Categories
мэдээ цаг-үе

Б.Батчулуун: Аливаа үндэстэн өөрийгөө шүүмжлэхгүй, манайх шиг магтаад л байх юм бол улам бүр дорддог

Философийн ухааны доктор Б.Батчулуунтай ярилцлаа.


-Манай нийгэм нэг л болохгүй байна, нэг л биш ээ. Улс орон, эх орон минь буруу тийш яваад байна. Монголчууд бид болохгүй байна гэх боллоо?

-Миний үеийнхэн их сонин юм үзэж байгаа улсууд шүү дээ. Социалист нийгмийн үед би Монгол Улсын их сургуулийн философийн тэнхимд багшилж байлаа. Дараа нь нийгэм солигдлоо. Хүн төлөвшчихсөн үедээ хоёр өөр нийгмийг, шилжилтийн үеийг үзнэ гэдэг сонин юм л даа. Энэ байдал нь нөлөөлж байж таарна. Хуучин нийгмийн мораль устаад шинэ ёс суртахуун тогттол бас юм болно. Мэдээж ийм нэг хэрэг шалтгаан байгаа байх.

Хоёрдугаарт, бидэнд хатуу тогтсон мораль байгаагүй үндэстэн гэдэг нь ч бараг үнэн. Зарим үндэстэн тогтчихсон шашны номлолтой. Хятадууд Күнз гэнэ. Япончууд Шинтоизм гэдэг юм уу, баруун тийшээ Христийн номлол ч байдаг юм уу. Амьдарч, ажиллаж байхад нь үргэлж л цаад талаас нь удирдаж байдаг зүйлээр хэдэн зуун жил явчихсан ард түмэн. Гэтэл бидэнд тогтчихсон мораль гэж юм маш бага байсан. Ялангуяа хуулиар сэтгэнэ гэдэг манайд бүр ч байхгүй. Хууль гэдэг чинь бичиг үсэгтэй ард түмний дунд тогтчихсон байдаг байхгүй юу. Монголд 1921 оноос өмнө 95-96 хувь нь бичиг үсэггүй байсан болохоор “Үүнийг хийвэл буруу, ингэж хийвэл зөв” гэсэн юм тогтоогүй байсан байх нь. Буддизм гэхээр өөр хэл, төвдөөр уншдаг. Номлолыг нь тайлбарладаг улсууд нь төвд хэл мэддэг байж байж номлолыг орчуулж тайлбарладаг байсан. Бөөгийн шашин гэж бас нэг хүчтэй юм байна. Энэ мэтчилэнгээр хараад байхаар манайд тогтсон мораль гэж байгаагүй.

-Шилжилтийн бус үед ч монголчууд моральгүй явж ирсэн юм биш үү?

-Ер нь бид шилжилтйн бус үед ч гэсэн моралийн хүмүүжил муутай байсан. Нэг юм бодож байснаа өөр юм ярина. Өөр юм ярьж байснаа өөрөөр үйлдэнэ. Хэн нэгэн бодох нь өөр, ярих нь өөр, үйлдэх нь өөр ийм гурван төлөв гаргахаар бусад хүн гайхахгүй. Бүх хүн тийм юм чинь. Энэ байдал нь маш түгээмэл болчихсон. Нэгнийхээ ярьж байгаад монголчууд хэр баргийн үнэмшдэггүй. “Энэ худлаа даа. Надад л ингэж ярьж байгаа. Эсвэл зурагтаар гарч байгаа болохоор ийм юм ярьж байгаа. Цаанаа өөр л юм бодож байгаа” гээд индэр дээр бүр ч өөрөөр үйлдэнэ гэдгийг бүгдээрээ ойлгодог болчихсон. Энэ чинь байгаагаараа байдаггүй байдлыг л илэрхийлчихсэн. Энэ нь улам бүр гаараад байна уу даа гэж бодогдоод байгаа юм. Энэ нь улс төр, жирийн хүмүүсийн бизнест ч илэрч байдаг. Хулхиддаггүй бизнес гэж хаа ч байхгүй болчихлоо. Улстөрчид нь дандаа худлаа ярьж байхад нь гайхдаггүй. Ёс бус юм ёс болчихоод байна шүү дээ. Энэ байдал их удаан үргэлжлээд байна. Маш гүн уг сурвалжтай байгаа юм, манайд.

Япон 1860-аад онд Мэижигийн шинэчлэл эхэлсэн ч түүнээс өмнөх үед байсан мораль нь яг тэр хэвээрээ үлдсэн. Тэр нь бараг одоо ч байгаа юм чинь. Ямар ч нийгэм солигдсон ч 200 жилийн өмнөх мораль нь байгаад л байгаа юм. Манайд хоёр дүр гаргах гэдэг зүйл хэдэн зуун жилийн уламжлалтай. Европийн капиталист нийгэмд оршин тогтнож байсан улсуудын үг, хэл хоёр нь бараг л зөрөхгүй дээ. Үйлдэл нь хааяа нэг зөрөх нь зөрөх л байх. Худлаа хэлэхээр маш их гайхдаг.

-Хамгийн наад захын жишээ гэвэл цаг барих байна?

-Тэр шүү дээ. Манайд худлаа ярихад нэгийгээ жигшдэггүй. “Улстөрчид яахав дээ, урьдны хүмүүс нь ч бүгд худлаа яриад л гараад ирсэн. Худлаа ярьж л байдаг” гээд хүлээн зөвшөөрдөг болчихсон ард түмэн чинь өөрсдийнхөө амьдралыг хэцүү болгоод байгаа юм.

-Энэ байдал хэр удаан үргэлжлэх юм?

-Удаан үргэлжилнэ. За яахав дээ, бид энэ тэнд ажлаар нэг, хоёр жил ажиллаж явсан. Миний хувьд жар хүртлээ наслахдаа хамгийн удаан хамт байсан ард түмэн минь энэ ард түмэн шүү дээ. Энэ ард түмнийг хараад дүгнэхэд тун удаан үргэлжилнэ. Нэлээд удаан үргэлжилнэ. Яагаад вэ гэвэл, шударга бус юмтай их эвлэрдэг. Олон түмэнд ярьж байна, хэвлэлд ярилцлага өгч байна гээд “Энэ байдлыг туулаад гарчихна даа” гэж худлаа яримааргүй байна. Үнэнээ хэлэхэд энэ байдал удаан үргэлжилнэ. Хүмүүс нь ийм юмыг хүлцэн тэвчдэг учраас дээр үеэсээ ингээд ирчихсэн, уг үндэстэй учраас эндээ дасчихсан. Нэгийгээ худлаа ярихад нь жигшдэггүй, ийм юманд дургүйцдэггүй, бүгд л худлаа ярьдаг шүү дээ гэсэн байдал гүн ноёрхчихсон. Худлаа яриад байна шүү дээ гэсэн мөртлөө л худлаа яриад байдаг. Энэ аягүй хортой үзэгдэл л дээ.

-Ингэж яваад юунд хүрэх юм бэ. Эцсийн цэг нь юу юм бэ?

-Капиталимз гэдэг чинь шударга байдал руу ер нь хөтөлдөг тогтолцоо. Хүн төрөлхтөн олон ч нийгмийг туршиж үзлээ шүү дээ. Бодитой хэрэгжүүлсэн нийгмүүдээс хамгийн шударга нь яах аргагүй капитализм байгаа юм чинь. Индувидуализм дээр тулгуурласан нийгэм гэдэг чинь шударга байдаггүй юм л даа. Индувидуализмыг зөвхөн Батчулуун гэдэг хүнд хүлээн зөвшөөрөөгүй. Бүх хүнийг өөрийгөө бодохыг хүлээн зөвшөөрсөн байдаг юм бол би л өөрийгөө бодох ёстой, миний дэргэд байгаа та өөрийгөө бодох ёсгүй биш. Адилхан өөрийгөө бодох ёстой юм бол нэгийгээ хохироохгүй байх ёстой гэсэн суурь зарчим гараад ирнэ. Гэхдээ мэдээж хэрэг 20-30 жилийн үйл явдал юм шиг байна. Тэр тусмаа манайх шиг уламжлалтай ард түмэн бол бүр удах шинжтэй. Огт өөрчлөгдөхгүй гэж хэлэхгүй, мэдээж хэрэг өөрчлөгдөнө. Лав л би тэр шударга цаг үеийг нь үзэхгүй. Өөрөөр хэлбэл, одооны барууны нийгэм байгаа шиг жирийн иргэд нь худлаа ярьдаггүй. 17 цаг 15 минутад очно гэж цаг товлосон бол яг тэр цагтаа л очдог эсвэл нэгэндээ амлалт өгсөн бол тэрийгээ биелүүлдэг. Эсвэл бизнесмэн, улстөрчид нь барууныхны тэр байдалд хүрэхийг үзэхэд миний л нас лав хүрэхгүй. Бараг одоогийн 30 настнуудын нас ч хүрэхгүй. Одооны 20-40 насныхан хуучны бидний энэ моральд дасчихаад байна шүү дээ. Өөрсдөө бас худлаа ярьдаг, худлаа амлалт өгдөг, нэгийгээ муу муухай юм хийхээр “Тэгэхгүй яадаг юм. Энэ нь хулхидаж ингэж бизнес хийж баяжаад байхад тэр ч тэгэх нь зөв ш дээ” гэсэн ийм хандлагад 20-40 насныхан автчихаад байна. Худлаа ярьж байж л парламентын гишүүн болно шүү дээ. Тэгтэл яаж ганцаараа шударга яриад парламентын гишүүн болох юм бэ гэдэг иймэрхүү психологи 20-40 насныханд гүнзгий ноёрхчихсон байгаа юм чинь энэ чинь үйл явцыг удаашруулна л даа. Тэгэхдээ л өөрчлөгдөхгүй гэхгүй. Нэлээд удаан өөрчлөлт явагдана.

-Монголчууд чухам ямар онцлогтой үндэстэн юм бэ, философи талаасаа. Монголчуудыг жудаггүй болчихсон гээд байгаа юм. Өөрсдийгөө тэнгэрлэг л гэх юм, Чингис хааны удам ч гэх юм. Дэлхийг байлдан дагуулж байсан хүмүүсийн үр сад ч гэх шиг?

-Ядаж л Чингэс хааныхаа тухай ярихад, дундад зууны үед одоогоос бараг мянгаад жилийн өмнө бүгдийг дайн байлдаан л тодорхойлдог байж дээ. Чингис шиг тэгж орон зай эзэлж байсан хүн байна уу гэхээр байхгүй гээд л гаргаад ирж. Гэхдээ л бид худлаа ярьж болохгүй, хоосон шүтээд байж болохгүй. Чингис хаан суут уу? Суут суут. Гэхдээ тэр хар багадаа эх өөртэй дүүгээ харваад алчихсан. Алтан улстай нэгдээд Монголынхоо нэг аймгийг дарчихсан гэдэг ч юм уу, энэ бүгдэд бас шүүмжлэлтэй хандаж болно. Гурван удаа тангараг тавьж найзална гэж байх уу. Тангараг гэдэг чинь тангараг л байх ёстой. Нэг л тангарагласан бол боллоо. Тэр үеийн мораль тийм л нэгийгээ эвдэж, тангаргаа зөрчиж л байж. Тэнгэрлэг мэнгэрлэг гэсэн тэр хоосон зүйлд итгэх хэрэггүй ш дээ. Ерөөсөө бидний улс орны хөгжлийг НҮБ-ын бүртгэлд байгаа 200 гаруй орноос хэддүгээрт жагсч байна, бидний байгаа байдал ерөөсөө тэр. Энэ чинь гэнэтийн зүйл биш. Түүхээр бэлтгэгдсээр одоо бид нарын жагсч байгаа оочер маань л тэр байгаа юм. Энийг л тэгээд харчихгүй юу. Тэгээд л монгол бичиг рүүгээ шилжих тухай ярих юм.

-2025 оноос төрийн байгууллагууд монгол бичгээр төрийн ажлыг явуулахаар болоод байгаа шүү дээ?

-Энэ чинь аюул болох шинж.

-Аюул аа?

-Бичиг үсэг гэдэг чинь үндсэн хэдэн функцтэй байдаг. Араб, латин, кирилл, уйгаржин бичиг ч бай ер нь аль ч бичиг үндсэн хоёр функцтэй. Нэг нь, тухайн үндэстэн, ард түмний оршин тогтнож байхдаа цуглуулсан мэдлэг, мэдээллийг хадгалах, хоёрдугаарт, харилцаа. Тэр бичгээрээ дамжуулж нэгэндээ шинжлэх ухаан, ёс суртахууны талаар харилцах гэх мэт. Уйгаржин бичгийг аваад үзэхэд энэ хоёр функцийг маш муу гүйцэтгэх байхгүй юу. Уйгаржин дээр хэдэн үлгэр л байгаа шүү дээ.

Уйгаржингаар химийн мэдлэг эзэмшье гэвэл ямар ч ном олдохгүй, физик, биологи, астрономийн талаар уйгаржингаар ном байхгүй. Аюул гэдэг чинь энэ байхгүй юу. Харагдаж байгаа юмны цаад талыг харах ёстой. Өөрийн үндсэн бичигтэй байх сайхан л даа. Ийм бичгээр Өвөр Монгол манайх хоёр л бичдэг. Харилцааны үүрэг гэвэл бид Өвөр Монголтой л энэ бичгээрээ харилцана. Өөр үндэстэн энэ бичгийг хэрэглэдэггүй юм чинь.

-Манайхан чинь хуучны юмаа ухаж гаргаж ирээд л гайхуулаад тэрийгээ магтаад одооны цаг үедээ дахин суулгах гээд байдаг?

-Аливаа үндэстэн өөрийгөө шүүмжлэхгүй, өөрийгөө одооных шигээ магтаад л байх юм бол улам бүр дордоод л байна. Өөрийн түүх, одоогийн байдлаас сайныг олж хараад муугаа ч бас олж чадахгүй юм бол улам бүр дорддог. Манайх чинь ийм юмаараа дутагдалтай юм байна, ийм юм байна шүү дээ гэх ёстой.

1988 онд Москвагийн их сургууль дээр мэргэжил дээшлүүлэх сургалт болоход эндээс их, дээд сургуулийн багш нар явсан юм. Герман, Чех, Польш, Монголоос багш нар цуглаад нэг групп боллоо. Манайх найм, есөн хүнтэй групп. Манай группийнхэн ярихаараа өөрсдийнхөө үндэстнийг шүүмжлээд байгаа байхгүй юу. “Манайх тийм юм хийж чаддаггүй, тийм бололцоотой мөртлөө тэрийгээ ашиглаж чаддаггүй” гэнэ. Би болохоор “Манай улс хоёр сая хүн амтай мөртлөө төдөн хавтгай дөрвөлжин талбай бүхий газар нутагтай, төдөн сая малтай” гээд л. Би ч бас тийм болчихсон байсан юм билээ. Өөр газарт очихоор нэрэлхүү ч гэмээр тийм байдал гаргадаг.

-Наадах зан чинь монголчуудад нийтлэг ажиглагддаг шүү дээ. Одоо ч тэгцгээдэг?

-Ядруудуу, мэдлэг дорой, чадал муутай, өөртөө итгэлгүй хүн чинь худлаа ярьдаг, өөрийнхөө сайн талыг дөвийлгөдөг. Аягүй ихэмсэг зантай болчихдог байхгүй юу. Ихэмсэг зантай хүмүүс үнэн байдлаа нуух гэж тийм байдал гаргадаг. Ийм хиймэл дүр манайд түгээмэл. Хараад л байгаарай, америк, германчууд чинь ихэмсэг зан гэдгийг мэддэггүй улсууд байдаг ш дээ. Хүн юм асуухаар уриалгахан ханддаг. Ихэмсэг зан гэдэг чинь дорой хүний шинж. Худлаа төсөөллийг л бусдад үлдээх гээд байгаагийн шинж л дээ. Уг нь тэдэнтэй хэдхэн үг солилцоход л танигдана даа.

-Монголчууд нэг нэгэндээ элгэмсэг бус ханддаг. Эхлээд харьцахаар дуугарахгүй, хялалзаад юм асуухаар төвөгшөөсөн шинжтэй. Тэгээд нэр усаа хэлээд танилцуулахаар нэг нутаг ус эсвэл таньдаг хүнийх нь хамаатан садан байвал тэс өөр зан гаргаж царайгаа хувиргаад гоё хандаж эхэлдэг. Юунаас болж хүмүүс ингэж хоёр нүүр гаргадаг юм бэ. Ийм чанар бидний цусанд шингэчихсэн гэж үү?

-Хүмүүс ингэж худлаа дүр гаргадаг. Ихэмсэг зан гэдэг чинь дүр гаргахын нэг хэлбэр л дээ. Хүмүүс уцаартай болоод байгаагийн нэг шинж нь амьдрал хэцүү болоод байна. Нийгмийн тогтолцоо нь төлөвшөөгүй байгаа учраас хөдөлмөрлөсөн хэрээрээ үр дүнг нь амсч чадахгүй байна. Хэдий чинээ худлаа байх тусам төдий чинээ амжилтад хүрээд байгаа тохиолдол тэр хүнд харагдаад байгаа нь тухайн хүнийг эвдээд байгаа юм. Тэр хүн уг нь шударгаар амьдаръя гэсэн ч шударга бус яваад байгаа нь амжилтад хүрээд байгаа нь өөрийн эрхгүй шударга бусаар амьдрах хүсэл төрүүлдэг. Иймэрхүү байдал нь хүнийг маш их бухимдуулж байна. Ярдаг, адайр болгож байна. Гадуур чинь уцаартай улсууд их болчихсон байна шүү дээ. Ерөөсөө нэгэндээ тус хүргэчих вий гэсэн бодолтой. Таньдаг ч бай, таньдаггүй ч бай энд тус хүргэчих вий гэсэн хандлагатай. Яагаад вэ гэвэл би зовж байгаа юм чинь гэнэ. Хүний психологи чинь тийм л дээ, өөртэйгээ адилхан байлгах гэсэн.

Ийм психологи аягүй их ноёлдог болчихож дээ. Нийгэм төлөвшиж өгөхгүй, дээр нь шударга бус явдал хэтэрхий гаарчихсан. Ихэнх улсууд нь шударгаар явлаа ч шударга бус явж байгаагийнхаа хаана ч хүрэхгүй байгаа болохоор бүр ч илүү шударга бус байя гэсэн бодол руу явж байна. Моралийн хувьд ингэж л аюултай доройтож байгаа шүү. Энэ байдал өөрчлөгдөхөд муу юмтай эвлэрчихсэн манайх шиг улсад нэлээд их хугацаа шаардана.

-Аймаг, сум, баг, айл саахалтаараа ялгарч, нэг нэгнээ элдэв зүйлээр алагчилдаг. Уг нь бид нэг хэлээр л ярьдаг нэг үндэстэн, нэг бүл. Бид энэ байдлаасаа татгалзаж монгол хэлээр ярьдаг бүх хүнийг нэг бүл хэмээн сэтгэж нэгэнтэйгээ хаана ч, хэзээ ч найрсаг, элгэмсүү, гоё хандаж болох шүү дээ?

-Тан шиг бодолтой улсуудыг доош нь хийх гэсэнгүй. Ийм улсууд чинь аягүй амархан урам нь хугардаг байхгүй юу. Та бол их өөдрөг юм бодож байна. Ингэж бодож байгаа тань зөв. Ийм байдал мөддөө тогтохгүй. Та дөчин жилийн дараа харсан ч энэ байдал байж л байдаг. Тэгэхээр таны уур хачин ихээр хүрдэг л байхгүй юу. Тийм учраас юмыг одоо бодитоор хар. Ийм ярвагар, ийм ууртай, ийм ярдаг, адайр хүмүүсийг бушуухан өөрчлөх гэсэн тэр бодлоосоо л салаад ийм байгаагийнх нь утгыг ойлгож эхлэхэд та арай уужуу болж эхэлнэ. Та тэдний эгнээнээс өөр болж эхэлнэ. Нэг дэх хүнийг сайхан болгох гэж оролдлоо. Тэр хүн муухай аашиллаа. Та тэвчлээ. Хоёр дахь хүнийг сайхан болгох гэлээ, бас л тэвчлээ. Гурав дахь хүн дээр ч тэвчлээ. Дөрөв дэх хүн дээр таны уур хүрдэг байхгүй юу. Тийм болохоор бодит байдлыг хараад “Эд нар бүгд ийм юм чинь эдэн шиг болчихгүй, тэднийг сайхан болгох гэж оролдохгүй” гээд хая. Би бол хаяна. Тэгэхдээ тэдэн шиг болохгүй. Тэднийг сайхан болоосой гэж бодох тусмаа би шатаад тэдний эгнээ рүү орчих гээд байгаа байхгүй юу. Урам хугарна гэдэг чинь уур хүрнэ ш дээ. Гомдох зэрэгцэнэ, адилхан өөртэй нь тэгж харьцмаар санагдана. Тиймээс зөнд нь хаяад өөрөө ямар ч байсан тийм болохгүй л гэж бодох ёстой. Урам зориг чинь хэдий чинээ их байх тусам тэр хэрээр урам чинь хугарна. Юмыг зөнд нь хаях чинь сайн гэсэн либертари зарчим бий. Энэ зарчмаар явахад зүгээр.

Тэгэхгүй л бол урам тань хугарна. Урам хугарна гэдэг нь адайр болох суурь тавигдаж байгаа юм.

-Манайхан уг нь урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж айхавтар сургаалтай шүү дээ?

-Хүмүүс танаас уучлаарай гэж байгаад зам асуувал эелдгээр сайхан тайлбарлаад өг. Манайхан чинь хэцүү шүү дээ. Хүн завтай байна уу, завгүй байна уу хамаагүй. Уучлаарай ч байхгүй “Хөөе” гэж байгаад л зам асууна. Тэнд байдаг юм, тийм замаар яваарай гээд сайхан тайлбарлаад өгөхөөр “Баярлалаа” ч байхгүй дуугүй яваад өгчихдөг. Ингэж л хүний урмыг хугалдаг. Дараагийн хүн нь зам асуух гэж ирэхээр “Би завгүй байна” гээд явахаас өөр аргагүй. Бид чинь ингэж л нэгийгээ эвдээд байгаа улс даа. Индувидуализм ноёрхсон нийгэмд хүн өөрийгөө аваад явчихна. Манай энэ төрийнхөн олон жил ард түмний мөнгөөр туйлж байна даа. Би ид төлөвшчихсөн үедээ нийгмийн шилжилтийг мэдэрсэн гэж дээр ярьсан шүү дээ. Талийгаач С.Зориг манай хажуу талын тэнхимийн багш байлаа, их сургуульд. Хүн ямар хэмжээнд амьдрах чадал, бололцоотой байна. Тийм нийгэмд бид орох нь гэж ярьж байж билээ. Тэгж бодсон чинь мөлжигч нийгэм нь төрийнхнийг арай хэтэрхий гааруулах юм аа, энийгээ л ухамсарладаг болоосой гэж ойлгоод байгаа юм. “Нарантуул” зах, гудамжинд гутал хадаад сууж байгаа иргэдэд либертари зохиол унших бололцоо алга байна шүү дээ. Өөрийгөө сэхээтэн гэж бодож байгаа хүмүүс либертари зохиолыг уншаасай гэж хүсч байна. Түүнээс биш дага гэхгүй. Уншаад үзэх л юм бол өөрөө өөрийгөө авч явна гэдэг чинь юу юм, энэ төрийнхөнд өөрсдийгөө хэрхэн монжуулж байгааг, хэр зэрэг хоосон сонгуульдаж байгааг, худлаа хулхидуулж байгаагаа мэддэг болмоор л санагдаад байгаа юм даа.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *