Хувиараа алт олборлож байгаа хүмүүсийг бид “нинжа” хэмээн нэрлээд заншчихсан. “Нинжа” гэхээрээ л хууль бус үйлдэл хийдэг, байгаль орчин сүйтгэдэг, эргээд хариуцлага хүлээдэггүй алга болдог гэсэн ойлголтыг бид сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд авсан байдаг. Өөрөөр хэлбэл, монголчууд “Нинжа” гэх дайсантай болчихсон. “дайснаа” хэрхэн дарахаа мэдэхгүй байгаа мэт ойлголтыг олон нийтэд өгч, ярьж хэлж байлаа. “дайсан” хэмээн адлагдаад байгаа “нинжа” нар нь амьдралаа авч явах гэсэн эгэл жирийн ажилгүй иргэд. Тэд үнэхээр эрх дураараа аашилж, дуртай газраа алт олборлож, ухсан нүхээ булалгүй хаячихаад явдаг байсан нь үнэн. Гэхдээ хувиараа алт олборлож байгаа тэдэнд төрийн зөв бодлого хэрэгтэй байсан. Энэ талаар Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн зохицуулагч Б.Алтанбаганатай ярилцлаа.
-Хувиараа алт олборлогчдын өнөөгийн байдал ямар байна вэ?
-Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа 2000-аад оноос эхлэлтэй. Жил дараалсан зуд, ган, орон нутаг дахь ажилгүйдэл, зудад малаа алдсан малчид гээд тухайн үеийн нийгмийн байдал иргэдийг бичил уул уурхай руу эрхгүй оруулсан л даа. 2005-2006 он буюу манай төсөл эхлэхээс өмнө бол хувиараа ашигт малтмал олборлогчид нэг дор хэт олноороо төвлөрсөн, замбараагүй байдалтай байсан.
Энэ төвлөрлөөс үүдэлтэйгээр гэмт хэрэг, зөрчил, дээрэм, иргэдийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангасан зүйл огт байхгүй гэх мэт олон асуудал тулгамдаж байсан. Тэр үеийн нөхцөл байдлыг 2017 онтой харьцуулбал огт өөр, маш дэвшилттэй болсон гэж хэлнэ. Тухайн үед 100 орчим мянган хүн бичил уул уурхайд ажиллаж, алт олборлож байна гэсэн албан бус судалгаа, мэдээлэл байсан. Харин одоогийн байдлаар дээрх тоо илт цөөрсөн. Хувиараа ашигт малтмал олборлогчдын тоог нарийвчлан гаргах боломж хомс. Учир нь ихэвчлэн нүүдлийн шинж чанартай байдаг. Манай төслийн баг Үндэсний статистикийн хороотой хамтран 2012 онд судалгаа явуулахад энэ салбарт 14 мянга орчим хүн ажиллаж байна гэсэн дүн мэдээ гарсан. Үүнээс хойш буюу 2016-2017 онд дахин судалгаа хийж, одоо дүн нэгтгэгдэж байна.
-Швейцарийн хөгжлийн агентлагийн төсөл хэрэгжсэнээр бичил болоод хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхцөл байдалд ямар өөрчлөлт, шинэчлэл гарсан гэж та хэлэх вэ?
-Манай төсөл хэрэгжсэнээр бичил уурхай эрхлэгчдийн ажиллах нөхцөл хийгээд хууль, эрх зүйн орчин эрс сайжирсан. Тодруулбал, 2010 онд Бичил уул уурхай эрхлэгчдэд зориулсан хууль, эрхзүйн орчныг бий болгож, тэдний үйл ажиллагааг Бичил уул уурхайн журмаар зохицуулдаг болсон. Мөн тэд одоо уул уурхайн үйл ажиллагаа явуулах өөрсдийн гэсэн газартай болсон. Дээр нь Ашигт малтмалын тухай хуульд бичил уурхайчин гэсэн нэр томьёоллыг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, ажиллах эрх зүйн орчин, газар, хуулийн орчныг нь бүрдүүлчихээр бичил уурхай эрхлэгчид зохион байгуулалтад орж, нөхөрлөл, холбоо, хоршоолол байгуулаад хамтран ажиллах боломжтой болж байгаа юм. Хамгийн чухал нь төрийн бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.
Төслийн зүгээс бичил уурхай эрхлэгчдэд маш олон удаагийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан. Үр дүнд нь албан ёсны үйл ажиллагаа явуулж эхэлсэн уурхайнуудад осол эндэгдэл буурч, олонх нь байхгүй болсон. Осол аваар ихэвчлэн хувиараа алт олборлогчдын хүрээнд гарч, тоо нь буурахгүй байгаа.
-Нөхөн сэргээлтийн тал дээр танай төслөөс багагүй зүйл санаачилж хийсэн байдаг?
-Хамгийн чухал зүйл бол байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал. 2005-2006 онд маш их хэмжээгээр эвдэгдэж, сүйтгэгдэж орхигдсон газар олон байсан. Одоо ч цөөнгүй нь тэр хэвээрээ үлдсэн. Гэхдээ манай Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсруулах төсөл хэрэгжүүлсэн. Төсөл маань өнгөрсөн онд дууссан ч, Монгол Улсын 17 суманд буюу говь, хангай, тал хээрийн гэх мэт янз янзын бүсэд нөхөн сэргээлтийн аргачлалыг туршиж, хэрэгжүүлж үзээд аргачлал боловсруулсан. Энэхүү аргачлалаа Засгийн газрын 151 дүгээр тогтоол батлагдсантай холбоотойгоор шинэчлэн сайжруулаад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ерөнхийдөө бичил уурхайчид нөхөн сэргээлтийн энэ аргачлалыг ашиглаад нөхөн сэргээх үүрэг хариуцлага ногдож байгаа. Бид энэ аргачлалаа боловсруулахаар ажиллаж байхдаа нийтдээ 200 орчим га газрыг нөхөн сэргээсэн. Мөн бичил уурхайчид хамтраад 100 га газрыг нөхөн сэргээсэн. Энэ жилийн мөн 40 гаруй га газрыг нөхөн сэргээж байгаа. Тэгэхээр зөвхөн аргачлал боловсруулах явцдаа бид эвдэгдэж, орхигдсон 350 орчим га газрыг нөхөн сэргээсэн гэсэн үг. Хамгийн чухал нэг зүйл нь энэ аргачлалыг турших, боловсруулах явцдаа бичил уурхай эрхлэгчдэд нөхөн сэргээлт яагаад хэрэгтэй, чухал болох талаар байнга сургалт, сурталчилгаа, ухуулга хийж, ойлгуулж байсан. Үүний үр дүнд бичил уурхайчдын байгаль орчны хариуцлага маш сайжирсан.
-Бичил уурхай эрхлэгчдийн эрх зүйн орчин ямархуу түвшинд явж байна вэ?
-Өдгөө дэлхий дээр 40 сая хүн бичил уурхай эрхэлж байгаа гэх тоо байдаг. Үүний 100-аад сая нь бичил уурхайгаас шууд хамааралтай ажиллаж, амьдарч байгаа. Тэгэхээр зөвхөн Монгол Улс бичил уурхайн асуудалтай байгаа юм биш. Ялангуяа Африк, Америкийн орнууд, Азийн өмнөд хэсгийн орнуудад бичил уул уурхай илүүтэй хөгжиж байна. Монгол Улсын хувьд энэ төрлийн хууль, эрхзүйн орчин нь харьцангуй хөгжил сайтай орнуудын тоонд ордог. Учир нь Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газар гэх мэт төслийн хамтрагч талуудын нэлээд хүчин чармайлтын үр дүнд 2010 онд бичил уул уурхайн эрх зүйн орчин албан ёсоор бий болсон. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан талаар дээр дурдсан. Үүнээс гадна 2014 онд Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогод мөн бичил уурхайн асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бичил уурхайн асуудлуудыг зохицуулах, зохион байгуулалтад оруулна, алтны нийлүүлэлтийг ил тод болгоно гэх мэтээр заалтуудыг тусгасан байгаа. Өөр нэг чухал зүйл нь энэ онд Алт-2 хөтөлбөрийг Засгийн газраас баталсан. Тэгэхээр алтны чиглэлээр тодорхой ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд, хийгдээд явж байна. Мөн Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор бичил уурхай эрхлэгчдийн 308 дугаар тогтоолыг шинэчлэн баталсан. Энэ нь зохион байгуулалтад оруулах, албажуулалт чиглэлд маш их дэвшилт авчирна. Мөн орон нутгийн удирдлагуудын оролцоо хяналтыг сайжруулна. Тухайлбал, бичил уурхайтай холбоотой асуудлыг тухайн аймгийн удирдлагууд нэлээд алсын хараатайгаар, зөв зохион байгуулж шийдэх боломжтой болж байгаа юм. Аюулгүй ажиллагааны дүрмийг сайд нарын хамтарсан тушаалаар баталж, албан ёсных болгосон. Энэ мэтээр хууль эрхзүйн талаасаа яг албажуулалтын тал дээр нэлээд чамбай, сайн болсон гэж үзэж байгаа.
-Бичил уул уурхай сайн хөгжиж байна гэж байгаа ч олборлосон алт хаашаа ороод байна вэ, хаана тушаагаад байна вэ гэдэг нэг асуудал болоод байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч, хууль эрхзүйн хүрээнд хэрхэн зохицуулалт хийж байна вэ?
-Монгол Улсын хувьд алт бол нэлээд дээгүүрт тооцогддог эрдэс баялгийн бүтээгдэхүүн. Гэтэл 2016 онд 18 тонн алтыг Монголбанкинд тушаасны 53 хувийг хувь иргэн тушаасан байдаг. Энэ 53 хувь дотор л бичил уурхайнхан, хувиараа олборлогчид, ченжүүд багтаж байгаа юм. Монгол банкны зүгээс алтны нийлүүлэлтээ нэмэх зорилгоор алт худалдан авах хамгийн ая тухтай нөхцөлийг бий болгосон ч хаанаас хэн ямар алт тушаагаад байгааг мэдэх ямар ч боломжгүй байна. Харамсалтай нь өөр нэг асуудал нь хууль эрхзүйн орчин нь Монголбанк алтыг авахдаа заавал тусгай сорьцын байгууллагаар үнэлүүлсэн байх ёстой гээд заагаад өгчихсөн. Гэтэл сорьцын хяналтын ганцхан алба нь Улаанбаатарт байдаг. Өөрөөр хэлбэл, алт худалдан авч болох хамгийн гол цуг нь Улаанбаатарт ганцхан байдаг гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр бичил уурхай, хувиараа алт олборлогчид гээд бүгд хөдөө орон нутагт ажилладаг. Энэ нь л ченж, алт хувиараа худалдан авдаг гэх мэт худалдаачдыг бий болгоод байгаа юм. Жишээ нь, Улаанбаатараас 1000 километрийн зайтай орон нутгийн бичил уурхайчин олсон жаахан алтаа сорьцлуулж, Монголбанкинд тушаах гээд хэзээ ч ирэхгүй л байхгүй юу. Харин ч сум, орон нутагтаа байгаа ченжид бушуухан өгнө биз дээ. Ажлын шаардлагаар орон нутагт явж байхад грамм алт 80 орчим мянган төгрөгийн ханштай байгаа юм. Гэтэл Монголбанк 100 мянган төгрөгөөр худалдаж авдаг.
-Үүнээс гарах арга зам юу байна вэ?
-Нөгөө л албажуулалт. Эхлэхээс төгсгөл хүртлээ албан ёсны үйл ажиллагаа явуулах. Өөрөөр хэлбэл, сорьцлох, худалдан авах албан ёсны үйл ажиллагааг орон нутагт бий болгох хэрэгтэй юм. Тэгж чадвал ил тод байдалд 100 хувь хүрдэггүй юм аа гэхэд маш том ахиц авчирна. Үүнээс гадна өөр нэг арга нь валютын ченжүүдийг албан ёсны банк бус санхүүгийн байгууллага болгосон шиг алтны ченжүүдийг албажуулж, тодорхой зөвшөөрлөөр албан ёсоор ажилладаг болгож болно. Энэ тохиолдолд алтыг хаанаас, хэнээс, ямар хэмжээгээр авч байгаагаа бүртгээд явна. Ээн бүртгэлээ Монголбанкинд нэгтгэдэг болчихвол хаанаас, хэчнээн хэмжээтэй алт аваад байгаагаа мэддэг болно. Үүнийг мэддэг болчихвол хаанаас хууль бусаар алт хааш нь зөөвөрлөөд байгааг түвэггүй тогтоож болно. Энэ бол Улаанбаатар гэж ганцхан саванд л бүх юмаа багтаачихаад, багтаах гэж үзээд байгаагийн нэг алдаатай тал нь юм уу даа.
-Албажуулалтын тал дээр гаднын ямар жишиг байна вэ?
-Албажуулалтын хамгийн чухал зүйл бол газрын асуудал. Өнөөдрийн байдлаар хууль, эрх зүйн орчин сайн байгаа ч гэсэн яг хөрсөн дээрээ бичил уурхайчдын газрын асуудал сайн шийдэгдэж өгөхгүй байна. Тусгай зөвшөөрөл давхцах, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг байх ч юм уу, орон нутгийн хэрэгцээний газар гэх мэтээр газрын асуудал хүнд байдаг. Энэ мөн л ганцхан Монголын бус дэлхий дахины л асуудал. Гэхдээ л бичил уурхайг хөгжүүлье гэвэл газрын маргааныг шийдвэрлэх ёстой. Нэг жишээ ярья л даа. Филлиппин улсын төв банк алт худалдаж авдаг цэгтэй. Ингэхдээ заавал сорьцын лаборатори бус рентген төхөөрөмжөөр алтаа шалгаад худалдаж авдаг. Гэтэл Колумбад төв банк нь алт худалдаж авдаггүй. Энэ худалдаа хувийн секторынх болчихсон. Алт тушааж байгаа хүмүүсээсээ татвар хуримтлуулах байдлаар төр асуудлаа шийдчихдэг. Энэ мэтээр шийдэх боломж байна.
-Хариуцлагатай уул уурхай Монголд хэрхэн хөгжиж байна вэ?
-Манай төслийн зүгээс бичил уурхайг хариуцлагатай болгох, байлгах чиглэлд маш олон ажил хийж байна. Тухайлбал, төрийн байгууллагууд руу чиглэсэн, уурхайчинд чиглэсэн гэх мэтээр ажиллаж байна. Хууль эрхзүйн аргаар шийдэж байгаа нь Засгийн газрын 151 дүгээр тогтоол. Мөн бичил уурхайчдыг өөрсдөө сайн дурын хариуцлагатай үйл ажиллагаа явуулахад нь чиглэсэн ажил өрнүүлж байгаа. Тодруулбал, Шударга олборлолт гэдэг олон улсын стандарт байдаг. Энэ нь Латин Америкт төвтэй олон улсын байгууллагууд анх нэвтрүүлсэн байдаг. Энэ стандарт нь уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа ямар нэгэн байдлаар хүний эрх зөрчөөгүй, байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн хөдөлмөр ашиглаагүй, засаглалын хувьд зөв, тогтвортой, тухайн орон нутагтаа ээлтэй байгууллагыг л бий болгохын төлөөх хэмжүүрүүдийг тавьж өгдөг, 208 шалгуураас бүрддэг. Бичил уурхайн хувьд 208 шалгуур гэдэг бол маш том шалгуур. Гэхдээ үүнийг биелүүлчихсэн уурхайнууд дэлхий дээр байна. Мөн манайд Баянхонгор аймагт нэг бичил уурхайн төрийн бус байгууллага энэ стандартыг нэвтрүүлчихсэн, гурав дахь жилдээ олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажаад явж байгаа. Төслийн зүгээс дахиад хоёр байгууллагад энэ стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Энэ стандартыг нэвтрүүлсний давуу тал нь юу юм бэ?
-Бичил уурхай хариуцлагатай стандарттай болж, гэрчилгээгээ авсан тохиолдолд олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлоход килограмм тутамдаа 4000-6000 ам.долларын урамшуулал авдаг. Хариуцлагатай болсон аж ахуйн нэгж, байгууллага урамшууллаараа эргээд өөрсдийгөө улам чадавхжуулах боломжтой болох юм. Дэлхий нийтийн худалдаа, бизнесийн хандлага одоо хариуцлага руу орчихсон. Жишээ нь, Apple компанийн түүхий эдийг нь нийлүүлдэг Хятадын компани ажилчдаа илүү цагаар ажиллуулдгаас болж хүн амиа хорлосон асуудал гарсан. Үүнээс болж Apple-ийн борлуулалт дэлхийн зах зээлд навс унасан. Үүний цаана дэлхийн хүмүүсийн “Миний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн байгаль орчин, хүрээлэн буй орчин, хүн, амьтанд сөрөг нөлөөтэй, эрхийг нь зөрчсөн, хохирол учруулдаг бол үүнээс татгалзъя” гэсэн байр суурь илэрч байгаа юм. Үүнтэй уялдаад компаниудын нийгмийн хариуцлага маш өөр түвшин рүү тэмүүлж эхэлсэн. Ийм хандлага дэлхийн алтны худалдаанд ч бий болчихлоо. Ялангуяа баруун европууд, америкууд хүүхдийн хөдөлмөр, хүний эрхийг зөрчсөн ямар нэг үйл ажиллагаа тухайн бүс нутагт нь болж байгаа, байгаль орчинд сөрөг нөлөө учруулж авсан алтыг худалдаж авахгүй, эргээд тэдгээр хууль бус ажиллагааг санхүүжүүлэхгүй байх тал дээр хатуу зогсдог болсон. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, цэвэр, эрүүл худалдаа үйлчилгээг эрхэмлэсэн энэ бизнесийн зах зээл харьцангуй жижиг ч өдөр, сараар томорч, хүрээгээ тэлж байгаа. Тухайлбал, Шударга олборлолтын стандартын хүрээнд олборлосон алтыг Нобел, Каннын кино наадмын баримлууддаа ашигладаг болсон. Токиогийн олимп гэхэд зөвхөн электрон тоног төхөөрөмжид орсон алтыг л алтан медальдаа хийж байна. Үүнээс гадна тухайн алт хаанаас ирсэн нь тодорхой, ил тод байх ёстой гэсэн шаардлага тавигддаг болсон. Гэтэл Монголбанк, Монгол Улс тухайн алтыг хэн хаанаас авчирч, тушааж байгааг мэдэхгүй л сууж байна шүү дээ. Үүний цаана олон улсад алтаа борлуулахдаа Монгол Улс өөрийнхөө нэрийг л дэнчин тавьж байгаа хэрэг. Энэ нь эргээд маш том асуудал үүсгэхийг хэн байг гэх вэ. Тиймээс бид эрсдлээс сэргийлэх ёстой. Үүний нэг чухал зүйл нь Ил тод байдлын тухай хуулийг батлах. 2022 он гэхэд батлагдчих болов уу гэж бодож байна. Одоо бол манайх аль нэг биржийн стандартаар л явж байгаа шүү дээ. Гэтэл Европын холбоо алтны нийлүүлэлтийг ил тод болгох хууль батлах гэж байна. Энэ хууль батлагдчихвал манай алт тэндхийн биржүүдэд зарагдахгүй болох гээд байгаа юм. Тиймээс бид энэ хуулийн төсөл дээр маш сайн ажиллах ёстой, шударга олборлолтын хариуцлагыг бат бөх суулгах ёстой. Алт борлуулсан өнгөрсөн хугацаанд ямар нэг хууль бус зүйл хийгээгүй гэдгээ батлах ёстой. Үүний дараа олон боломж, олон давуу тал ирнэ.
-Гэхдээ одоо ч уул уурхайд хандах иргэдийн хандлага сайн биш. Орон нутгаа ухуулж, сэндийчүүлэхгүй л гэж үзнэ.
-Орон нутгийн уул уурхайн сөрөг нөлөөг тухайн орон нутгийн иргэд хамгийн түрүүнд хүртдэг. Улаанбаатарт байгаа хүмүүс хүртэхгүй. Харин Улаанбаатарт байгаа хүмүүст сөрөг нь биш татвар гэх мэт сайн зүйлс нь ирдэг. Зүй нь бол албажуулсны дүнд тухайн ашигт малтмал, алтыг аль сум, багаас ирснийг бүртгэлжүүлснээр орон нутагт нийт татварын 30 хувь нь шилжих ёстой. Орон нутаг тэр 30 хувиа өөрсдөө захиран зарцуулах ёстой юм. Гэвч манайд албажуулалт, бүртгэлжүүлэлт огт байхгүй. Уг нь бол шийдэж болох хамгийн амархан арга зам. Гэвч манайд өнөөг хүртэл бий болоогүй байна. Гэхдээ Швейцарийн хөгжлийн агентлаг энэ бүхнийг бий болгохыг зорьж ажиллаж байна.
Э.баатар