Categories
мэдээ цаг-үе

Б.Алтанзул: Эрэгтэйчүүд арьсаа цэвэрлэх, чийгшил өгөх, хамгаалах гэсэн гурван алхмыг хийж, хэвшил болгох нь зүйтэй

Арьс арчилгааны зөвлөх, maкe up artist Б.Алтанзултай ярилцлаа.


-Хуурай, ширүүн уур амьсгалтай бүсэд амьдардаг бидний хувьд арьс арчилгааг зайлшгүй хийх шаардлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр нүүрний арьс арчилгааны тухай яриагаа эхэлье?

-Цаг уур, идэж хэрэглэдэг хоол хүнстэй холбоотойгоор монгол хүмүүсийн 80-90 хувь нь арьсны асуудалтай байдаг. Тэгэхээр бид нам дор, чийглэг уур амьсгалтай газар амьдардаг хүмүүсээс илүү дөрөв, тав дахин арьсаа арчлах шаардлагатай л даа. Ер нь арьсны үндсэн суурь бол арьсны чийгшил байдаг. Ямар ч улиралд арьсыг маш сайн чийгшүүлэх ёстой. Бүх төрлийн арьсны асуудал чийгшлээ алдсанаас үүсдэг. Бидний хувьд ихэвчлэн өглөө болон орой л тос түрхдэг. Гэтэл үүнийг мэргэжлийн арьс арчилгааны эмч нар хангалтгүй гэж үздэг. Монголын салхи нүүр алгадаж байгаа юм шиг хүчтэй байна гэж хэлж байхыг би гадаад багш нараасаа их сонсож байсан. Монголчууд болохоор энэ уур амьсгалдаа дасчихсан учраас хатуу ширүүнийг нь сайн мэдэрдэггүй юм байна. Тийм учраас бид өдөрт доод тал нь хоёроос гурван удаа арьсаа арчлах шаардлагатай. Гэтэл тийм боломж хүмүүст хараахан байдаггүй.

– Өдөр тутам арьсаа арчлах боломж байдаггүй гэлээ. Тэгэхээр өөр ямар аргаар арьсныхаа асуудлыг шийдэх боломжтой вэ?

-Арьсныхаа асуудлыг шийдэхийн тулд бид амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй. Үүнийхээ хажуугаар арьс, гоо сайхны мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэ мэдлэг бол аливаа бүтээгдэхүүний талаарх орц найрлагыг мэдэхээс эхэлнэ. Хэрэв мэдчихвэл хүн болгон энэ үндсэн мэдлэгээ дагаад өөрийнхөө арьсыг арчлаад аваад явах бүрэн боложтой. Энэ дагуу онлайн сургалтууд ч олон байна.

-Та онлайн сургалт явуулдаг шүү дээ? Нүүр будалтаас гадна арьс арчилгааны талаар хичээл ордог уу?

-Ер нь олон жил ажилласан туршлагаасаа судалж байгаад энгийн хүмүүст зориулсан арьс арчилгааны программ гаргаж хичээл зааж байгаа. Сургалтад суусан хүмүүсийн сэтгэл маш өндөр байна. Амьдралынх нь хэв маяг өөрчлөгдөж илүү эрүүл амьдрахыг хичээх болсон гэдэг сэтгэгдэл их ирж байна. Үүнээс гадна санхүүгийн асуудлаас болж хүмүүс бухимдалтай амьдардаг юм байна гэдгийг анзаарсан. Энэ стресс хүний арьсанд хамгийн их нөлөөлдөг. Хүн аливааг харах өнцгөө өөрчилчихвөл хичнээн ажил төрөл нь өөрчлөгдсөн ч арьс эрүүл болох үндэс болж өгнө. Хүмүүс арьсаа арчлахын төлөө эерэг хандлага яриад байх нь хаашаа юм гэж бодож байгаа байх. Гэтэл үнэхээр арьсаа гоё арчлаад, нүүрээ гоё будсан бүсгүйчүүд аз жаргалтай байгаа тохиолдлууд олон.

– Эрэгтэй хүмүүсийн арьсны онцлогийн талаар яриагаа үргэлжлүүлье?

– Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхийг бодоход арай илүү арчилгаа багатай гэж хүмүүс боддог. Гэтэл үндсэндээ яг адилхан арьсаа маш сайн цэвэрлэх, усаар чиигшил өгөх, хамгаалах гэсэн гурван алхамыг амьдралынхаа туршид хийх ёстой. Мөн эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнийг бодоход арай их хоол иддэг шүү дээ. Их иддэг хүнд арьсны тэнцвэржүүлэлт алдагдах тохиолдол их гардаг. Ер нь ямар ч хүн хоол хүнсээ зөв зохицуулбал арьс цаанаасаа гэрэлтээд ирдэг. Жишээлбэл сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой хэмжээнээс нь хэтрүүлж хэрэглэвэл арьсны тэнцвэржүүлэлт алдагдаж арьсан дээр их юм гардаг.

-Арьс арчилгааны тухайд хэрхэн анхаарвал зүйтэй юм бэ?

-Өөртөө тохирсон савангаар угаагаад, нарны тос түрхэж хамгаалах, чийгшүүлэх гэсэн гурван зүйлийг дадал болгоод хийх нь зүйтэй. Мөн өдөр болгон гурил идэж болохгүй. Гурил нүүрс ус ихээр ялгаруулдаг учраас хүний арьсыг зузаан болгодог. Зузаан арьстай болсоноор нүхжилт үүсдэг. Нимгэн арьстай хүмүүс илүү залуу харагддаг шүү дээ. Мөн үүний зэрэгцээ усаа сайн уух хэрэгтэй. Мөн унтахдаа дэрэн дээрээ цэвэрхэн алчуур тавьж унтаарай. Эрэгтэй хүний үснээс илүү тослог хаг унадаг юм байна л даа. Тэгэхээр энэ нь дэрэн дээр унаад нүүр тослогдуулдаг. Мөн архи, тамхи хэрэглэдэг хүмүүст арьсны асуудал түлхүү яригддаг. Өсвөр насны хүүхдүүд тамхи татсанаас болоод нүүрэн дээр нь их юм гардаг. Тэгэхээр өөрийнхөө биеийг эрүүл байлгах нь арьстай шууд холбоотой.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *