Баянгол дүүргийн нэрэмжит “Хатан Туулын хишиг” 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын дөрвөн арслан, Ө.Бат-Орших гарьд, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд, Б.Пүрэвсайхан нарын заанууд зодоглосон юм. Барилдаан нэгийн даваанаас л сонирхолтой Ховд аймгийн харьяат Н.Батзаяа нарын улсын цолтнууд энэ даваанд учраа бөхдөө тахимаа өгсөн бол Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын хүчтэй заанууд хоёрын даваанд өвдөг шороодсон.
Харин гурвын даваанд энэ барилдааны түрүү үзүүрт яригдаж байсан Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан, даншгийн даян аварга Р.Пүрэвдагва аймгийн начин Баатарболдод тонгоруулаад унасан. Мөн л их дээшээ барилдах учиртай Увсын Н.Батсуурь арслан өөрийн нутгийн бөх аймгийн заан Б.Болдбаатарыг амлан аваад хутгуулаад өвдөглөсөн. Б.Болдбаатар Сэлэнгэ аймгийн наадамд Г.Өсөхбаяр аваргаар долоо давж аймгийн заан цол хүртэж байсан. Өнөө жилийн наадмын гурвын даваанд хүчтэй заан Б.Батмөнхийг өвдөглүүлж, шуугиан тарьж байсан. Увс аймгийн Улаангом сумын харьяат өнөө жилийн наадмын үзүүр бөх, улсын гарьд Ө.Бат-Орших энэ өдрийн барилдаанд зодоглосон. Улсын наадмаас хойш нэг ч барилдаанд зодоглоогүй байсан гарьд Баян-Өлгийн Б.Серик начингаар тав даваад зургаагийн даваанд Дундговийн Эрдэнэбатын Даш начинд тахим өглөө. Бөх сонирхогдын сонирхлыг зүй ёсоор татсан нь Э.Оюунболд, О.Хангай нарын барилдаан байв. Өнөө жилийн наадмын тавын даваанд энэ хоёр бөх хүч сорьсон. “Оюунболд Хангайд унаад өгчихлөө”, “Адъяахүү багшаа дагуулж очин ам аваад 300 саяар өгчлөө” гэх үнэн худал нь эс мэдэгдэх яриа наадамчдын дунд байсан. Яалт ч үгүй Хангай Оюунболдыг тун амархан давсан. Тэгвэл энэ өдрийн барилдаанд Оюунболд арслан давсан юм. Ингээд түрүү бөхөөр Ховдын Б.Бат-Өлзий харцага тодорч таван сая төгрөг гардлаа. Барилдааны дүйзийг хүргэе.
Дөрвийн даваа /оноолтоор/
- П.Бүрэнтөгс у.а Г.Баатарболд а.н
- Э.Оюунболд у.а Б.Ням-Эрдэнэ а.з
- Ө.Бат-Орших у.г О.Түмэн а.з
- Б.Батмөнх у.з Б.Болдбаатар а.з
- Н.Жаргалбаяр у.з Б.Бат-Орших а.а
- Б.Пүрэвсайхан у.з Г.Ганбаатар а.а
- Б.Соронзонболд у.а Б.Серик у.н
- О.Хангай у.х Л.Батзориг у.н
- Т.Баасанхүү у.х Б.Чимэдвандан у.н
- М.Бадарч у.х Д.Анар у.н
- Б.Бат-Өлзий у.х Б.Амарсайхан у.н
- Х.Гантулга у.н Ч.Хөхчирэнгэр у.н
- Э.Энхбат у.н Э.Даш у.н
- Л.Цэрэнтогтох у.н Б.Батжаргал у.н
- Ч.Баянмөнх у.н Ц.Одбаяр у.н
- Б.Амарзаяа у.н Ж.Чулуунбат у.н
Тавын даваанд
- П.Бүрэнтөгс у.а Х.Гантулга у.х
- Э.Оюунболд у.а Ц.Одбаяр у.н
- Ө.Бат-Орших у.г Б.Серик у.н
- Б.Батмөнх у.з Л.Цэрэнтогтох у.н
- Н.Жаргалбаяр у.з Б.Чимэдвандан у.н
- Б.Пүрэвсайхан у.н Б.Бат-Өлзий у.х
- М.Бадарч у.х Э.Даш у.н
- О.Хангай у.х Б.Амарзаяа у.н
Зургаагийн даваа
- П.Бүрэнтөгс у.а Б.Батмөнх у.з
- Э.Оюунболд у.а О.Хангай у.х
- Ө.Бат-Орших у.г Э.Даш. у.н
- Н.Жаргалбаяр у.з Б.Бат-Өлзий у.х
Долоогийн даваа
- П.Бүрэнтөгс у.а Б.Бат-Өлзий у.х
- Э.Оюунболд у.а Э.Даш у.н
Наймын даваа
- Б.Бат-Өлзий у.х ( түрүүлсэн)
- Э.Даш у.н (үзүүрлэсэн)
Ө.Манлай