Өнөөдрийн хэлэлцүүлгийг нээж ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэллээ. Тэрбээр “Манай улс 1992 онд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гэж тунхагласан. УИХ 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, хувь хүний нууцыг хамгаалах, тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан. УИХ-аас хууль батлан гаргах нь хэдийгээр чухал ч түүнийг нэг мөр хэрэгжүүлэх нь хамгаас чухал. Төрийн байгууллага хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас иргэдийн дунд хуулийн нэр хүнд унадаг нь маргаангүй.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд иргэд хаанаас ямар мэдээллийг авах талаар тусгайлан тусгаж өгснөөр иргэдийн мэдээлэл авах эрхэд онцгойлон ач холбогдолтой. Хэн нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзах, булзааруулах боломжийг хааж өгч байна. Цахим хувьсгал өнөөдөр бидний амьдралын салшгүй нэг хэсэг, улс үндэстний хөгжлийн хурдасгуур, бизнесийн салбарын чухал хэрэглэгдэхүүн болж байна. Цахим хувьсгал бол дэлхий нийтэд шинэ зүйл байхаа больсон. Иймээс бид өөрсдийн гэсэн цахим хөгжлийн эко системийг бий болгох шаардлага үүсэж байна” гэв.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Хүний хувийн мэдээллийг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллага хэрхэн хамгаалах вэ, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ, мэдээллийг хэрхэн солилцох вэ, иргэдээс мэдээллийг нь хэрхэн авах вэ гэдэг асуудал маш учир дутагдалтай байгаа.
Дата баазыг хоёрдагч газрын тос гэж нэрлэдэг. Дата баазыг төр болон хувийн хэвшил зөв ашиглавал газрын тосноос авдаг шиг асар их үр өгөөжтэй. Цугларсан датаг зөв ашигласнаар эдийн засаг эерэг үр нөлөөтэй. Мөн авлига буурна. Үүнтэй холбогдуулан
- Нийтийн мэдээллийн тухай
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай
- Кибер аюулгүй байдлын тухай
- Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн дөрвөн хуулийн төслийг өргөн барьсан.
Төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаарддаг байдал 100 хувь арилаагүй. Төрийн нээлттэй байлгах мэдээллийн талаарх зохицуулалт одоог хүртэл сул байна.
Нийтийн мэдээллийн тухай хуульд цахим баримт бичгийн баталгаажилттай холбоотой заалтыг оруулж өгсөн. Энэ нь цаасан баримт бичигтэй адил хүчин төгөлдөр байх, нотлох баримт бичгийн хэмжээнд шийдвэрлэгдэнэ.