“Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэгтэй ярилцлаа.
–Та “Эрдэнэс Таван толгой”-н хувьд хуучин хүн. Асуудлуудаа мэддэг болохоор танилцана гэж цаг авахгүйгээр ажлаа эхэлж байгаа байх. Ямар тактик барьж ажиллая гэж бодож байна?
-Цаг хугацааны хувьд ч тэр, зах зээлийн нөхцөл байдлыг харсан ч хариуцлагатай албанд ирж байна. Хүнд үед энэ албыг авч байгаагаа ухамсарлаж, ойлгож байгаа. Ирж байгаа даалгаврууд, ажиллах орчин, бүх л зүйл таатай биш байна. Гэсэн ч энэ компанид өмнө ажиллаж байсан, санхүү эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэж явсан, борлуулалт гэсэн чухал хэсгийг хариуцаж ирсний хувьд хийх зүйлийн гол төсөөлөл бол бий. Мэдээж өмнөх ажлаас ачаалал ихэсч таарна. Хариуцлага бол бүр ихэсч байгаа. Сүүлийн үед хүмүүс асуудал ярихаас шийдэл ярихаа больсон юм шиг санагддаг. Миний хувьд ажилдаа нэг зүйлийг зарчим болгож ажиллана. Асуудлаа ч тодорхойлно. Тухайн асуудалд тохирсон шийдлүүдийг ч хайж ажиллая гэж бодож байна.
–Анх “Эрдэнэс Монгол”-д ажиллаж эхэлсэн байх аа?
-Тэгсэн, анх 2009 онд “Эрдэнэс Монгол”-д ажилд орж байлаа. Хөрөнгө оруулалтынх нь газар тэдийн засагчаар ажиллаж эхэлсэн.
–Ямар асуудал дээрилүү төвлөрч ажиллах вэ?
-Мэдээж “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг яаж сайжруулах вэ гэдэг дээр анхаарч ажиллана. “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагын хувьд хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хөрөнгийг үнэ цэнэтэй болгох тал дээр түлхүү ажиллана гэж бодож байна. Хөрөнгийн үнэ цэнэ гээд ярихаар Таван толгойн хувьцааны асуудал яах аргагүй сөхөгддөг. Хувьцааны үнэлгээний асуудал Таван толгойн орд газрын бүтээн байгуулалтад саад тотгор үүсгэдэг тал бий. Харамсалтай нь өнөөдөр Таван толгойн хувьцааны үнэлгээний асуудал тодорхой биш байгаа. Төрөөс 1072 хувьцааг сая төгрөгөөр үнэлсэн нь бодитой эсэхээс эхлээдолон асуудал шийдлээ хүлээж байна. Таван толгойн бүтээн байгуулалтын асуудал яригдахаар л хувьцааны үнэлгээний асуудал хөндөгддөг учраас энэ чиглэлд түлхүү анхааръя гэж бодож байгаа.
–Хувьцааны үнэлгээний асуудлыг тодорхой болгохын тулд яг ингэнэ, тэгнэ гэсэн төлөвлөгөө, зорилго бий юу?
-Эхний ээлжинд үнэлгээ нь хэд вэ гэдгийг бодитой, зөв тодорхойлох ёстой. Яг ингэж тэгж ажиллана гэсэн төлөвлөгөө, таамаг хэлэхэд эрт байна.
-“Эрдэнэс Таван толгой”-н хувьд шийдэхэд төвөгтэй, бэрхшээлтэй гэж хэлэхээр ямар асуудлууд байна?
-Бэрхшээл зөндөө бий. Жишээ нь зах зээл хүнд байна. Монголын гэлтгүй олон улсыннүүрс олборлогч бүхкомпани таатай орчинд ашигтай ажиллаж чадахгүй байгаа. Ихэнх нь алдагдалтай ажиллаж байна. Сая миний онцолсон хувьцаа эзэмшигчийн хувьцааны үнэлгээ гэхэд л ашигт ажиллагаатай яалт ч үгүй холбогдоно. Хэдий чинээ ашигтай байна үнэлгээ нь төдийчинээ өндөр байх нь ойлгомжтой. Таван толгойн бүтээн байгуулалт санаснаар явахгүй байгаагийн цаад шалтгаан нь эргээд энэ асуудалтай холбогдчихож байна л даа.
–Танай компанийн борлуулалт хэр байгаа вэ?
-Манай компанийн өнгөрсөн жил борлуулсан нүүрс улсын хэмжээнд экспортолсон нийт нүүрсний гуч орчим хувийг дангаараа эзэлж байсан.Энэ жилийн хувьд эхний улирлын байдлаар 56 орчим хувь байгаа. Монголоос экспортолсон нийт нүүрсний талаас илүү хувийг гаргасан гэсэн үг. Өнөөдрийн хувьд борлуулалт саарах хандлагатай болчихлоо. Зах зээлийн хүнд нөхцөл нөлөөлж байна. Мөн Хятадын төрөөс баримталж буй бодлого нөлөөлж байна. Урд хөрш дотоодынхоо аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч эхэлсэн. Жишээ нь импортын коксжих нүүрсэнд гурван хувийн татвар тавьчихсан. Энэ татварыг өгснөөр Монголын коксжих нүүрсний өртөг хоёр орчим ам.доллараар нэмэгдэж байна. Зөвхөн нүүрсээ экспортлохын төлөө энэ хэмжээний мөнгийг нэмж төлж байгаа гэсэн үг. Нүүрсний чанар дээр таван элементийн шалгуур гэжтавьсан. Хятадын төрийн дотоодын компаниудаа дэмжих энэ бодлого үр дүнгээ өгч байна л даа. Өнгөрсөн оны нэгдүгээр улирлынх нь импортын хэмжээ 84 орчим сая тонн байсан юм. Гэтэл энэ оны эхний улиралд 49.7 сая орчим тонн нүүрс л импортоор авсан. Хятадын импортын хэмжээ 40 гаруй хувиар багасч байна гэсэн үг. Урд хөрш 2013 онд 75 сая тонн коксжих нүүрс импортолж байсан бол өнгөрсөн жил 63 сая тонн болж буурсан. Коксжих нүүрсний одоогийн импортыг нь харахаар 15-17 хувиар буурсан тоо гарч байна. Энэ жилийн хувьд Хятадын коксжих нүүрсний импорт ойролцоогоор 50 орчим саятонн болох нь гэсэн таамаг гараад байна. Хэрэгцээ нь багассан учраас ингэж буурсан хэрэг. Өнгөрсөн жил хэрэглээ нь арван хувиар буурсан гэсэн тооцоо бий. Энэ жил дахиад арван хувиар бууна гэсэн таамаг байна.
–Тэгэхээр танай компанийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй нь ээ?
-Мэдээж төлөвлөсөн хэмжээндээ хүргэхийн төлөө ажиллана. Төлөвлөгөөгөө таслахгүйг хичээнэ. Энэ жил найм орчим сая тонн нүүрс гаргана гэсэн зорилттой ажиллаж байна. Эхний улиралд 1.8 сая тонн нүүрс экспортолсон. Зургаан сая гаруй тонн нүүрс борлуулж байж төлөвлөсөндөө хүрэхээр байна.
–Нүүрсний үнийн уналт хэчнээн хувьтай байгаа вэ?
-Нүүрсний гол зах зээлийн хэрэглээ багассантай холбоотойгоор үнэ нь ч дагаад унаж байна. Зөвхөн энэ оны тоон үзүүлэлтийг онцолъё. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл нүүрсний үнэ 15-17 хувиар уначихаад байна. “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьд нэгж бүтээгдэхүүний борлуулж байгаа үнэ багасахаар борлуулалтад яалт ч үгүй нөлөөлнө гэсэн үг. Мэдээж ноднингийнхоо үзүүлэлтийг өсгөх гэж үзнэ. Гэхдээ ноднингийн нөхцөл байдал хэвээр үргэлжилсэн бол боломж байсан. Нөхцөл хүндэрсэн учраас шууд тэгнэ, ингэнэ гэж хэлэхэд эрт байна.
–Зүүн Цанхи дээр ажиллаж байсан Австралийн “Макмахон”-ыг хэт өндөр зардлаар олборлолт хийж байна гэсэн шалтгаанаар хэлэлцээ эхлүүлээд удаж байна. Тэр асуудал юу болж байгаа вэ?
-Би өмнө нь борлуулалт хариуцаж байсан учраас үйлдвэрлэл тал руугаа мэдээлэл авах түвшинд л оролцдог байсан. Зүүн Цанхийн операторын үйл ажиллагааны зардал өндөр байдагнь ашигт ажиллагаанд нөлөөлж байгаа. Үйлдвэрлэл хариуцсан хүмүүс, өмнөх удирдлага гээд бүгд л энэ асуудалд ач холбогдол өгч ажилласан. Одоогийн байдлаар хэлэлцээр дунд шатандаа явж байна. Үр дүн гаргахын төлөө зорьж ажиллана. Гайгүй шийдэлд хүрчих байх.
–Урд хөршийн нүүрсний зах зээл дээр хуучин өрсөлдөгчдөөс гадна Мозамбик зэрэг шинэ өрсөлдөгчид гарч ирж байна. Бид юу хийж байж Хятадын зах зээл дээр монгол нүүрсийг үнэ цэнтэй болгох вэ, таны бодлыг сонсъё?
-Хятадад нүүрс экспортлох сонирхолтой орнуудад шинэ бүтээн байгуулалтууд их хийгдэж байгаа. Гэхдээ зах зээлээсээ шалтгаалаад бидний төсөөлж байсан шигээр урд хөршийн зах зээл рүү хүчтэй орж ирж чадахааргүй харагдаад байна л даа. Учир нь өнөөдөр бүх бүтээн байгуулалтаа хийсэн компаниуд хүртэл хүнд байдалд байна. Хятадын нүүрсний зах зээлд шинээр орж ирэхээр төлөвлөсөн, бүтээн байгуулалт нь ид хийгдэж байгаа хоёр, гурван том төсөл бий. Нэг нь Мозамбикийн Маотиз. Коксжих нүүрсний орд газар л даа. Бүтээн байгуулалт нь өрнөж байна. Төмөр замаа бариад эхэлчихсэн. Оросын Эльга бий. Бүтээн байгуулалт нь нэлээд явчихсан.390 км төмөр замаа татсан. Далайн эрэг дээрх боомтуудын бүтээн байгуулалт дээрээ ажиллаж байгаа. Хятадын зах зээлд бага хэмжээний нүүрс нийлүүлээд эхэлсэн. Таван толгойн нүүрсний өрсөлдөх чадвар өнөөдрийн хувьд сайн биш байгаа. Маш том бүтээн байгуулалтуудыг хийж байж өрсөлдөх чадвар маань сайжирна. Өрсөлдөх чадварын хувьд сайн муу хоёр мэдээ бий. Муу мэдээ нь гэвэл бид өнөөдөр хангалттай төвшинд өрсөлдөж чадахгүй байна. Сайн мэдээ нь гэвэл бидний өрсөлдөгчид бүтээн байгуулалт, бүх юмаа тултал хийчихсэн. Байж болох хамгийн бага зардлаар нүүрсээ экспортолж байгаа. Гэтэл бидэнд амжуулах бүтээн байгуулалт их бий. Төмөр зам, боловсруулах үйлдвэр зэргээ барьчихвал нүүрсээ экспортолж буй одоогийн зардлаа өчнөөн ам.доллараар бууруулах бололцоотой. Бидэнд өрсөлдөх орон зай байгаа гэсэн үг. Манай өрсөлдөгчдөд зардлаа бууруулах өөр ямар ч орон зай байхгүй.
–Нүүрснийхээ үнэ цэнийг өсгөхийн тулд хамгийн эхлээд төмөр замын бүтээн байгуулалт яригдаж таарна. Төмөр зам баригдвал тээврийн зардал дээр гэхэд хэдэн ам.доллар хэмнэхээр байна?
-Төмөр зам бол хамгийн түрүүнд яригдах асуудал. Үүнтэй зэрэгцээд боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт яригдаж таарна. Боловсруулсан бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж Хятадын эцсийн хэрэглэгчдэд хүргэвэл монгол нүүрсний үнэ цэнэ өснө. Төмөр зам баригдсанаар зөвхөн тээвэрлэлтээсээ гэхэд арав орчим тэрбум ам.долларын хэмнэлт гаргана. Хэмнэсэн арван доллараараа зах зээлээ тэлье гэж ярьж байна.
–Зах зээлээ тэлнэ гэдгээ тодруулаач?
-Тээврээс хэмнэсэн мөнгөөрөө Хятадын нутаг дэвсгэр рүү илүү гүн нэвтэрье гэсэн санаа л даа. Цаашаагаа 200-300 км тээвэрлэж чадна гэсэн үг. Өнөөдрийн хувьд уурхайн амнаас хил хүртэлх нийт зардал маань 17-20 орчим ам.доллар болдог юм. Хэрвээ төмөр зам барьчихвал 7-9 ам.долларын хооронд тээвэрлэх боломж гарч ирнэ. Хэмнэсэн мөнгөөрөө Хятадын гүн рүү нүүрсээ зөөж, зах зээлээ тэлэхэд анхааръя гэсэн төлөвлөгөө бий. Нүүрсний өрсөлдөх чадварын тухайд газар зүйн өрсөлдөх чадвар гэж бий. Яг хэдэн км-ийн цаана зарж чадаж байна гэдгээр нь хэмждэг зүйл л дээ. Бидний яг өнөөдрийн хүрч чадах хил хязгаар Өвөр Монгол төдийд байна. Энэ хүрээнд л өрсөлдөж байна гэсэн үг.
–Нүүрсээ борлуулах зах зээлийнхээ хүрээг тэлчихлээ гэж төсөөлье. Урд хөршийн зах зээлийн коксжих нүүрсний эрэлт, хэрэгцээтэр хэрээр нэмэгдэж таарах уу?
-Нэмэгдэнэ. Тэлэгдсэн хэсэгт бидний тооцоолж байгаагаар ойролцоогоор 70 орчим сая тонн коксжих нүүрсний хэрэгцээ бий. Ийм том зах зээл рүү орохоор бидний зүгээс нийлүүлэх хэмжээгээ нэмэгдүүлэх боломж гарч ирнэ.
-“Чалко”-гийн өр юу болж байгаа вэ?
-“Чалко” компанид нүүрс нийлүүлж байгаа. Нийлүүлэлтэд зах зээлийн таагүй байдал, зам тээвэр гэсэн хоёр шалтгаан нөлөөлж байна. Засгийн газраас нүүрсийг шороон замаар тээвэрлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнээс шалтгаалж тээвэрлэлтийн өртөг нэмэгдэх байдал үүссэн. Ийм шалтгаануудаас болж борлуулалт саараад байна. “Чалко”-гийн өрийг дарсангүй гэдгээр “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг дүгнэх гээд байдаг. Зүй нь “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг ашигт ажиллагаагаар нь дүгнэх учиртай. Өр дарна гэдэг бол “Эрдэнэс Таван толгой”-н нэг зорилт мөн. Гэхдээ үндсэн зорилго байж болохгүй л дээ. “Чалко”-гийн өрийг үндсэн зорилгоо болгоод, энийг л даръя гээд зүтгэсэн бол өнөөдөр манай компанийн үйл ажиллагаа доголдох эрсдэл байсан. Учир нь “Чалко”-д нийлүүлэх нэг тонн нүүрсийг гаргаж ирэхэд бараг л дарж буй өрний хэмжээний зардал гаргаж байгаа. Өнгөрсөн хугацаанд “Чалко” компанитай шийдэл хайх зорилгоор хамтарч ажилласан. “Чалко” компанийн өрийг тодорхой хэмжээгээр хойшлуулах талаар яриа хэлэлцээ өрнүүлсэн. Зөвхөн энэ компанийн өрийг дараад явбал “Эрдэнэс Таван толгой” компани ямар ч мөнгөгүй болох эрсдэлтэй тулах байсан. Ийм нөхцөл үүсвэл “Чалко”-д нүүрсээ авч чадахгүй байдал үүснэ. Хоёр тал энэ эрсдлүүдээ бодолцож, харилцан ойлголцоод явж байгаа.
–Таван толгойн менежмэнтийг хувийн компаниудаар хийлгэх асуудал олны анхааралд байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Энэ асуудалд байр суурь илэрхийлэх нь зохимжгүй гэж бодож байна. Энэ бол ерөөсөө л улс төрийн шийдэл.УИХ асуудлыг шийднэ. Миний хувьд гүйцэтгэгч учраас УИХ-ын гаргасан шийдвэрийг дагаж ажиллахл үүрэгтэй.
Ц.Баасансүрэн