Categories
мэдээ нийгэм

Б.Алтантуяа: Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах хууль батлагдвал Лхагвасүмбэрэлийнх шиг хэрэг давтагдахгүй гэж найдаж байна

Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хуулийн төслийн талаар ярилцлаа.


-Хүний эрхийг хамгаалагчдад зориулсан хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна. Энэ хууль ямар шатандаа яваа вэ?

-НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн хамгаалагчийн тухай тунхаглал батлагдсаны 20 жилийн ой тохиож буй энэ цаг үед Хүний Эрхийн Үндэсний Комиссоос санаачилан хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл, хуульч, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулан “Хүний эрх хамгаалагчийнэрх зүйн байдал” хуулийн төслийг боловсруулсан. 2017 оноос энэ ажлыг эхлүүлсэн юм. Иргэний нийгмийн байгууллагуудын дунд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийж, саналыг тусгаад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болон бусад гурван гишүүнд хүлээлгэн өгсөн. Тэд үргэлжлүүлэн судлаж, шинжлээд УИХ-д удахгүй өргөн барих байх аа.

-Хүний эрхийг хамгаалагчид гэж хэн бэ, тэднийг энэ хуулиар хэрхэн хамгаалах вэ?

-Хүний эрх хамгаалагч гэдэг өргөн хүрээтэй ойлголт. Ажил мэргэжлээсээ үл хамааран хэн ч хүний эрхийн хамгаалагч байж болно. Оюутан, сэтгүүлч, байгаль орчныг хамгаалагч, хуульч, хүний эрхийн зөрчлийн хохирогч болоод тэдний гэр бүлийнхэн, эмч, багш, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, шүгэл үлээгч, захиргааны ажилтан, цагдаа гэх мэтээр. Одоогийн боловсруулсан хуулийн төслийн хүрээнд “хүний эрх хамгаалагч” гэж дангаараа эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, тайван замаар, хүчирхийллийн бус аргаар хүний эрхэм чанарыг үндэсний болон олон улсын түвшинд хүндэтгэн хамгаалж байгаа хүнийг хэлнэ гэж тусгасан. Хүний эрх хамгаалагчиднийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг. Тэд эрх мэдэл, байр сууриа буруугаар ашиглагчдыг нэрлэж, булайг нь илчилдэг. Тэд хүний эрхийн зөрчлийг илрүүлж, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг шаарддаг. Тэд хүмүүсийг ядуурал, айдаст автуулж буй ямар ч улс төр, нийгэм эдийн засгийн бодлогыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл хүн бүр адилхан үнэ цэнэтэй бөгөөд хүн бүртэй ялгаваргүйгээр адил тэгш хандаж, айдасгүй эрх чөлөөтэй амьдрах нийгмийг цогцлоохын төлөө ажилладаг, үгээ хэлдэг зоригтой хүмүүс юм. Тэд хүмүүсийг хүн болж төрснийхөө хувьд эдлэх ёстой үндсэн эрхээ шаардахыг уриалж, зоригжуулдаг юм. Гэвч үүнийхээ төлөө тэд наад зах нь үг хэлээр доромжлуулахаас эхлээд амь насаа алдах хүртэл элдэв, дайралт халдлагад өртөж байна. Бараг бүх оронд хүний эрхийн хамгаалагчид руу янз бүрээр халдсан тохиолдлыг Эмнести Интернэшнл байгууллагын хийсэн судалгаа харуулсан.

Тийм ч учраас хүний эрхийг хамгаалах эрхийг баталгаажуулах, хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах хууль байх хэрэгтэй гэж үзсэн юм. Энэ хуулиар бид хүний эрхийн хамгаалагчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсний зэрэгцээ, хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, хүний эрхийн хамгаалагч үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хүний эрхийн хамагаалагчид руу цахим болон цахим бус аливаа хэлбэрээр халдахгүй байх зэргээр төрийн байгууллага, албан тушаалтан, ТББ, аж ахуйн нэгжийн хүлээх нийтлэг үүргийг тусгаж өгсөн.

Ерөнхийдөө бол хүний эрхийн хамгаалагч аюулгүй, эрсдэлгүй тайван орчинд өөрийн болон бусдын эрхийн төлөө ажиллах боломж бий болно

-Хүний эрхийг хамгаалагчдад тусгайлан хууль гаргах ямар шаардлага байсан бэ. Одоо байгаа хуулиудад хүний эрхийн талаар хангалттай заасан гэдэг үзэл бодолтой хүмүүс ч бий?

-Бид айдас, талцал, өөрөөсөө бусдыг ад зэтгэр гэж үзэх, улс төрийн бүтэлгүйтэлдээ нэг хэсэг бүлэг хүмүүсийг буруутган “Бид тэдний эсрэг” гэх хандлага давамгайлсан үед амьдарч байна. Хүний төлөө зогссон тэр зоригт хүмүүс хаагүй сайгүй төрийн болон томоохон корпорациуд, гэмт хэргийн бүлэглэлүүдийн зүгээс халдлага, дарамт шахалт, гүтгэлэг, зүй бус харьцаанд өртөж, амь насаа алдах боллоо. Монгол Улсад ч мөн хүний эрх, эрх чөлөөний талаар дуугарсан сэтгүүлчид, өмгөөлөгч, байгаль орчны хамгаалагч нарт халдсан, айлган сүрдүүлсэн тохиолдлууд гарсан. Харамсалтай нь эдгээр хэргийг хохирогч нь хүний эрх хамгаалагч байсан гэдгээр нь авч үзээгүй, үр дүнтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэхгүй байсаар байна. Ийм болохоор хүний эрх хамгаалагч нарыг хамгаалах хууль эрх зүйн орчин бидэнд зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ хамгаалалт хуулиудад ганц нэг заалт орсноор бий болохгүй тул иж бүрнээр шийдвэрлэх үүднээс бие даасан хууль байх нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн дунд хэлэлцүүлж байх үед ажлаас халахаас авахуулаад, элдвээр цоллох, биед болон цахим мэдээлэлд нь халдах, гутаан доромжлох, гүтгэх, шүүхэд өгөх, заналхийлэх зэргээр хүнийг хамгаалахад нь саад учруулдаг талаар маш олон хүмүүс өөрсдийн жишээн дээр ярьж, энэ хууль шаардлагатай, цагаа олсныг онцолж байсан.

-Монголд хүний эрх хэр хамгаалагдсан гэж та үзэж байна вэ?

-Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин дутмаг гэх зэргээр зайлшгүй сайжруулах шаардлагатай зүйлүүд байгаа ч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд бүрэн хэрэгждэг бол Монголд хүний эрх гайгүй сайн хамгаалагдаж болохоор байна.

Харамсалтай нь хуулиудыг хэрэгжүүлэхгүй, оромдох, процессийн алдаа ихээр гаргаж, хуулийн дагуу хариуцлага тооцохгүй байгаагаас хүний эрх алхам тутамдаа зөрчигдөж байна. Ялангуяа энэ үзэгдэл хавтгайрах хандлагатай болж, зарим улс төрч улайм цайм хүний эрхэм чанар, хүний эрх рүү халдсан мэдэгдлийг ичгүүр сонжуургүйгээр хийж, өөрсдийн буруу шийдэл бодлогоо ямар ч үнэ цэнээр хамаагүй хадгалж үлдэхийн тулд хүний эрхийг уландаа гишгэж, улмаар хүний эрхийг хамгаалж баталгаажуулсан тогтолцоо руу дайрч байна. Үүний нэг жишээ бол эрүүдэн шүүж, зүй бус харьцсан гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгадаг өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн хүчирхийллээс иргэдийг хамгаалдаг байсан тогтолцоо болох Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан. Үүнээс болоод өнөөдөр эрүү шүүлт, зүй бус харьцсан хэргийн хохирогчид шударга үнэнийг тогтоолгож чадахгүй тэнгэр хол, газар хатуу хаачихаа мэдэхгүй эрхээ зөрчүүлсэн хэвээр байна. Эдгээр хохирогчдыг Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн бусад байгууллагад хандсаных нь төлөө элдвээр дарамталж, зүй бус харьцсан тохиолдол нэг биш гарч байна. Өөрөөр хэлбэл эрх нь хамгаалагдах нь бүү хэл давхар хохирдог болчихсон.

Хот дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийн эрхийг ихээр зөрчиж, өмч хөрөнгөгүй, орон гэргүй болгосон цөөнгүй тохиолдлыг бид баримтжуулсан. Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэгч нийслэлийн захиргааны байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг боловсрол, хариуцлагагүй байдал, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлээгүй удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэд гомдлоо Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид гаргаад ч тусыг эс олж байна. Гэтэл энэ онд шинээр 79 хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа нь ахиад олон иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлд оруулж байна. Учир нь албадан нүүлгэхийг хориглосон, иргэдийг орон гэргүй болгохоос хамгаалсан эрх зүйн орчин өнөөдөр хангалтгүй байгаа юм.

Орон гэр өмчөө хамгаалж үнэн зөв мэдээлэл хүссэнийхээ төлөө, өмч хөрөнгийг нь шударгаар үнэлэхийг шаардсаныхаа төлөө, орон гэр, гал голомтоо үгүй хийлгүүлэхгүйн төлөө үгээ хэлсэн, эрх баригчдын үүдийг сахисан эдгээр хүмүүс элдэв гүтгэлэг, доромжлолын бай болж бүр айлган сүрдүүлэлт, заналхийлэлд өртөж байна.

-“Манайд шүгэл үлээх соёл муу хөгжсөн” гэж зарим хүн ярьдаг. Хууль батлагдсанаар илүү олон хүн шүгэл үлээх зоригтой болно гэж та найдаж байна уу?

-Шүгэл үлээгчид ч мөн хүний эрхийн хамгаалагч байж болно. Дарамт, шахалт, айлган сүрдүүлэлт, хамгийн наад зах нь ажлаасаа халагдана гэсэн айдас байгаа учраас өнөөдөр Монголд шүгэл үлээгчид тийм ч олон биш байгаа байх. Хуулийн төсөлд шүгэл үлээгч гэж хэн бэ гэдэг тодорхой нэр томъёо оруулж өгөөгүй ч шүгэл үлээгч нь өөрөө хүний эрхийн хамгаалагч байж болох учраас энэ хуулиар мөн хамгаалагдах боломжтой. Зоригтой байж үгээ хэлснийхээ төлөө, шударга үнэнийг хамгаалсныхаа төлөө, өөрийн болон бусдын, улмаар ирээдүй хойчийн эрхийг хамгаалж зогссон хэн ч эрсдэлд орох ёсгүй. Энэ хууль батлагдсанаар Лхагвасүмбэрэлийнх шиг хэрэг давтагдахгүй гэж найдаж байна.

-Хүний эрхийг хамгаалагчдад зориулсан бие даасан хуультай хэр олон улс байдаг вэ. Ямар орнууд ийм хуультай байдаг вэ?

-Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах бие даасан хуультай болон хуулиуддаа энэ хамгаалалтыг зохих ёсоор суулгаж өгсөн орнууд цөөнгүй бий. 2016 онд нийтдээ 45 улсын хүний эрх хамгаалагчийн тухай хуулиудыг судлаж байгаад “Хүний эрхийн хамгаалагчдыг хүлээн зөвшөөрөх, хамгаалах загвар хууль”-ийг гаргасан байдаг. Энэ загвар хууль хүний эрхийн хамгаалагчдын ажлыг дэмжих, заналхийлэл, халдлагаас хамгаалах хууль, бодлого, институцыг бий болгох талаар техникийн зөвлөгөө өгөх замаар улс орнуудыг удирдамжаар хангадаг. Загвар хуулийг бүс нутаг бүрийг төлөөлсөн 500 гаруй хуульч боловсруулсан бөгөөд хүний эрхийн шилдэг өмгөөлөгчид, түүний дотор хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч нар санал нэгдэн баталсан байдаг.

-“Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэж заасан, хүнээ мартсан” гэж зарим хүн шүүмжилдэг. Энэ талаар та бодлоо хэлээч?

-1992 оны Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг хангалттай баталгаажуулж өгсөн. Харамсалтай нь дагалдаж гарах хуулиуддаа хангалттай тусгаж өгөөгүй, тусгасан зарим нэг хууль цаасан дээр үлдэж, амьдралд хэрэгжихгүй байгаа нь асуудал болоод байна. Үндсэн хуулинд бүхэл бүтэн нэг бүлэг нь хүний тухай буюу хүний эрхийн тухай байгаа. Малын тухай бүхэл бүтэн бүлэг байдаггүй биз дээ. Энэ утгаараа энэ шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна.

-Харилцаа холбооны эсрэг халдлагын тухай энэ хуульд тусгаж байгаа юм билээ. Хүний эрхийг хамгаалагчдыг онлайнд хянах оролдлого хэр их байна вэ?

-Технологи хөгжихийн хирээр цахим цагдан хяналт өргөн тархсан. Дээр нь троллууд ч байна.

Эмнести Интернэшнлээс гаргасан “Ганцхан чи уншдаг гэж үү” судалгааны тайланд харилцаа холбооны компаниуд хэрэглэгчдийн өдөр тутмын харилцаандаа ашигладаг цахим зурвас, захидлын нууцыг хамгаалах шифрлэлтийг бүрэн хангаагүй талаар дурдсан. Шифрлэлт нь бидний хувийн мэдээллийг хулгайлахаас сэргийлэхэд тусалдаг. Уг судалгаанд Аппле, Фэйсбүүк, Гүүгле, Снапчат зэрэг 11 технологийн компаниудыг хамруулсан ба зарим компаниуд хэрэглэгчдийнхээ хувийн харилцааг том эрсдэлд оруулж, хувийн нууцтай байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг олж тогтоосон.

АНУ-ын иргэн Эдуард Сноудены хэргийг дэлхий дахин мэднэ. АНУ-ын Тагнуулын алба иргэдийнхээ утсан харилцаа холбоог ямар ч зөвшөөрөлгүйгээр цагдан хянаж байгааг дэлхий дахинаа ил болгосныхоо төлөө шүгэл үлээгч Эдуард Сноуден мөрдөн мөшгигдөж байгаа.

Цахим цагдан хяналтаас гадна мөн хүний эрхийн хамгаалагчид ялангуяа эмэгтэй хүний эрхийн хамгаалагчдын эсрэг цахим орчинд үг хэлээр дайрч, доромжлох, сүрдүүлэх, нэр төрийг гутаах үйлдлүүд ихээр гарах болсон.

Тиймээс энэ хуулинд ямар үйлдлийг хүний эрхэд хамгаалагчид халдсан бэ гэдгийг тодорхой зааж өгсөн бөгөөд үүний дотор цахим мэдээлэлд халдах гэж томъёолсон.

-Хүний эрхийг хамгаалагчдад халдсан этгээдүүд ямар хариуцлага хүлээхээр тусгаж байгаа вэ?

-Эрх зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухайд бол холбогдох хуулиуд Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудад тусгаж өгөхөөр оруулсан. Энэ хуулиар ХЭХ-ийн эрх зүйн байдлыг л тодорхой болгохыг зорьсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *