна.

-Ямар ч шалтгаан хэлэхгүйгээр үү?

-Харин тийм. Уг нь ямар нэг шалтгаан хэлмээр. Мань хүний амнаас өлхөн гарах нэг үг бий л дээ (инээв). Тэрийгээ ч хэлээгүй юм билээ.

-Ямар үг?

-“Батчулуун шиг жижиг амьтантай маргаж мэтгэхгүй” гэж даналзах хүн байхгүй юу. Үүлээс сонссоноор бол иймэрхүү л юм болсон. Үүл тэр үед надад “Би чамайг оролцоно гэж хэлдэггүй байж” гэж билээ. Тэгээд л өнгөрсөн. Философийн боловсролтой л бол ямар ч сэдвээр ярьсан өөрийн эрхгүй философийн категори ашигладаг. Өнгөц харсан хүнд “Ямар их цэцэрхдэг нөхөр вэ” гэж санагдаж магадгүй. Тэртэй тэргүй л орж ирдэг зүйл л дээ. Тийм юм харагдахгүй байхад би “Жинхэнэ философич” гэж хэлж чадахгүй.

-Гэхдээ зарим яриа, лекцийг нь сонсохоор “Үнэхээр зөв яриад байна даа” гэсэн бодол төрдөг. Жишээ нь олонд хүлээн зөвшөөрөгдсөн тэр мэт санаануудаас нь философи үнэртдэг үү?

-Ер нь энгийн хүн ойлгоод байвал ямар юмных нь философи байх вэ дээ. Философи гэдэг чинь яг математик, физиктэй адилхан мэдлэгийн тусгай салбар. Их сургуулийн физикийн багшийг уриад онолын физикийн юм яриулбал энгийн хүн шууд хүлээж авахгүй. Бүгдэд нь ойлгомжтой, бүгдэд таалагд-даг, эсвэл бүгд ойлгоод эсэргүүцдэг бол мэдлэгийн тусгай салбар гэхэд хэцүү. Нэг зүйлийг онцолж хэлэхэд популизм зөвхөн улс төрд илэрдэггүй эд.

-Та нэг ярилцлагадаа Жан Жак Руссог айх ёстой, үзэл санааг нь шууд авбал аюултай философич гэсэн утгатай зүйл ярьсан байсан. Руссо яагаад аюултай гэж?

-XVIII зууны төгсгөл үеийн францчууд мундаг л даа. Вольтер, Дидро, Руссо гээд. Насны зөрүү байгаа ч эднийг оросоор “ровесник” буюу “нэг үеийнхэн” гэдэг юм.

Руссо философичдоос нэг зүйлээрээ их алдаршсан хүн. Тэгш ёсны санаагаараа. Нийгэмд амьдрах улс ойролцоо амьжиргаатай байх гэх мэт яриа, санаагаараа олонд их таалагдсан философич л доо. Францын хувьсгалын оюун санааны угтал болсон хүн.

Тэгш ёс, тэгш эрх, тэгш байдлыг тунхагласан учраас Маркст маш их таалагдсан. Гэтэл хүн гэдэг амьтан уг чанараараа тэгш биш улс шүү дээ. Сэтгэн бодох, хөдөлмөрлөх чадвар, авьяас гээд бүх талаараа тэгш биш. Нэгэнт өөрийнхөө уугуул шинжээр ондоо юм бол үр дүн нь өөр өөр байх ёстой.

Өөрөөр хэлбэл амьдрал нь өөрөөр байхаас аргагүй. Ямар ч авьяасгүй, сэтгэн бодох чадвар нь хэт сул, залхуу хүнийг авьяастай, сэтгэн бодохдоо гойд, хөдөлмөрч нэгэнтэй адил байлгах ёстой гэхээр танд ямар санагдаж байна.

-Тэгэх аргагүй л дээ.

-Тийм шүү дээ. Хэрвээ тэгвэл залхуу, хойрго, тэнэг нь хөдөлмөрч, ухаалаг, боловсролтойгоо монждог, хождог, мөлждөг нийгэм бий болно.

-Товчхондоо Руссогийнхоор аж төрвөл социализм, коммунизмын замаар алхах нь ээ?

-Тэгнэ. Тэр утгаараа тэгш ёс бол тун халгаатай үзэл, хандлага. Бололцооны тэгш байдлыг олгох, гарааны тэгш байдал гэж яривал өөр хэрэг.

-Яруу найрагчдаас гэхэд л шүлгийг нь давтаж унших бүртээ өмнөхөөсөө илүү дурлаж, илүү гүн сайхныг нь олж хардаг найрагч гэж байдаг даа. Яг үүн шиг номыг нь ахин дахин сөхөж, үзэл, хандлагыг нь ухах тусам илүү гүн гүнзгий учир утгыг мэдэрдэг гүн ухаанч гэвэл та хэнийг онцлох вэ?

-Сократыг онцолно. Даанч Сократын өөрийнх нь зохиол хүн төрөлхтөнд үлдээгүй. Платоны диалогуудаар дамжиж ирсэн. Платон зохиол бичихдээ багшийнхаа санаануудыг бичиж үлдээсэн байдаг юм. Сократ амьдралын хэв маягаараа ч жинхэнэ философич хүн. Бидэн шиг их сургуульд очихоороо хэдэн оюутанд философи ярьчихаад, тэндээс гарахаараа олныг дагасан, олонд таалагдах гэсэн амьдралын хэв маягаар аж төрөөгүй. Гэрт, гадаа хаана ч философичоороо аж төрсөн.

-Сократын үгнээс санаанд чинь байдаг ганц өгүүлбэр хэлээч?

-“Би юу ч мэдэхгүйгээ мэдэж байна” гэсэн үг нь онцгой. Сократын ээж нь эх баригч байсан гэдэг. Мань эр өөрийнхөө диалогийн маргааны аргыг эх барих гэсэн агуулгаар нэрлэсэн байдаг юм. Хар багцаагаар зүйрлэвэл нөгөө хүн нь нэг юм ярихаар хариуд нь өнөөхийг нь ухдаг арга гэмээр юм уу. Ингэсээр байгаад нөгөө хүнээ ялдаг арга.

“Би үүнийг баттай мэднэ” гэж баттай ноттой ойлгож байсан зүйлийг нь эргүүлчихдэг арга. Маргагч тал нь “Надад үнэхээр энэ чигийн мэдлэг алга” гэсэн бодолтой үлддэг байсан хэрэг л дээ. Эсвэл цоо шинэ мэдлэг гаргаж иртэл нь яриа өрнүүлдэг.

-Хүн төрөлхтөнд философи юу өгөв, философичид үгүй бол дэлхий яах байсан бол гэж ирээд яривал урт яриа өрнөх байх шүү…?

-(Инээв). Тэгнэ л дээ. Ер нь хүн философидохгүй амьдарч чадахгүй амьтан гэдгээс эхэлнэ. Ямар ч түвшний мэдлэгтэй хүн философиддог. Сэтгэдэг хүний үндсэн шинж бол өөрийн эрхгүй философидох шүү дээ. Тариачин хүн бие нь муудаад хэвтэрт ороход толгойд нь есөн зүйлийн бодол эргэлдэнэ ээ дээ.

“Би энэ ертөнцөд амьдрахдаа ямар үйл хийлээ” гэдгээс эхлээд бодол хөврүүлнэ. Метафизик гэж ярьдаг даа. Мета шинжтэй болох тусмаа аливаа мэдлэг философилог болдог. Физик, астрономийн мэдлэг мета шинжтэй болох тусмаа философилог болж байна гэсэн үг. Философи гэдэг үгийг анх хэрэглээнд оруулсан хүн нь Пифагор. Пифагорийн теорем гэхээр хүн бүр мэднэ.

Математикийн мэдлэг чинь өөрөө софи мэдлэг. Бүр тодруулж хэлбэл зөвхөн философийн мэдлэг софи мэдлэг байдаггүй. Дөрөв гэхээр дөрвөн хүн ч байж болно, дөрвөн алим ч байж болно. Гэхдээ алимны тухай, хүний тухай ярихгүй. Дөрөв гээд хийсвэрлэ, тэгээд л болоо. Заавал бодитоор барьж үзэх гээд байх юм үгүй. Энэ чинь өөрөө софи мэдлэгийн шинж Пифагороос нэг хүн “Та ер нь яадаг хүн бэ” гэж асууж л дээ.

Мань эр хариуд нь “Би софи мэдлэгээр занималддаг, софи мэдлэгтэй ноцолдож суудаг хүн” гэсэн байдаг. Саявтар Францын хоёр автор философи гэж юу вэ гэсэн асуултыг хөндсөн ном бичсэн байсан.

Модтой ноцолдоод суудаг хүнийг мужаан гэж хэлнэ, тэр хүнийг модны найз хэмээн үзэж болно гэсэн өгүүлбэр тэр номонд бий.Тэр номонд “ойлголт”гэж хийсвэр зүйлтэй ноцолддог хүнийг философич гэж тодорхойлсон байдаг. Ширээ гэдэг бол софи ойлголт биш, баригдаж харагдаж байгаа учраас. Харин өртөг, хувьсгал гэдгийг харж үзэж чадахгүй. Тэгэхээр софи мэдлэг гэдэг цаанаа заавал материаллаг зүйл байх албагүй гэж ойлгож болно.

Гэхдээ би их бүдүүвчилж ярьж байгаа шүү. Баригдаж харагддаггүй учраас хүнд шууд ойлгогдохгүй байх тал бий.

-Таны ярилцлагуудаас нэг санаа тод анзаарагдсан. Нийгмийг цөөнх түүчээлдэг, тэр цөөнх философийн мэдлэгтэй байж улс хөгждөг гэсэн санаа. Философийн суурь мэдлэгтэй улсын тухайд иргэдийнх нь сэтгэлгээ цэгцэрчихдэг, сэтгэлгээ нь цэгцэрсэн хүмүүс сэтгэл хөдлөлөөрөө юу ч хамаагүй ярьж, үйлддэггүй гэдэг утгаар хэлсэн гэж ойлгосон…?

-Тэгж ойлгож болно л доо. Барууны өндөр хөгжилтэй улсууд физик, химийн шинжлэх ухаантай үүсэхээс нь танилцсан бол бид хорьдугаар зуунд л шинжлэх ухааны энэ салбаруудтай танилцсан. Философи ч ялгаагүй. Бид энэ ухаантай хорьдугаар зуунд л танилцсан улс. Философи гэж юу вэ гэхээр хүн бүр өөр өөрөөр тодорхойлдог л доо. Нэг тодорхойлолтыг нь онцолъё.

“Философи бол рефлекс мөн” гэсэн барууны тодорхойлолт бий. Психологийн рефлекс гэсэн ойлголт биш шүү. Болзолт, болзолт бус рефлекс биш. Өөрийнхөө бодож байгааг олон дахин янз бүрээр эргэцүүлсэн эргэцүүллийг рефлекс гээд байгаа юм. Философи яг энэ л дээ. Ярьж хэлж буй үг болгон чинь чиний оюун ухааны шүүлтүүрээр орсон байх ёстой гэсэн санаа.

Шатрыг оросоор “Трагедия одного хода” гэж тодорхойлдог. Утгачилж буулгавал “Нэг л буруу нүүвэл эмгэнэлтэй төгсгөлд хүрнэ” гэсэн санаа бүхий үг. Тийм учраас шатарчин хүн нүүдэл хийхийн тулд асар их боддог.

Яг түүнтэй адил философийн термин категори хэрэглэдэг хүн тэр категорио маш олон талаас эргэцүүлдэг. Насаараа философи уншсан хүн аман дээр гарсан үгээ хэлээд, санасан зүйлээ шууд үйлдээд явдаггүй.

-Манайд санасан үгээ шууд хэлж, бодсон зүйлээ шууд үйлдэл болгож алддаг жишээ олон. Тэр дундаа шийдвэр гаргагчдын дунд маш тод анзаарагддаг. Сүүлийн жишээ гэхэд л Үндсэн хуулийн Цэцийн даргын Солонгосын авиа компанийн үйлчлэгчтэй холбогдсон кейс байна. Философийн наад захын суурь мэдлэггүй иргэдтэй улс үндэстэнд иймэрхүү алдаа их анзаарагддаг гэвэл та санал нийлэх үү?

-Санал нийлнэ.

-Улсаа аятайхан хөгжүүлчих юмсан гэсэн бодол, хүсэлтэй сэхээлэг хэсэг цөөн хувь ч гэлээ байна. Шийдвэр гаргагчдын хувьд ч гэсэн тийм санаа бодолтой хүмүүс бий. Тэдэнд философийн цэгцтэй ойлголттой болоход тус болохоор зөвлөгөө өгөөч, унших философич, судлах чиг ч гэх юм уу…?

-Шууд гүнзгийрсэн ном уншихад ойлгож, буулгахад хэцүү. Гэхдээ “Цэгцтэй сэтгэх урлаг” гэх мэт сайн номуудыг орчуулж хэвлэж байна. Математик логик энэ тэрээ больё гэж бодоход формаль логикийг эзэмшихэд тун зүгээр ойлгоод уншчихад л болно.

Парадоксуудыг харж, ухвал сайн. Худалчийн парадокс, сахал хусагчийн парадокс, хотын даргын парадокс, өндөг тахиа хоёрын анхдагчийн парадокс гээд олон парадокс бий. Тайлбарыг нь сонсоод уншаад өнгөрөх биш, бодоод үзэх хэрэгтэй. Бодлого бодохтой адилхан шүү дээ. Зуун галууны, шүдэнзний гэх мэт агуулгатай бодлогуудтай адилхан.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *