Categories
мэдээ цаг-үе

Азийн супер сүлжээнд нэгдэж нар, салхиа доллар болгох боломжтой гэв

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум ес дэх жилдээ боллоо. “Корпорэйт” зочид буудлын хурлын танхимд өчигдөр эхэлсэн форумын үеэр Сайншандын салхин паркийн төслийг танилцуулав. Бүтээн байгуулалт нь өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн салхин станцын хүчин чадал нь 55 МВт. 2009 оноос судалгааны ажил нь эхэлж байж. Энэ оны дөрөвдүгээр улиралд хүлээлгэн өгөх тов гарчээ. Хоёр сая орчим шоо метр цэвэр ус хэмнэнэ, 50 мянга гаруй тонн нүүрс хэмнэнэ гэсэн тооцоо дуулдав. Салхин станц ажиллаж эхэлснээр 100 мянган өрхийн цахилгааны хэрэглээтэй тэнцэх ногоон эрчим хүч үйлдвэрлэх нь. 210 сая кВт/цаг цэвэр эрчим хүчийг төвийн бүсийн сүлжээнд нийлүүлэх юм байна. Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүчний ассоциаци, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбооны хамтран зохион байгуулсан уг форумд төр, хувийн хэвшлийн нийт 170 гаруй байгууллагын 600 гаруй төлөөлөгчид оролцож, 13 илтгэл хэлэлцүүлэв. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн форумыг нээж үг хэлсэн юм. Нүүрсний давхаргын метан хийг ашиглаж 200 МВт хүчин чадалтай станц барих судалгааны ажил эхэлснийг сайд форумын индрээс дуулгалаа.

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын алсын том амбиц бол говийнхоо нар, салхийг ашиглаж Азийн супер сүлжээнд нэгдэх гэж Эрчим хүчний сайд онцоллоо. Зүүн хойд Азийн эрчим хүчний хэрэглээг хангах сүлжээнд нэгдчихвэл нар, салхиа доллар болгох асуудалгүй гэнэ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДӨРВӨН ХУВИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНЭЭС ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ

Улсын хэмжээнд нийт эрчим хүчний 4.2 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэсэн гэсэн статистик гарчээ. 2020 онд энэ тоог 13 болгож өсгөх таамгийг Эрчим хүчний яамнаас гаргажээ. Одоогоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 МВт-ын салхин станц, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын нарны цахилгаан станц, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 50 МВт-ын салхин цахилгаан станц, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 10 МВт-ын нарны станц ажиллаж байна. Голлох илтгэлийг Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван тавьсан юм. Түүний илтгэлийн сэдэв нь “Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв”. Олон компани сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах зөвшөөрөл авсан гэсэн мэдээ дуулдав. Салхин станцын хоёр, нарны станцын 29, усан станцын хоёр зөвшөөрөл өгчээ. Био газ, хог ашиглах хоёр тусгай зөвшөөрөл өгсөн гэнэ. Ихэнх нь Чойр, Сайншандын чиглэлд төвлөрсөн гэж илтгэгч онцлов. Нийтдээ 29 компанитай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Үнэ тарифын хувьд асуудал байгаа бололтой. Сэргээгдэх эрчим хүчинд дэмжих тариф үйлчилдэг. Одоогоор төвийн бүсийн хэрэглэгчид квт/цаг тутамд 11.88 төгрөг төлдөг аж. Мөнгөн дүнгийн хэмжээ 2020 онд 31-32 төгрөг болж нэмэгдэх тооцоо гарчээ. Гэрээ байгуулсан бүх компани станцаа барьчихвал 136 төгрөг болох магадлалтай юм байна. Ер нь сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф дэлхийн улс орнуудад ч асуудал болсон гэж форумд оролцогчид хэлж байсан юм. Эрчим хүчний зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Жамбаа “Улсын хэмжээнд дэмжих тарифыг таван бүсээс дөрөвт нь хэрэгжүүлж байна. Эндээс цугласан мөнгө нь 29.9 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ мөнгийг тарифын зөрүүг байхгүй болгоход зарцуулдаг. Цаашдаа дэмжих тарифын дарамтад иргэдийг оруулахгүйн тулд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлага бий. Айл өрхийн нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих хэрэгтэй. Ирэх долоо хоногт үүнтэй холбоотой журам гарах байх” гэсэн тайлбар хийв.

Сэргээгдэх эрчим хүчний станцууд олноор баригдах үед эрчим хүчний салбарт ямар хүндрэлүүд гарах талаар хөндсөн нь форумын анхаарал татсан сэдвийн нэг байв. Эхний асуудал нь горим гэнэ. Наргүй, салхигүй үед үүсэх хэлбэлзлийг ОХУ-тай холбогдсон шугам, IV цахилгаан станцын тохируулгаар явдаг байна. Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 120 МВт учраас өнөө маргаашдаа дажгүй, шинэ станцууд баригдаж, хүчин чадал нэмэгдэх тусам байдал хүндэрнэ гэсэн болгоомжлол эрчим хүчнийхэнд байна. Энэ асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлж эхэлжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга “Хуулиа өөрчилж, өрсөлдөөнт тендер нэвтрүүлнэ. Өрхийн түвшинд сэргээгдэх эрчим хүч хэрэглэхийг дэмжинэ. Ингэхийн тулд үнэ тариф нь хэд байх талаар судалж байна. Тендерийн зарчим их энгийн. Улс өөрөө хаана сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахыг шийднэ. Тоглоомын дүрмээ тодорхой болгохгүй бол Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хүрээнд олон асуудал үүсч байна. Диспетчерийн үндэсний төв хэрэглээ байхгүй гээд эрчим хүчийг нь авдаггүй. Харин үйлдвэрлэгч нөхөн төлбөр авах гэдэг. Иймд улс ямар хэмжээтэй эрчим хүч худалдан авахаа урьдчилж захиална. Нарны эрчим хүчний үнэ 12 цент хүртэл буурах боломжтой” хэмээн ярилаа.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭЛХИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛ НЬ УРД ХӨРШИЙНХ

Эрчим хүчний зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Жамбаа сэргээгдэх эрчим хүч дэлхийд болон Монголд ямар байгаа тухай илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхий даяар 10 сая гаруй хүн ажилладаг, нарны эрчим хүчний технологи сайжирч үнэ нь буурч эхэлсэн, зөвхөн энэ салбарт гэхэд л өнгөрсөн найман жилийн хугацаанд жил бүр 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн гэх мэт сонирхолтой статистикууд сонслоо. Дэлхийн хэмжээнд 2004 оноос хойш 2.9 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчинд оруулжээ. Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний мөнгө гэнэ.

Сонирхуулж хэлэхэд сэргээгдэх эрчим хүчинд зардаг мөнгөний 45 хувь нь урд хөршийнх аж. Сэргээгдэх эрчим хүчний төрлүүдээс нарных 38 хувийн өсөлттэй гарчээ. Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний шинэ төсөл хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгжүүдийн дунд дуудлага худалдаа зарлаж өрсөлдөөн үүсгэснээр тариф буураад эхэлчихэж. Мексикт гэхэд л хоёр цент болжээ. Манай улсын тухайд 2013 оноос хойш 463.9 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчинд хийжээ.

ДЭЛХИЙ НАРНЫ СТАНЦЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Хөрөнгө оруулалт, бодлогын шийдлийн газрын дэд захирал, Эрчим хүчний хөтөлбөрийг тэргүүн Кэрол Литвин ч илтгэлдээ жилээс жилд тариф нь буурч буй нарны эрчим хүчний талаар онцолсон юм. Дэлхийн улсууд нарны эрчим хүчийг ашиглахыг илүүд үзэх хандлага хүчтэй ажиглагдаж эхэлжээ. Энэтхэг улс гэхэд л 100 гегаваттын нарны эх үүсвэртэй болохоор зорьжээ. Удахгүй нарны эх үүсвэр нь 20 гегаваттад хүрэх гэнэ. Нарнаас үйлдвэрлэсэн эрчим хүчний тариф 2010 онд 16 цент байсан бол одоо дөрвөн цент рүү урууджээ.

Удахгүй гурван цент болох юм байна. Өмнөд Африкт нарны эрчим хүчийг ашиглах хүрээ өргөжсөөр байгаа гэж хатагтай Кэрол Литвин сонирхууллаа. Замбид 600 мегаваттын нарны эрчим хүчний эх үүсвэр суурилуулах зорилт тавьж, эхний ээлжинд 100 мегаваттыг суурилуулжээ.Засгийн газар нь газар олгож Дэлхийн банк бодлогын зөвлөгөө өгч, дэмжиж ажилласнаар сэргээгдэх эрчим хүчнийх нь үнэ өнөө жил зургаан цент болж буурчээ.

Гана улсад нарны эрчим хүчний тариф 18 цент байгаа бол манай улсад салхины эрчим хүчний үнэ 9.6 болон 9.4 цент байдаг талаар ч тэрээр дурдлаа. Кэрол Литвин эрчим хүчний хуримтлуур буюу эрчим хүчээ хадгалаад хэрэгтэй үед нь ашиглах технологийг илтгэлдээ хөндлөө. Зарим улс литиум батарей ашигладаг гэнэ. Австрали, Филиппинд энэ чиглэлээр нэлээд дэвшил гарчээ. Эрчим хүчний хуримтлуурын технологийн өртөг нь өндөр тул нийтийн хэрэглээнд нэвтрээгүй байгаа аж.

УУЛ УУРХАЙД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАВАЛ ХОЁР ИХ НАЯДЫГ ХЭМНЭНЭ

Энэ өдөр иж бүрэн хайгуулын судалгаа хийдэг “Шугам” компанийн захирал Б.Авирмэд “Уул уурхайн салбарт сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь” сэдвээр илтгэл тавив. Тэрээр “Нүүрс, байгалийн хий хүчтэй тоглогч хэвээр байна. Манай урд хөршид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нүүрс, байгалийн хийн эх үүсвэр давамгайлсан хэвээр байгаа. Билл Гэйтс эрчим хүчний шилжилт амар байхгүйг онцолсон шүү дээ. Үүний тулд олон арван жил шаардагдана” гэсэн юм. Уул уурхайд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглах талаар “Дизель генератор, нар, салхины эрчим хүчийг уурхайд хослуулан хэрэглэж болно. Үүнийг хэрэгжүүлбэл жилд хоёр их наяд төгрөгийг түлшний импортод өгдгөө зогсооно” хэмээн ярилаа. Түүний үзэж байгаагаар сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр дүнд хүрэхгүй байгаа зарим тохиолдол төслийн менежмэнттэй холбоотой гэнэ. Барилгын салбарт ашиглаж байгаа төслийн менежмэнтийн тогтолцоог хуулбарлаж хэрэглэвэл эерэг үр дүн гарна гэсэн саналыг “Шугам” компанийн захирал хэллээ.

ЭКО ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ НААДМЫН ДАРАА НЭЭЛТЭЭХИЙНЭ

Цахилгаан нь үнэгүй, шатахуун түгээх станцтай болох боломж байгаа юм байна. Форумын үеэр “Сопоко” компанийн төлөөлөл энэ боломжийн талаар сонирхуулав. Дэлхийд сүүлийн үед шатахуун түгээх станцууд эко болоод эхэлчихэж. Түлшний үнэ өсөж, нарны хавтангийн үнэ буурч буй нь энэ шийдлийг гаргахад хүргэсэн гэнэ. Монголын хувьд анхны эко шатахуун түгээх станц наадмын дараа ашиглалтад орох юм байна. 7.8 мегаваттын суурилагдсан хүчин чадалтай байх нь. Уг станц гурван жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо гарчээ. Нарны станцыг 25 жилийн турш ашиглах аж. Эко шатахуун түгээх станцын давуу талыг төсөл хэрэгжүүлэгчид нь “Тогтмол зардал буурна, мотортой ноцолдох шаардлагагүй. Түлшний үнэ литр тутамд 20 төгрөгөөр буурах боломжтой” хэмээн тайлбарлалаа.

ЗАСГААС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДЭМЖДЭГГҮЙ ГЭВ

Форумд оролцогчдын хэлж байсан нэг шүүмжлэл нь эрчим хүчний үнэ. Тэд эрчим хүчний үнэ бодитой биш гэцгээсэн юм. Эрчим хүчний үнийг төрөөс барьж байгаа нь ногоон эрчим хүчний бодлогод сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн хардлага ч сонсогдож байв. Батлагдсан хуулийн дагуу сэргээгдэх эрчим хүчний санг байгуулах хэрэгтэй гэсэн саналыг хэд хэдэн оролцогч онцолсон.

Форумын үеэр “Эвридэй ферм” компанийн захирал Р.Жигжид “Дэлхийн эдийн засаг энэ онд дөрвөн хувиар өснө гэсэн таамаг гарсан. АНУ-ын Төв банк, Европын холбоо гэх мэтчилэн томоохон байгууллагууд эдийн засгийг тэлэх бодлого явуулж байгаа. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн хандлага ч түгээмэл байна. Гадаад орчин ийнхүү тааламжтай байхад дотоод орчин ямар байх вэ гэдгээ бодох цаг болсон. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулахыг анхааралтай ажиглаж байна. Монголд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ханаж байна. Засаг дэмжиж байна гэдэг л дээ. Гэхдээ бодит байдал дээр тэгж чаддаггүй. Үйлдвэрлэгчид асуудлаа бүрэн шийдэж чадахгүй хэвээр байгаа” гэсэн юм. Сэргээгдэх эрчим хүчний энэ жилийн форумаар сэргээгдэх эрчим хүчний хуулийг илүү боловсронгуй болгох чиглэлд онцгой анхаарсан нь анзаарагдаж байлаа.

Тог нь үнэгүй, шатахуун түгээх станцтай болох боломжийг Сопоко компанийн төлөөлөл танилцуулав.

Ц.СҮХБААТАР: УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ БАЙЖ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭБҮРЭН АШИГЛАЖ ЧАДНА

Монголын анхны салхин станцын бүтээн байгуулалтыг хийсэн “Клин энержи” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатараас форумын талаарх байр суурийг нь сонирхлоо.


-Сэргээгдэх эрчим хүчний форумын үеэр яригдсан сэдэв, асуудал бодит байдалтай хэр нийцэж байна вэ. Энэ жилийн форумын онцлог нь юу байна?

-Урьд жилүүдийн форумууд ерөнхийдөө сэргээгдэх эрчим хүч чухал учраас дэмжье гэсэн уур амьсгалтай өрнөж байсан. Энэ жилийн форумын онцлог бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглаад явахад гарч буй хүндрэлүүдийн талаар нэлээд бодитой хандаж ярилаа. Маш чухал хандлага. Учир нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглаад чадал нь нэмэгдээд явахаар хүндрэлтэй талууд гарч ирдэг. Жишээ нь нар, салхины эрчим хүчийг ашиглахад хэрэглээ их үед нар, салхигүй байх магадлалтай. Хэрэглээ бага үед нар гарахгүй. Нөгөө талаар шөнийн цагаар салхитай байх нь бий. Үүнийг тохируулах асуудал их чухал. Энэ асуудлыг голчлон ярьж байна.

-Эрчим хүчний хуримтлуурыг ярьж байгаа нь сонирхолтой санагдлаа. Энэ хэр чухал асуудал гэж та бодож байна вэ?

-Эрчим хүчний хуримтлуурыг голчлон ярьж байгаа нь маш чухал. Гэхдээ эрчим хүчний хуримтлуур нэлээд үнэтэй. Хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэр утгаараа төрийн дэмжлэг гарцаагүй хэрэгтэй. Үүн дээр төр, хувийн хэвшил хамтран ажиллавал үр дүн гарна. Мөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад усан цахилгаан станц маш чухал. Эгийн голын усан цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэх мэт том чадлын усан цахилгаан станц баригдвал бид сэргээгдэх эрчим хүчээ 100 хувь ашиглах боломж бүрдэнэ. Энэ талаар форумын үеэр нэлээд ярьж байна.

-Сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр гэсэн шүүмжлэл бий. Энэ асуудлыг шийдэх ямар гарц байна вэ?

-Эрчим хүчний үнийг зориудаар барьж байна. Яг бодит өртөг нь одоогийн борлуулж байгаа үнээс өндөр учраас сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр юм шиг харагддаг. Таван жилийн дараа энэ байдал өөрчлөгдөнө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *