Categories
мэдээ улс-төр

Б.Батболд: Ардчилал нэрийн дор монголчуудыг талцуулан хувааж буй системийг эвдэх хэрэгтэй

Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт болсон “Бид хамтдаа” үндэсний форум дээр та “Улс орноо цэгцэлж авахгүй бол болохоо байлаа” гэсэн. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын зохион байгуулсан “Бид хамтдаа” үндэсний форум боллоо. Тэр үеэр С.Бямбацогт гишүүний илтгэлд “Монгол Улс системийн хямралд ороогүй” гэх үзэл санаа давамгайлж байна лээ. Парламентад суудалгүй манай намын тухайд долоо хоног бүрийн бямба гаригт бусад улс төрийн намууд болон иргэний хөдөлгөөний нөхдүүдтэй ийм маягийн уулзалт яриа хийдэг. Үүний зорилго нь нэгдүгээрт, намуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол улмаар нэгдэл, нягтралыг бий болгохыг зорьдог. Манай намын бусдаас ялгардаг нэг онцлог нь асуудалд судалгаа тооцоотой ханддаг явдал. Нөгөө талаасаа намын үзэл баримтлал, үнэт зүйлс нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахтай холбоотой бүх асуудалд чухал ач холбогдол өгч ханддаг юм. Түүнээс биш бүх зүйлд оролцоод популизм хийгээд байдаггүй. Форумын илтгэгч нарын ярьж буйг сонсохоор тэдний үнэлэлт, дүгнэлт зөрүүтэй, тодорхой нэгдсэн байр суурьгүй байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Монгол Улс удирдлагагүй завин дээр байгааг илтгэж байгаа юм. Хоёрдугаарт, өнөөдөр бий болсон гадаад, дотоод нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж чадаагүй байна гэдэг цаашдаа эдгээр улсаас олигтой юм хүлээх хэрэггүйг илтгэж байгаа л хэрэг. Асуудлынхаа мөн чанарыг таниагүй болохоор ямар ч логик гаргалгаа гарахгүй байна. Яг өнөөдрийн нөхцөл байдалд бид дундын болон алсын зайн төлөвлөлттэй холбоотой ямар ч гоё зүйл ярих утгагүй.

Эхлээд улс орноо цэгцэлж авахгүй бол болохгүй болчихлоо. Гадаад, дотоод нөхцөл байдал маань энэ хэвээрээ цааш үргэлжлэх бололцоогүй болгож байна. Хэрвээ бид энэ байдлаараа аяглаад байвал Засгийн газрын ордны гадаа хоёр улсын туг мандах байх. Нэг нь Монгол Улсынх, нөгөөх нь өөр улсын туг байх магадлал маш өндөр болчихсон байна. Хамгийн наад захын жишээ, бид сүүлийн дөрвөн жилийн дотор эдийн засгийн хувьд хараат болчихлоо шүү дээ. Үндсэндээ эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан гэсэн үг. Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тоог хоёр дахин нугалсан өртэй болсон байна. Монгол Улсын Засгийн газрын өр 11 тэрбум ам.доллар байна. Хувийн хэвшлийнхэн 10 тэрбум ам.долларын өртэй. Дээрээс нь Монголбанк хэчнээн хэмжээтэй юанийн зээл авсныг шаардаад байхад гаргаж өгөхгүй байна. Эдийн засгийн аюулгүй байдал улсынхаа аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихлээ.

-Ийм байдалд хүрсэн тухай улстөрч болгон л ярьж байна. Гэтэл гаргалгааны тухай бараг ярихгүй байна шүү дээ?

-Одоо гоё сайхан ярихаа болих хэрэгтэй. Цаад тал нь хавар гэхэд асуудал үүсэж эхэлнэ. Дулаан, цахилгааны үнэ нэмэгдчихсэн, ам.долларын ханш өссөн, ард түмний орлого эрс муудсан байна. Гаргаж байгаа зардлаа хааж чадахгүй хэмжээнд хүрлээ. Бүх хуримтлагдсан муу зүйл нэг цэг дээр төвлөрчихлөө. Одоо тэгэхээр эрсдэлийн менежментээ яаж хийх вэ гэдгээ ярилцах ёстой. Хэн нь юу чадахаа ярилцъя. Гэхдээ камерын өмнө биш. Аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн чиглэлээр судалгаа хийдэг багууд хөлсөлж ажиллуулах хэрэгтэй.Эхний ээлжинд үүсээд байгаа нөхцөл байдлаас тун бага хохиролтой гараад системээ тогтворжуулах хэрэгтэй. Үүний дараа реформ хийе. Өнөөдөр Монгол Улсын асуудал юунд байна вэ гэхээр хоёр том дээрэмчний бүлэглэлд байна гэж улсууд яриад байна шүү дээ. “МАН-гар”-ын бүлэг, “АН-гаахай”-н бүлэг гэж нэрлээд байна. Хамгийн гол асуудал үүсгэж байгаа эх сурвалжийн нэг нь улс төрийн намын санхүүжилттэй холбоотой гинжин урвал юм. Эндээс улбаатай тохиолдлын, мөнгөө төлсөн л бол төрийн ямар ч албанд очиж болж байна. Авлига, хээл хахуулийн асуудал үүнээс улбаалан гол асуудал үүсгэж төрийн системийг устгах хэмжээнд хүрээд байгаа юм. Үүнийг алга болгоод улс төрийн намуудыг гарааны ижил тэгш нөхцөлтэйгөөр сонгуульд оролцуулбал ард түмэн зөв сонголт хийж чадна. Монгол гадартай, гадаад дотортой нөхдүүд яаж улсаа хөгжүүлэх юм бэ. Үндэсний үзэлтэй, эх орноо гэх үнэн сэтгэлтэй хүмүүсээ төрд гаргаж ирэх хэрэгтэй цаг үе болжээ. Аливаа юманд сэтгэлээрээ хандаж байж бодит эерэг үр дүн гардаг нь зүй тогтол. Монголоо үгүйсгэсэн хоноцын сэтгэлтэй хүн яаж Монголын төлөө ажиллах юм бэ. Хамгийн тод жишээ нь, Оюутолгойг тойрсон үйл явдлууд байна. Мөн Тавантолгой компанийг нэг компанийн өрийг төлөхөд нь зориулж, хувийн компанид шилжүүлэх гэж оролдсон үйл явдал. За тэгээд Ноён уулын гээд тоочоод байснаас Монголд ашигтай уул уурхайтай холбоотой үйл явдал юу байв гэх нь амар байх. Хамгийн сүүлд өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг хамруулах оролдлого хийж уг хуулийг баталсан. Монголын болон олон улсын зүгээс эрс эсэргүүцэлтэй тулж нэг юм зогслоо. Энэ бол эрх зүйт төрийг үгүй хийх хор уршигтай үйлдэл шүү дээ, цаад утгаараа.

-Эдийн засгийг богино хугацаанд сайжруулдаггүй юмаа гэхэд одоо байгаагаас нь дордуулахгүйн тулд яах ёстой вэ?

-Шийдэлгүй проблем байдаггүйтэй адил гарцгүй нөхцөл байдал бас байхгүй. Юуны өмнө яагаад ийм байдалд орсон учир шалтгаан, оношоо зөв тавих ёстой. Онош зөв тавиагүй тохиолдолд асуудал шийдэгдэх цаг хугацаа, хүч хөрөнгө, үргүй зардлаас авахуулаад олон юм болно. Дараа нь асуудалд хандах хандлага гэж юм бий. Тэр нь асуудлыг аль өнцгөөс харж чадаж байгаагаас их шалтгаална. Товчхондоо гарах гарц бол зөндөө л байна. Асуудал голдуу зардал чирэгдэл дагуулж байдаг, бага хохиролтой богино хугацаанд асуудлаа шийдэх үү, асуудлаа барьж авалгүй тойрч дөлсөөр шийдэж байгаа дүр үзүүлж байгаад унах уу гэдгээ л эрх баригчид эхний ээлжинд шийдэх ёстой гэж бодож байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-аас зохион байгуулсан “Бид хамтдаа” форум дээр тавигдсан илтгэлүүдийг харж байхад асуудал юунд байна гэдгээ зөв оношлоогүй шиг харагдлаа. Тэгэхээр асуудал угаараа шийдэгдэхгүй л гэсэн үг. Суурь нь илжирч муудаад унаж байгаа байшинг будаг засал хийж хэсэг хугацаанд сэтгэлээ хуурч байгаатай л адил дүр зураг харагдаж байх шив дээ. Аливаа гоц шийдэл маш энгийн байдаг юм. Будаа идүүлэхэд төсвийн орлогоо яаж нэмэх тухай бодох биш төсөв бүрдүүлдэг хэсгээ бодитой дэмжих, төсвөөс цалинждаг хэсгээ багасгахын тулд ажлын байр бий болгодог жижиг, дунд үйлдвэрийг бодитой дэмжих хэрэгтэй. Энэ маягаар асуудалд хандах хандлага, бодлогоо зөв гарах хэрэгтэй. Бодлого зөв гарахын тулд онош зөв бодит байх ёстой гээд л нөгөө богино эргэлтэд ороод байгаа юм. Монголд байгаа бүх асуудлын эх сурвалж нь төрийн байгууламж, түүнийг бүрдүүлж бий болгодог нам гэдэг институци. Түүний хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаатай шууд холбоотой системийн том алдаа гаргачихаад алдаагаа засахыг эрх баригч намууд хүсэхгүй хямралын гүн намагт жил ирэх бүр шигдэн орж байна. Улс төрийн намын санхүүжилтийн асуудал нь төрийн системд суусан хамгийн хөнөөлтэй вирус болж байгаа. Мөн Үндсэн хуулийн төрийн байгууламжийн хэсэг ч бас нэгэн хөнөөлтэй вирус.

-Энэ юу гэсэн үг вэ. Та тайлбарлахгүй юу?

-1992 онд монголчууд ардчилсан, зах зээлийн нийгэм байгуулах үзэл санаа бүхий Үндсэн хуулийг баталсан. Бид тэр зорилгоо биелүүлээд өнөөдөр бий болсон үр дүнг нь нийтээрээ амсаж байгаа. Бид ардчиллын төлөө байх ёстой юм уу үндэсний эрх ашгийн төлөө байх ёстой юм уу гэдэг сонголтоо хийх тэр цаг үед иржээ. Үүний тулд 25 жилийг зарцуулсан байна, үүнийг ойлгохгүй байгаа бол хэн нэг нь биднийг засаж тохинуулах байх даа. Зарим улс төрийн зүтгэлтнүүд хүртэл бид төрөө өөрсдөө засаглаж үзээгүй 300 жил болчихсон учир их хэцүү байна. Засдаг улсад өгчих нь амар ухааны юм сүүлийн үед ярьдаг болж. Түүх бол үндэстний ой санамж байдаг. Ой санамжаа алдсан хүн нэрээ мэдэхгүй, гэрээ олохгүйтэй адил нөхцөл байдалд л бид байна. Дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байсан эдийн засгийн загвар цаашид ажиллахаа больж байгаа. Дэлхий нийт дэглэмийн өөрчлөлтийн өмнө ирчихлээ шүү дээ. Монголыг тойрсон гадаад хүчин зүйл асар хурдтай хувьсан өөрчлөгдөж тогтворгүй болж байна. Дээрээс нь дотоод хүчин зүйл маань ч ямар аюултай байдлын өмнө ирчихээд байгааг ойлгох таних хэрэгтэй байна. Юуны өмнө дотооддоо оюун санаа, эв нэгдлийн хүчийг бий болгож тогтворжуулах асуудал өнөөдөр юу юунаас илүүтэй хурцаар тавигдах ёстой. Үүнийг хамтын хүчээр хийж чадахгүй бол бид хамгийн үнэ цэнтэй тусгаар тогтнол гээч үндсэн суурь, эрх ашгаа алдахад хүрсэн. Орчин үед геополитикийн арга хэрэгсэл өөрчлөгдөж эдийн засаг, санхүүгийн арга хэрэгслээр дамжуулж хүчирхэг гүрнүүд эрх ашгаа хангадаг болсон. Монгол Улс өнөөдөр эдийн засаг, санхүүгийн хувьд бусдын хараат болсон байгаа нь миний хэлээд байгаагийн баталгаа юм даа. Тун удахгүй бид их өр төлж эхэлнэ. Юугаар, яаж гэдэг нь ойлгомжгүй. Дээрээс нь Монгол гэдэг айлын галыг алдуулахгүй авч гарах гаргалгаа нь дахиад л зээл тусламжид дулдуйдахаас өөрийг бодож олохгүй юм шиг. Гэх мэтээр энэ эрх баригчдаас хүлээх юм үндсэндээ байхгүй. Энэ тогтворгүй систем цааш ажиллахгүй, тэгэхээр нэн даруй эд нар сайн дураараа тарж ардын түр хурлыг байгуулаад түр хурал нь үндэсний эрх ашгаар засаглах үзэл санаа бүхий Үндсэн хуулийг баталж улс төрийн реформыг нэн даруй хийх нь нийт монголчуудын эрх ашигт нийцнэ гэж бид үзэж байгаа.

-Монгол Улсын эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал хэзээнээс сайжирна гэж бодож байна?

-Би ерөнхийдөө байдлыг хэлчихлээ дээ. Юун түрүүн улс төрийн реформыг нэн даруй хийж энэ болохгүй бүтэхгүй системийг халах хэрэгтэй. Түүнгүйгээр цааш явах боломж байхгүй. Улс төрийн реформ хийнэ гэдэг нь Үндсэн хууль, улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулиа үндэсний, нийтлэг эрх ашигт нийцүүлэн шинээр хийх ёстой юм. Үүнийг өнөөдрийн эрх барьж байгаа намууд хийж чадахгүй нь дэндүү ойлгомжтой байна шүү дээ. Тийм болохоор ард түмний түр хурлыг зохион байгуулах ёстой. Үүнийг үндэсний эрх ашиг шаардаж байгааг ухамсартайгаар ойлгох хэрэгтэй. МАН-ын Монгол, АН-ын Монгол, МУНН-ын Монгол гэж байхгүй. Бид нэг эх оронтой, нэг эрх ашигтай, нэг цул үндэстэн. Ардчилал нэрийн дор монголчуудыг талцуулан хувааж байгаа системийг нэгтгэн нийлүүлж нэг зүгт хардаг системийг бий болгоно л гэсэн үг. Намууд улс орныг хөгжүүлэх, ард түмнээ хангалуун сайхан амьдруулах хөтөлбөрөөрөө л уралддаг байх. Түүнээс биш элдэв харийн үзэл суртал, санаа бодлоор ард түмнээ мунхруулахгүй, талцуулахгүй байх, төрийн үзэл суртал нь үндэсний эх оронч үзэл санааг бүх шатанд суртлаа болгох тийм системийг л бид ажиллуулах ёстой. Энэ нь бусдыг үзэн ядах, бусадтай сөргөлдөх биш эзэн зочны харьцааны зарчим дээр суурилсан байх, гадаад эдийн засгийн харилцаа нь харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчим дээр суурилах ёстой. Гадаад бодлого нь хоёр хөрштэйгөө харилцах харилцааг тэргүүлэх чиглэл болгон улс үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах олон талт бодлого дээр суурилсан зарчмыг үндэс болгосон байна.

Энэ мэтээр гадаад, дотоодын олон асуудлыг цогц хэлбэрээр харж улс төрийн реформыг хийх хэрэгтэй. Түүний дараа л хөгжил дэвшил ярих боломж бүрдэнэ. Тэрнээс өнөөдөр шиг зөвхөн эдийн засгийн өнцгөөс аливаа асуудалд хандан улс орны эрх ашгийг уландаа гишгэдэг байдлыг үгүй хийх системийг бий болгох тухай үзэл санаа дор системийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй байгаа юм.

-Та ирэх сонгуульд хаанаас нэр дэвших вэ?

-Баянзүрх дүүргээс л нэр дэвшдэг, тэндээ л нэр дэвшинэ гэж бодож байна. Өнөөдөр Монголын төр хямралын нөхцөл байдалд ажиллах маш сайн төлөвлөгөө, эрсдэлийн менежмэнтийг бодитой хийх нь хамгийн чухал тулгамдсан ажил. Тэгж байж бид сонгууль явуулах боломж нөхцөлийг хангах учиртай цаг үед иржээ гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *