Categories
мэдээ цаг-үе

Б.Батбаяр: О.Баасанхүү гишүүн ялтан хүн УИХ-ын гишүүнийг шоронд дууддаггүй гэж бодож байгаа бололтой

Мансууруулах бо­дис хадгалсан, тээвэр­лэсэн хэргээр ял сонс­сон Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баа­санхүүгээс нэг тэрбум төгрөг нэхэмжилж Иргэний хэргийн шүүхэд ханджээ. Энэ талаар Г.Саран­гэ­рэ­­лийн өмгөөлөгч Б.Бат­баяртай ярилцлаа.

-Таны үйлчлүүлэгч УИХ-ын гишүүнээс их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Ямар үндэслэлээр шүүхэд хандах болов?

-УИХ-ын гишүүн О.Баа­сан­хүү өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш миний үйлчлүүлэгч Г.Сарангэрэлийн алдар хүндийг УИХ-ын чуулганы танхимд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилсон. УИХ-ын чуулганы танхимд Х.Тэмүүжин гишүүнд хандан “Чи хар тамхичин, биеэ үнэлэгчтэй дотно харилцаатай” гэх мэтчилэнгээр ярьсан. Төд удалгүй мэдээллийн хэрэгслүүдээр “Өнөөх Х.Тэмүүжингийн хар тамхичин, биеэ үнэ­лэгч хэн бэ” гэдэг мэдээлэл цацагдаж, Г.Сарангэрэлийн тухай янз бүрийн мэдээлэл гарсан. О.Баасанхүү гишүүн ч өөрөө ярилцлага өгч миний хэлж байсан хүн Г.Сарангэрэл мөн гэдэг утгаар ярьсан шүү дээ. Бүр 461 дүгээр хорих ангид Г.Сарангэрэлтэй очиж уулзахдаа “Чи Х.Тэмүүжинтэй дотно харилцаатай байсан гэж бичээд өгчих” гэх мэтээр дарамталсан нь өөрийнхөө ярьсныг баталж байгаа хэрэг.

-Нэр хүндэд халдсан гэж байгаа бол яагаад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргаагүй юм бэ?

-Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох гэмт хэрэг өөрөө хөнгөн төрлийнхөд багтдаг учраас хэрэгсэхгүй болох магадлалтай. Бас шүүхээс миний үйлчлүүлэгчийг мансууруулах бодис хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр ял оноосон. Тийм учраас гүтгээгүй гэж хэргээс мултарч магадгүй юм. Хүнийг гутаан доромжлох эрх хэнд ч байхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр Иргэний хэргийн шүүхэд хандсан.

-Нэг тэрбум төгрө­гийг ямар учраас нэхэмжилж байгаа вэ. Тооцоо гаргасан уу?

-Эхлээд арван тэрбум төгрөг нэхэмжилсэн. Үүнийг бодит байдалд шилжүүлэх үүднээс нэг тэрбум болгосон юм. Ямар ч албан тушаалтан бусдыг аманд орсноороо доромжилж, болохгүйг харуулахыг зорьж байна. Г.Сарангэрэл одоо 20 настай. Түүнийг идэвхтэй амьдралын 40 жил хүлээж байна. Гэтэл О.Баасанхүүгийн ярьснаас болж нийгэмд эзлэх байр суурьгүй болсон. Тэр охин улс төрд орох зэргээр карьер хөөх боломжгүй болчихлоо. Шалгуулж байхдаа гудамжинд явж байгаад зодуулсан нь ч үүний илрэл шүү дээ. Байр суурьгүй болсон 40 жилтэй харьцуулахад нэг тэрбум төгрөг юу ч биш.

-Иргэний хэргээр шүүхэд хандахад тэмдэгтийн хураамж төлдөг. Нэг тэрбум төгрөг нэхэмжлэхэд хичнээн төгрөгийн хураамж төлж байна вэ?

-40-50 сая төгрөг төлөх юм билээ. Гэх­дээ Г.Сарангэрэл ял эдэлж байгаа, ажилгүй, эд хөрөнгөгүй шүү дээ. Тэр утгаараа төлбө­рийн чадваргүй гэх үндэслэлээс тэмдэгтийн хураамж төлөхгүй болсон. Иргэний хуулийн 58.4-т энэ тухай заасан байгаа.

-О.Баасанхүү ги­шүүн нэхэмжлэлийн хувийг хүлээж авсан юм болов уу. УИХ-ын гишүүний халдашгүй байдал нөлөөлөхгүй юу?

-Тэр хүн “Ялтан хүн УИХ-ын гишүүнийг шоронд дууддаггүй юм” гэсэн л байр суурьтай байгаа. О.Баасанхүүг УИХ-ын гишүүний хувьд биш иргэний хувьд нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр УИХ-ын гишүүний халдашгүй байдал хамаагүй л дээ.

-Х.Тэмүүжин гишүү­нийг Г.Сарангэрэлтэй холбоотой гэж олон нийтэд ойлгуулахын тулд гүйцэтгэх ажил­лагаа явуулсан гэх ху­ран­даа на­рыг тагнуулын байгууллага “Төрийн эрхийн хууль бусаар авахыг оролдсон” гэх үндэслэлээр шалгаж байсан. Тэр хэргийг хэрэгсэхгүй болсон юм уу?

-УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх, Мөр­дөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг шалгаж байсан. ГэхдээПрокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болго­сон. Энэ талаарх албан бичиг надад ирсэн гэв.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *