“Ардын их хурал” хөдөлгөөний гишүүн Б.Бадралтай ярилцлаа.
-Танай хөдөлгөөнөөс хоёр танхимтай парламент байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа зарласан?
-Бид нийгэмд болж бүтэхгүй байгаа олон асуудалд шинжилгээ хийж одоогийн байгаа тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Одоогоор тогтолцоонд алдаа байгаа гэдгийг хүн болгон ойлгохгүй байна. Ойлгосон нь төдийлөн иргэний зориг гаргаж хэлж чаддаггүй. Манай улсад төлөөллийн ардчилал 1990 оноос хойш буюу сүүлийн 26 жил үргэлжилж байгаа ч үр дүнтэй байж чадахгүй байна. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг сайхан үг бий. Үүнийг орчин үеийн хэллэгт оруулбал жинхэнэ эрх чөлөө гэдэг чинь шүү дээ. Тэгвэл бид яагаад өөрсдийнхөө хувь заяа, амьдралыг өөр бүлэг хүмүүсээр мэдүүлээд байна вэ. Тэр бүлэг хүмүүс үнэхээр биднийг төлөөлж чадаж байна уу гэдэг асуудал гарна. Үүний язгуур нь төрийн тогтолцоо буруу байгаатай холбоотой. Төрийн тогтолцооноос гаргаж байгаа шийдвэр, шийдвэрүүдийг гаргадаг үйл явц нь буруу байна. Тиймээс одоогийн УИХ-д байгаа 76 гишүүнтэй тогтолцоо нь өөрөө гажиг тогтолцооны золиос болчихсон. Хоёр том нам нь мөн л энэ тогтолцооны золиос. Өөрөөр хэлбэл, алт шиг нам байгуулаад, алт шиг удирдагчтай болоод, мундаг хүмүүсээс бүрдсэн УИХ-тай боллоо ч тогтолцоо нь өөрөө язгуур угтаа гажигтай байгаа учраас хэзээ ч зөв шийдвэр гарахгүй. Энийг зоригтойгоор өөрчлөх цаг нь нэгэнт болсон.
-Тэгээд төлөөллийн ардчиллыг яаж зөв голдрилд нь оруулах вэ?
-Манайд шууд болон төлөөллийн ардчилал байгаа ч бас нэг хөгжүүлэх ёстой төрлийн ардчилал бол зөвлөлдөх ардчилал. Энэ нь дэлхий даяар нэлээд газар авч байгаа төрөл. Энэ төрөл олон нийтээрээ ямар нэгэн асуудлыг шийдээд явахыг хэлж байгаа юм. Гэтэл манай улсын иргэдийг Үндсэн хуульдаа эрх дархтай гэж заасан мөртлөө бодит байдал дээр тэр үүд хаалгыг нь нээж өгөөгүй. Ард иргэдийн дуу хоолойг хүргэхийн тулд зөвлөлдөх ардчилал тохиромжтой юм байна гэж үзэж байгаа юм. Цаг хугацаа хамгийн сайн дүгнэлт хийж шийдвэр гаргадаг зүйл. Тиймээс үүнийг цаг хугацаа харуулна.
-Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах болох байх даа?
-Бид тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа хүссэн, хүсээгүй нэмэлт өөрчлөлтийг оруулах ёстой болж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд бид ард иргэдэд өөрсдийнхөө ярьж байгаа үзэл баримтлалыг гүйцэд сайн таниулах шаардлагатай байна. Тэгж байж ард иргэд зэр зэвсэг зэхэхгүйгээр тайван замаар Үндсэн хуулийнхаа хүрээнд өөрчлөлтүүдийг хийнэ.
-Тэгвэл Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой вэ?
-Манай хөдөлгөөний зүгээс санаачилгыг нь гаргаж, гарах арга замыг нь зааж өгч байгаа юм. Тэгэхээр мэддэг хүмүүс нь цуглаад зөвлөлдөх ардчиллын дагуу Үндсэн хуульдаа ямар өөрчлөлт оруулахыг ярилцаад шийдэх хэрэгтэй. Бид ингэх ёстой гэсэн хуулийн заалт гаргаад тэрийгээ тулгаад байгаа зүйл байхгүй. Тэгвэл ардчиллын зарчим алдагдана.
-Өнөөдрийн УИХ-ыг бодитоор яг юу гэж дүгнэх вэ?
-Хуучнаар улс төрийн товчоо маягийн хэдэн хүмүүс улсын асуудлыг шийдээд явчихдаг болжээ. Бусад нь юу болсон, яах гэж байгаа. Ямар өөрчлөлт гарах гэж байгааг ойлгоогүй байхад нь янз бүрийн өөрчлөлтүүд гаргаад явчихдаг. Сүүлийн 26 жил тухайн бүлгүүд өөрсдөдөө ашигтай шийдвэрүүдийг хуулийн хэлбэрт оруулаад шийдээд явчихсан. Өнөөдөр бие биедээ хяналт тавьдаг тогтолцоо байхгүй учраас хуулиа гуйвуулж явсаар байгаад УИХ-ын гишүүд хэнд ч дийлдэхгүй болчихлоо. Тийм учраас тэнд орохын тулд хүмүүс эрээ цээрээ алдаж байна. Үүний үр дүнд Монголын ард түмэн зовж, зүдэрч, ядуурч, бизнесийнхэн нь тогтвортой ажлаа хийж чадахгүй байдалд орчихлоо. Манай улс үндэсний аюулгүй байдлаа алдах түвшинд олон асуудлаар доголдол гаргачихсан байна. Өнөөдөр буруу тогтолцоогоор явснаас болж Монгол Улсад бүх төрлийн баялаг байна гэж ярьж байгаа мөртлөө ядууралтай байна. Үнэндээ дэлхийн эдийн засгийн хямрал гэж ярьж байгаа боловч манайх шиг жижиг эдийн засагтай улс тэднийг дагаж ханараад ядуурахгүй байсан. Тогтолцоо маань гажиг болчихсон учраас сүүлийн хэдэн жил өөрсдөө сайн дураараа улс орныхоо эдийн засгийг сүйрүүлчихлээ. Энийг хоёр намын олигархижсан бүлгүүд хийсэн.
-Тэгвэл ямар шинэ тогтолцоог гаргах ёстой юм бэ?
-Бид “Ардын их хурал” гэдэг тогтолцоог гаргах ёстой гэж үзэж байгаа. Бидний дэвшүүлж байгаа “Ардийн их хурал” гэх тогтолцоо маань Монгол Улсын улс төрийн практикт байсан л зүйл. Богдын Засгийн газрын үед Манжийн дарлалаас салсны дараа дээд, доод танхимтай байсан. Мөн 1990-1992 оны хооронд Ардын их хурал гэж манай нийгэмд хэрэгжээд хоёр жил болсон тогтолцоо. 1990 онд Ардын их хурал байгуулж, тус хурлаасаа Улсын бага хурал байгуулж байлаа. Үндсэндээ дээд, доод танхимд хуваагдаж байсан юм. Улс төр болоод намууд нь хөгжчихсөн АНУ, Англи, Япон гэх орнууд ч мөн адил хоёр танхимтай шүү дээ. Энэ танхим үүсэхдээ баян чинээлэг язгууртнууд нь нэг танхим болж, энгийн жирийн иргэд нэг танхим болж байсан. Нийгмийн давхаргаас хамаарч гарсан хоёр танхим нь одоо болтол байж л байна. Хоёр танхимтай байх нь нэмэх, хасах талтай, авах гээх зүйлтэй гэж ярьдаг ч тэд олон зуун жил энэ жишгээрээ яваад асуудлаа бүрэн шийдвэрлэж чадаж байна шүү дээ.
Манайд 1990-1992 онд байсан Ардын их хурал, Улсын бага хурал гэх хоёр танхим бусад улсаас арай өөр үүсэлтэй. Манайд хоёр танхим байгуулахдаа удам дамжсан язгууртан баян чинээлэг, жирийн иргэд гэдэг нийгмийн давхаргаас хамаарч танхим байгуулаагүй. Нийт ард иргэдийг төлөөлсөн институци нь Ардын их хурал байсан юм. Ардын их хуралд сонгогдсон 430 гишүүн ямар намын харьяа байна гэдгийг судалж Улсын бага хуралдаа Ардын их хурлаасаа хүмүүсээ төлөөлж суулгадаг байлаа. Төлөөлж суулгахдаа тэдэнд та нар хууль тогтоож боловсруулах, батлах ажлаа хийнэ гэсэн үүрэг өгсөн. Ардын их хурал нь нийт улсын хэмжээний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, эрүүл мэндийн бодлогыг шийдвэрлэдэг байв. Энэ хэлбэрээр явж байгаад 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн батлахдаа Ардын их хурлыг байхгүй болгочихсон юм. Тэр үеэс эхлээд өнөөдрийг хүртэл олигархижсан тогтолцоо бий болчихсон байна. Уг нь бол хэн ч олигархиудын тогтолцоонд шилжинэ гэж 20 гаруй жил мөрөөдөөгүй байх. Гэтэл тогтолцооны зохион байгуулалт тоглоомын дүрэм нь буруу болж, зарим нь бүдэг бадаг ойлгомжгүй зүйлийг хуульдаа сайн дэлгэрүүлж оруулаагүй юм. Үндсэн хуулийн зарим заалтууд нь ямар ч байдлаар тайлбарлах боломжтой байсан учраас эрх ашгийн бүлгүүд бий болж, хуулийн цоорхойнуудаар тоглолт хийж эхэлсэн. Ингэж явсаар 20 гаруй жилийн дараа тэдний хүссэн олиграхижсан тогтолцоонд бид хүрчихлээ. Тэгэхээр одоо ард түмэнтэйгээ ярилцаж өөрсдийн ухаанаар улс төрийн тогтолцоог өөрчлөх санал гаргаж байгаа юм. Бид үүнийг цоо шинээр зохиож гаргаад хэзээ ч бүтэхгүй мөрөөдлийн сансар огторгуйн юм яриагүй. Урьд өмнө байсан зүйлээ улам боловсронгуй болгоод ажиллая гэж байгаа юм. Энэ нь одоохондоо манай улсын төрийн тогтолцоонд хамгийн боломжийн гаргалгаа.
-Таныхаар хоёр танхимыг ямар арга замаар бүрдүүлэх ёстой вэ?
-Бид энэ тогтолцоог өөрчлөхөд замын зураг гэдэг шиг тодорхой зүйлийг бэлдчихсэн. Өөрөөр хэлбэл, Ардын их хуралтай болъё. Ардын их хуралд том улсын чанартай бодлого зэргийг барьдаг эрхийг өгнө. Ардын их хурал хамгийн том институци ч гэсэн хяналттай байх ёстой. Дэлхий даяар ардчиллын онолд би танд итгэж байна гэхдээ би таныг хянаж байгаа шүү гэдэг. Манай улс гурван сая хүн амтай болчихсон учраас 1990 оныхтой харьцуулахад 430 гишүүнийг коэффициентээр бодож 600 гишүүнтэй Ардын их хурал байж болох юм байна гэсэн тооцоог гаргасан. Улсын бага хурал 76 гишүүнтэй байж болно, бүр хуучнаараа 53 ч байж болох юм. Мөн Ардын их хурлын сонгуулийг мажоритар сонгуулийн системээр явуулж байя. Монгол орны өнцөг булан бүрээс тухайн бүлэг хүмүүсийг төлөөлж чадах нэр хүндтэй, хамгийн сайн эрдэмтэн мэргэдийг сонгодог боломж нээгдэх юм. Улмаар аль нам, бүлгийнх гэдгийг тогтоогоод Улсын бага хуралдаа төлөөлүүлж намуудад квот өгнө. Танай намаас Ардын их хуралд тэдэн хүн сонгогдсон учир Улсын бага хуралд тэдэн хүн суулгах эрхтэй боллоо гэх эрхийг Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлтөөр оруулаад бүгдээрээ тохирчих юм. Түүний дагуу Улсын бага хуралд пропорциональ системээр намуудын эзэлсэн хувь хэмжээгээр хүмүүсээ суулгана. Өөрөөр хэлбэл, одоогийн Улсын Их Хурал бидний ярьж байгаагаар Улсын бага хурал болно гэсэн үг. Ардын их хурал Улсын бага хуралдаа дээрээс нь хяналт тавих ёстой. Нөгөө талаас Ардын их хуралд ашиг сонирхлын асуудал гарч болох учраас мөн л хяналт хэрэгтэй. Тэр хяналтыг буюу Ардын их хурлыг тараадаг эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид олгоё гэж байгаа юм. Ардын их хурал нь Улсын бага хурлаа тараах эрхтэй байх ёстой. Бид та нарт итгээд төлөөлөл болгож байнгын парламент болгож суулгасан. Та нар бидний итгэл найдварыг алдлаа, өөр хүн тавина гэдэг эрхтэй байх ёстой. Энэ бол ардчиллын энгийн зарчмууд шүү дээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хүнийг Ерөнхий сайдаар тавимаар байна гээд Ардын их хуралд саналаа өгдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл, Ардын их хурлаар нь Ерөнхий сайд томилогддог байх юм. Түүний дараа Ерөнхий сайд нь өөрийнхөө сайдуудыг өөрөө томилдог байх ёстой. Мөн Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор зэргийг 1990 онд Ардын их хурлаараа сонгодог байсныг сэргээх нь зөв. Дээрээс нь төрийн алба завхарлаа гэж шүүмжлээд байгаа учраас Төрийн албаны зөвлөлийн даргыг Ардын их хурлаас томилдог болох ёстой. Улсын бага хурал нь Ерөнхий сайдын ажлыг хийлгэхгүй байх юм бол Ерөнхий сайд нь Улсын бага хурлаа тараадаг эрхтэй байя. Өнөөдрийнх шиг үлгэнэсэн хүүхэлдэй гэж хэлэгдээд байгаа ийм Ерөнхий сайдтай баймааргүй байна. Ерөнхий сайд ажил хийхийн тулд бүрэн эрхтэй байх ёстой ч хар толгойгоороо хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Ерөнхий сайдад эрхийг нь ч өгье, хариуцлагыг нь ч тооцъё гэж байгаа юм. Энэ тогтолцоог хэрэгжүүлбэл бид ямар ч байсан одоогийн байгаа тогтолцооноос хамаагүй дээд түвшинд очно.
-Зарим хүмүүс ийм цөөхөн хүн амтай улсад 76 гишүүн ихдээд байна гэдэг. Парламентдаа таны яриад байгаа шиг олон хүн суулгах нь сөрөг үр дагавартай юм биш биз?
-Үүн дээр судалгаа хийж механик арифметик тоо гаргасан. Хар ухаанаар л бодоход 76 хүнийг мөнгөтэй улс орон худалдаад авахад амархан. 600 хүнийг бүгдийг нь худалдаж авч чадахгүй шүү дээ. За яахав, 300-г нь худалдаж авлаа гэж бодоход цаана нь эрх биш улс орноо гэсэн үзэлтэй 300 хүн үлдэнэ биз дээ. Болж өгвөл Ардын их хурал 1000 хүнтэй байсан ч болж байна. Энэ УИХ гээд байгаа 76 гишүүн багадаад байвал 100 хүнтэй ч байж болно шүү дээ. Тэгж байж л тогтолцооны баланс баригдах ёстой. Асуудлын гол нь хуулиар олгогдсон эрх хариуцлага, сахилга батдаа баригдаж шударгаар яваад байгаа юм. Нийгэмд шударга ёс байхгүй бол бухимдал үүсдэг. Түүний жишээ гэвэл өнөөдөр жирийн иргэн газар авах гэхэд тогтолцоо нь буруу учраас олгохгүй. Илүү мөнгөтэй, эрх дархтай өөр хүнд бол өгнө. Хуучин байсан Улсын бага хурал нь Ардын их хурал шиг хэрэггүй зүйл байхгүй гээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж тараасан юм. Тэр үеэс УИХ хамгийн том босс институци болчихсон. Тийм хүмүүс ард иргэдийн амьдралыг хэзээ ч мэдэхгүй. Тэрнийхээ төлөө зарцуулах юм юу ч хийхгүй. Эсрэгээрээ төсөвт суусан мөнгийг яаж авах вэ л гэж бодно. Одоогийн эрх баригчид хууль эрх зүйгээ өөсдөдөө таарсан байдлаар засаад явчихсан. Энэ нь зөвхөн бүлэг хүмүүсийг баяжуулж байна. Нийт массд наалдах наалдац байхгүй учраас шударга бус байдал гарч байгаа юм.
-Шинэ тогтолцоог хэзээнээс хэрэгжүүлж эхэлбэл зохимжтой вэ?
-Түргэн байх тусмаа л сайн. Хамгийн түргэн хугацаа гэвэл сонгуулийн аргаар явах учраас 2020 он. Үндсэндээ гурван жил үлдлээ. Энэ гурван жилд ард түмэнтэйгээ хэлэлцээд тал бүрээс нь ойлгодог болох хэрэгтэй байна. 2020 онд сонгууль болоход эхлээд Ардын их хурлын сонгуулийг хийх хэрэгтэй. Шинэ тогтолцоог гаргавал бүх хүнд ашигтай учир дургүйцэх цөөн хэдэн бүлэг хүн л бий. Тэр нь одоогийн бидний нэрлээд байгаа олигархиуд. Одоогийн байгаа эрх мэдлээ алдахгүйн тулд тэд нэлээд тэмцэнэ гэдгийг бид ойлгож байгаа. Дарамт шахалт ирэх л байх. Тэгсэн ч бид иргэний зориг гаргаад цааш явъя гэж байгаа юм. Шинэ тогтолцоогоо хэрэгжүүлчихвэл дараагийн улс төрийн намууд улам боловсронгуй дэлхийн улс төрийн намын жишигт хүрэх соёлтой ажилсаг намууд болно. Өнөөдөр улс төрийн намууд өөрсдийгөө мундаг гэж бодож байгаа боловч бодит байдал дээр хор найруулах, бие биенийгээ шоглохыг улс төр гээд ойлгочихсон байна. Улс төр гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах эрхийг авч байгаа хэрэг. Тэгэхээр тэнд худалч, хулгай хийдэг хүн байж болохгүй шүү дээ. Ард иргэдийн татварын мөнгө төсөв болж жинхэнэ шударгаар татвар төлөгчдөд зориулдаг байх ёстой. Өнөөдөр бид үр, ач, зээ нараа ямар нийгэмд үлдээх гээд байгаа юм бэ. Манжийн дарлалын үед “Төрийн төлөө оготно боож үхэх хэрэгтэй байна” гэдэг зүйр цэцэн үг гарсан. Яагаад гэвэл үндэстнээрээ уусаж алга болох гэж байсан үе. Одоо ч гэсэн тийм үндэсний аюул руу бид явж байна. Тийм учраас одоо төрийн төлөө оготно боож үхэх ёстой цаг үе ирлээ шүү гэж хэлмээр байна.
-Өмнө нь хоёр суудалтай танхимын талаар Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуай ярьж байсан. Танай хөдөлгөөнийг мөн л ингэж ярьж байгаад нам байгуулчихна гэсэн хардлага гарах байх даа?
-Бие биенийгээ нам байгуулчих байх даа гэж хардаж сэрддэг. Яагаад гэвэл нам төвтэй төр болчихоод байна шүү дээ. Тийм учраас намыг бүгдээрээ дахин шүтээд байгаа юм. Заавал нам байгуулахдаа гол асуудал нь биш. Тогтолцоогоо өөрчилж чадаж байвал нам, холбоо, хөдөлгөөн байх нь хамаагүй. Яг үнэндээ манай намууд үзэл баримтлалаараа ялгагдаад байгаа зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ ээлжилж эрх барьдаг хоёр том намууд нь хоорондоо хутгалдчихсан. Тиймээс л үүнийг олигархижсан тогтолцоо гэж байгаа. Энэ тогтолцоо цаашаа явахгүй. Улам л улс доройтно. Улс доройтох тусам ард иргэдийн идэвх буурч, итгэл үнэмшил байхгүй болж, хэт хоосорч ядуурч эхэлнэ. Ард түмэн ядуурах үед хатуу хуулийг хүсч эхэлдэг. Тэр үед дарангуйлал тогтдог олон улсын жишиг бий. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар энэ бүх балай зүйл Ардчилал гэдэг зүйлээс боллоо гээд байгаа. Гэтэл бусад орон хэдэн зуун жил ардчиллаараа хөгжөөд ирсэн. Бид 26-хан жил явчихаад ардчилал Монголд ерөөсөө таарахгүй гээд байгаа. Хэрэв ардчиллыг үгүйсгэж байгаа хүн байвал тэрний цаана дарангуйлагч л байна гэсэн үг.
-Ардын их хуралд гишүүн болохын тулд ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?
-Их хуралд шударга, эрдэм мэдлэгтэй, улс орноо худалдахгүй, халтар зоосны төлөө уравчихдаггүй, сонгосон бүлэг хүмүүсийнхээ сэтгэлийг унагаахгүй хүн байх ёстой. 1990 онд 430 депутатыг ийм л аргаар сонгож байсан. Тухайн үед тухайн орон нутгийн хамгийн нэр хүндтэй сэхээтэн хүмүүсийг нэр дэвшүүлсэн байдаг юм. Харин Улсын бага хурлын 53 гишүүнд хуулиа илүү мэддэг, боловсролтой хүнийг намаас нь суулгаж байсан. Тэд хуулиа батлаад хууль эрх зүйгээ улам боловсронгуй болгох эрх үүрэгтэй байсан юм. Үүнийг сэргээх хэрэгтэй байна.