Categories
мэдээ соёл-урлаг

Б.БАТБОЛД: Бөхийн цол дуудаж байхад газраас тасраад нисч байгаа юм шиг санагдаад явчихдаг

Уртын дуучин СТА Б.Батболдтой ярилцлаа.

-Уртын дуу сонгодог урлаг. Эрийн гурван наадмын бөхийн цол дуудах, засах сэлт нь үндэсний соёл. Энэ хоёрыг амьдралдаа хослуулж яваадаа та мэдээж бахархаж сэтгэлийн их ханамж авдаг байж таарна. Анх та ямар дуу дуулж, хэзээ бөх цоллож эхэлсэн бэ?

-Ер нь уртын дуу, монгол бөх хоёр салшгүй юмаа. Миний хувьд уртын дууг ерэн нэгэн оноос сурч дуулж эхэлсэн. Соёлын дунд сургуулийн дуу хөгжмийн багшийн ангийг төгсч байх үедээ “Жаахан шарга”-ыг сонирхожсураад СУИС-д орж, гавьяат Ц.Дэлгэр багшийн удирдлагад уртын дууг сурч дуулж эхэлсэн. Дуучин болоод, багшлаад одоо хорь гаруй жил болж байна. Бөхийн цолыг ерэн зургаан оноос дуудаж эхэлсэн дээ. Саяхан Монголын уртын дууны холбооны ээлжит их хурал болж, түүгээр намайг холбооны тэргүүнээр сонголоо. Энэ ажлыг авсан ч аваагүй ялгаагүй ер нь уртын дуугаа хөгжүүлэх юм сан гэсэн бодол дотроо үргэлж тээж явдаг л даа.

-Анх та “Жаахан шарга”-ыг сурсан гэлээ. Энэ дууг үнэхээр гайхамшигтай дуулсан Б.Лхамжав гуай энэ дуугаараа овоглож явдаг. Мөн автор нь маягтай явдаг юм байна шүү дээ. Таны урын санд ямар дуунууд байгаа вэ?

-“Дуртмал сайхан”, “Өвгөн шувуу хоёр”, “Асрын өндөр”, “Эр бор харцага”, “Эртний сайхан”, “Хуурын магнай” гээд сайхан дуунууд бий бий.

-Энэ сайхан дуунуудынхаа түүх домгоос ярьж өгөөч?

-Домог түүх яривал дуусахгүй л дээ. “Эртний сайхан” бол үг нь олон удаа өөрчлөгдсөн. Дуучид ч өөрчилсөн тал бий, цаг үеийн шаардлагаар хувьсаад явах тал ч бий. Зарим дууг бараг сэргээж дуулах аргагүй, хагас дутуу дуулчихсан байдаг юм. Албаны нэг эрхтэн дархтан нь наад дуу чинь урт байна, гурван минутад багтаа гэнэ, тэгэхээр нь ахмад үеийнхэн маань хэлсэн хугацаанд нь багтаагаад дуулчихсан байх жишээтэй. Тэр нь одоо хүртэл үргэлжлээд явж байх нь бий.Энийг бид хуучин хэлбэрт нь оруулж дуулах, заримыг нь бүр гөрдөж дуулах ч байна. Дээр үеийн хуучирч муудсан пянз сонсоод үгийг нь сонсголоороо таамаглан сэргээж дуулж байна. Энэ мэтээр эхээр нь дуулах боломжгүй болчихсон, ахмадуудаас өөрсдөөс нь шалтгаалаагүй өөрчлөгдсөн дуунуудыг бидсэргээгээд дуулж байна. “Хуур магнай” гэдэг дууг нэг хэсэг “Хувраг магнай” гэж байсан бол одоо “Хуур магнай”-гаараа явж байна.

-Цагаан сарын бөхийн барилдаан одоо ямар дуугаар эхэлж байгаа вэ?

-“Асрын өндөр”-өөр эхэлж байна.

-Энэ аль нутгаас гаралтай дуу вэ?

-Яг тэр нутагт зохиогдсон гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө баруун аймгийн аялгуугаар дуулдаг юм. Айзам уртын дуу. Ер нь уртын дуун дотроо цараа багтаамжаараа “Дуртмал сайхан”-ы дараа ордог их том дуу л даа. Сүүлийн хэдэн жил энэ дуугаар Цагаан сарын барилдааныг эхлүүлж байна. Уртын дууны холбоо Төрийн ёслолын албатай ёс жудаг уламжлалаа ярилцаж байгаад Үндсэн хуулийн бөхийн барилдааныг“Эртний сайхан”, Цагаан сарын бөхийн барилдааныг “Асрын өндөр”, наадмаар “Түмэн эх”, “Эртний сайхан”-аар эхлүүлж дуулж байя, төрт ёсны бусад хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Эрхэм төр” ч юм уу ийм дуунуудыг дуулж байя гэж ярьж тогтсон байдаг юм. Наадмыг зохион байгуулах комисс бас шийднэ л дээ.

-Та бөхчүүдийн дунд хамгийн ойр байгаа мэргэжлийн уртын дуучин.Тэдэнд уртын дуу зааж өгч байв уу?

-Одоогоос 21жилийн өмнө би Сүхбат аварга, Гантогтох гарьд Бумбаяр заан, Намжилдорж харцага, Эрдэнэбилэг начин, Баянмөнх начин, Пүрэвбаатар гавьяат эд нарт “Эр бор харцага”-ыг зааж байсан. Эднар нэг ангид сурдаг байсан юм. Би өөрөө ч оюутан байсан цаг. Яг яаж ойлгуулбал уртын дууг хүмүүс хурдан сурах вэ гэж “эгшиг томох” арга техникийн судалгаагаа би тэндээс эхэлсэн.

-Та ҮДБЭЧ-д байхдаа Швейцарьт гурван жил тоглолт хийсэн тухайгаа нэг ярьсан байсан. Ямар тоглолт байсан юм бэ?

– Европын жирийн үзэгчид болон хөгжмийн мэргэжлийн хүмүүст нь уртын дууг ямар гайхамшигтай цараа багтаамжтай, Европын сонгодог дуурийн ари романсуудтай харьцуулахад ийм цараатай байдаг юм гэж харьцуулж тайлбарлаж,өөрөө хуурдаад, өөрөө дуулаад үзүүлдэг байлаа. Тэгж байж гадаадын сонсогчид илүү нарийн тодорхой ойлгож хүлээж авч дүгнэдэг юм.

-Европын орнуудаар явж байхад уртын дуунд бусдаас илүү сэтгэл нь татагддаг үндэстэн улсуудтай тааралдаж байв уу?

-Ерөнхийдөө швейцарь, унгар, туркууд илүү. Францчууд бас сонирхоно. Итали бас их өөрөөр сонсоно. Би тэнд “Дуртмал сайхан”-г дуулж байсан юм. Та ингэхэд ямар дуу дуулчихав аа. Их сонин дуу байх юм. Доошоо басс хоолойтой хүн шиг, дээшээ тенор шиг хоолой гараад ямар сонин дуу вэ, танай ардын дуу юу гэж асууж байсан. Тоглолтын дараа тэр хүн надтай уулзаад гэртээ урив. Би дуурийн дуучин биш, гэхдээ энийг нэг дуулаад үзье гээд тэдний дуурийн нэг дуутай нь харьцуулаад уртын дуугаа дууллаа. Тэгсэн чинь танай уртын дуу их сонин, гайхамшигтай дэг сургуультай юм байна гэж байсан.Түүнээс биш манай ард түмэн ийм гайхамшигтай уртын дуутай гэж цээжээ хичнээн дэлдээд ойлгохгүй шүү дээ.

-Цагаан сарын барилдаануудаас таны сэтгэлд хоногшсон, тэр жилдээ бөхийн хорхойтнуудыг шуугиулсан ямар барилдаан байдаг вэ. Жил жилийн Цагаан сарын барилдаан бүр өөр өөрийн өнгөтэй байж таарна?

-Жил жилийн Цагаан сарын барилдаан өөр өөрийн онцлогтой, дээрээс нь тасалбар нь хамгийн их эрэлттэй, хаа байсан хөдөөнөөс хүмүүс ирж Бөхийн өргөөнд бөх үзье гээд ирдэг, хонон өнжин дугаарлаж байж тасалбарыг нь олж авдаг. Бас Наадмын нээлтийг үзэх гэж хүмүүс их дугаарладаг юм байна лээ. Гэхдээ үндэсний баяр наадмаас илүү Цагаан сарын барилдаан цол олгодоггүй, Цагаан сараар сайн барилдсан бөх дараа жилийнхээ улсын баяр наадамд сайн барилддаг гэсэн яриа байдгаас ч юм уу их сайхан өрсөлдөөнтэй, шударга болдог.Хүмүүс ч битүүний өдөр бөх үзчихье гэсэн тийм нэг гоё бодолтой байдаг. Тэгээд ч тэр үү цагаан сарын барилдаан олон түмнийг шуугиулсан сайхан барилдаан болдог. Сонирхолтой барилдаан гээд яривал олон доо. Гэхдээ манайхан том цолтой бөхчүүдийг өвдөг шороодуулаад дороос гарч ирж байгаа залуучуудад их дуртай байдаг юм даа. Жишээ нь, сүүлд улсын харцага болсон Магалжав Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдэж байсан, аймгийн арслан Мөнгөнбаатар гээд Сүхбаатар аймгийн залуу түрүүлж байсан, өнгөрсөн жил Хангай гээд Ховд аймгийн залуу Мөнхбат аварга, Мөнхбаатар арслан эд нарыг бүгдийг нь өвдөг шороодуулаад үзүүр түрүүнд Рагчаа гарьдтай үлдэж байлаа. Ийм шуугиулсан барилдаанууд байдаг. Наадмаар бас их сайхан.2011 онд Мөнхбат аварга Зүүний магнайд, миний мөрөн дээрээс гарч түрүүлж байлаа. Өнгөрсөн жил Батсуурь арслан бас түрүүлсэн. Тэрний урдны урьд жил нь Рагчаа гарьд гарч түрүүлсэн. Арван нэгэн оноос хойш зүүний магнайд гараад хоёр хүн мөрөн дээрээсээ түрүүлүүлсэн гэх мэтчилэн бодохоор энэ бүхэн надад их сайхан байдаг юмаа.

-Уртын дууг сонсч байгаа мөчид хүний ухаан санаа ердийнхөөс огт өөр орчинд оччихдог л доо. Тэгэхээр дуулж байгаа хүмүүс тэр мөчид ямар байдаг нь ойлгомжтой. Харин бөхийн цол дуудаж байхдаа та чухам юу мэдэрдэг вэ?

-Цол дуудна гэдэг бол монгол бөх гэдэг энэ соёлтой хамт яваа дуун урлаг. Цоллож байгаа аваргууд, том цолтой бөхчүүдээ алдаршуулж магтаж байгаа нэг ёсны магтуу юм. Тэрийгээ их уянгалаг нарийн цээл хоолойнд дуудах нь бас нэгэн сайхан. Мэдрэмж ийн тухайд, цол дуудаж байгаа үед нэг л сонин болоод явчихдаг юм. Үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж төрдөг л дөө. Бараг газраас тасраад нисч байгаа юм шиг санагдаад явчихдаг юм. Нөгөө бөх маань ч гэсэн мөрөн дээр дарж байгаа даралтынх нь чанга, сул, зарим нь үл мэдэг чичирхийлэх гэхчлэн сэтгэлийн хөдөлгөөн бүгд нь мэдрэгдэнэ шүү дээ. Цолыг нь дуудаж байхад нөгөө бөх маань яг тэр хэмнэлээр дэвж байдаг. Үгээр илэрхийлэхэд хэцүү. Жанцанноров гуай “Бөхийн цол дуудахад дэлхий зогсдог” гэж хэлж байсан. Эргэж байгаа дэлхий яг цол дуудахад зогсчихдог гэж зурагтаар ярьж байхад нь сонссон.Тэр надад бас л сонин санагдаж байлаа.

-Өнгөрсөн жилийн наадмаар тэгж ярьж байсан л даа?

– Цагаан сараар ч гэсэн, наадмын талбай дээр ч гэсэн яг цол дуудаад эхлэнгүүт бүх юм чимээгүй болчихдог гэж Жанцанноров гуай ярьж байсан. Миний хувьд бол ямар ч байсан үгээр төсөөлж хэлэхийн аргагүй л тийм сайхан мэдрэмж төрдөг. Бахархалтай, маш их омогшилтойтийм л мэдрэмж.

-Та нэг ярилцлагадаа, гарч байгаа бөхчүүдийн сэтгэлийн хөдөлгөөнийг дурссан байсан. Нүүр царайны өчүүхэн ч хувиралгүй хүмүүс дэвжээ рүү гарч харагддаг. Дотроо айж сандардаг л байх даа, тийм ээ?

-Бөхчүүд гаднаа их амгалан тайван харагдаж байгаа мөртлөө сэтгэлийн хөдөлгөөн ихтэй улс шүү дээ. Бөхийн барилдаан бол нэг ёсондоо эрт цагийн баатруудын хоорондын байлдаан гэсэн үг. Энэ бол зэвсэгтэй тэмцлээс л зөөлөрсөөр зөөлөрсөөр янз янзын бөхийн барилдаан руу орсон байна. Монгол үндэсний бөх бол дэлхийн хамгийн шалгарсан барилдаан гэж би боддог юм. Тийм тулаан учраас намдуу тайван ч гэсэн дэвжээн дээр гараад жинхэнэ тулаанаа үзүүлнэ. Дэвжээн дээр эрэмгий байгаад дэвжээнээс буугаад даруухан байя гэсэн Үндэсний бөхийн холбооны уриалга ч бий шүү дээ.

-Одоогоор хамгийн олон чимэгтэй бөх гэвэл хэн байна?

-Баянмөнх, Бат-Эрдэнэ хоёр аваргын цол хамгийн олон чимэгтэй байдаг юм. Олон түрүүлж, олон шөвгөрсөн учраас тэр. Тэгээд Мөнхбат аварга, Дамдин аварга гээд явна.

-Та энэ олон жил бөх засч цол дуудаж дэвжээн дээр ажиллахдаа наадам цагаан сарын барилдааныгзурагтаар бичлэгээр л үзэж байгаа байх л даа. Ер нь бөхчүүдээс та хэний барилдааныг шимтэн үзэх дуртай вэ?

-Бичлэг л үздэг юм. Одоо бол юнивишнээр буцаагаад үзчихдэг болсон. Бөхчүүдээс үеийнхнээ, тухайлбал, Сүхбат, Өсөхбаяр хоёр дархан аварга байна. Начин Баасанхүү, Пүрэвдагва гээд одоо гарч ирж байгаа олон сайхан залуучууд байна.

-Энэ жилийн Цагаан сарын барилдааны өнгийг та хэрхэн харж байгаа вэ?

-Цагаан сар ч гэлтгүй ер нь наадамд ч гэсэн жил бүр өөр өөр хүн түрүүлж байна. Хоёр гуравхан начин төрж байна шүү дээ. Таван начин төрөөд цаашаа хоёр нь яваад нэг нь заан нэг нь арслан болох жишээтэй. Би бол монгол бөхийн барилдаан улам чанаржиж байгаа гэж боддог юм. Мундаг сайн бөхчүүд үе үеэрээ л байдаг. Манайхан, одоо бөхчүүд их олон болчихоод барилдаан чанаргүй болж байна гэх маягтай ярих гээд байдаг. Би бол үе үеэрээ л гэж боддог. Одоогийн бөхчүүд бол харин ч бүр хэцүү өрсөлдөөн дундаас товойж гарч ирж байна. Дээр үед мянгаад бөх барилддаг л байсан. Хэн нь ч мэдэгдэхгүй арван хэдтэй залуу хүү ирээд л даншгийн наадамд нь тав давчихдаг байсан бол одоо бүгд нэгнийхээ мэх, яаж барилддаг арга техникийг нарийн мэддэг болчихсон. Энэ үед барилдаан улам чанартай, даваа бүр улам хэцүү болчихож байна. Энэ цагаан сарын таамгийн хувьд, олон л залуучууд байна даа. Пүрэвсайхан, Пүрэвдагва, за тэгээд, хүмүүсийн тааварт Санжаадамба, аймгийн арслангуудаас Одгэрэл гэхчлэн олон залуу байна.

-Таны аав ямар уртын дуунууд дуулдаг байв?

-Миний аав “Нарийн сайхан хээр”, “Хулст нуур”, “Үзүүр зуслантай Алтай”, “Газрын холоос гүйдэлтэй алтан шарга морь” гээд Говь-Алтай нутгийн дуу байна. Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн л дээ.

-Та энэ дуунуудыг хүүхэд байхдаа сурчихсан уу?

-Ерөнхийдөө аяыг нь мэддэг болчихсон байсан. Сүүлд хөгжмийн сургуульд ороод дуулж сурсан л даа. Бөхийн цолыг ч гэсэн багаасаа Цагаан сараар радиогоор сонсоод цээжилчихсэн. Тэр үед телевизор гэж байсангүй.Намайг наймдугаар ангид ороход л телевизор анх орж ирж байсан байх. Тэгээд суманд хоёр гуравхан айл л телевизортой байлаа. Тэгж бөхийн цолыг ч гэсэн радиогоор сонссоор байгаад хоногшчихсон.

-Таныг засуул хийж, цол дууддаг болохоор бөх баахан ярилаа. Уртын дуугаараа яриагаа өндөрлөе. Уртын дууг сонсохоор ямар ч хүн уйлмаар болдог нь юутай холбоотой вэ?

-Би бага бага байхдаа айлын найранд очоод бас ийм мэдрэмж авчихдаг байсан. Миний аав их сайхан дууч, найрч хүн байсан юм. Нутгийнхаа олон дунд найр хуримд дуулаад явж байдаг.Жолооч хүн л дээ. Тэгээд найрын хойморт аав маань баахан настай хүмүүсийн дунд дуулж байхад бие их сонин болоод уйлах гэж байгаа юм шиг санагдаад зогсч байдаг байсан. Уртын дуу цаанаа л асар ихээр тайвшруулах, асар их бүлээн дулаан илч хайрладаг ийм л урлаг юм байна. Тэгээд л сонссон хүн уйлмаар санагддаг байх.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *