Инчён-2014″ паралимпийн Азийн зуны спортын II наадам БНСУ-ын Инчён хотод аравдугаар сарын 18-24-ний хооронд болно. Тус наадамд Монгол Улсаас спортын есөн төрлөөр 61 тамирчин, 15 дасгалжуулагч, багийн штабын ажилтан 4, эмч 2, хэвлэлийн мэдээллийн 4 ажилтан болон ширээний теннисни олон улсын 2 шүүгч нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох ажээ. “Инчён-2014” паралимпийн Азийн зуны спортын наадамд 42 орны 4500 тамирчин спортын 23 төрлөөр өрсөлдөх бөгөөд “Рио-2016” паралимпийн наадмын эрх олгох аж. Энэхүү наадамд манай улсаас жүдо бөх, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, суугаа волейбол, пауерлимфтинг болон хонхот бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрлөөр оролцох юм байна.
Манай баг тамирчид маргааш буюу энэ сарын 14-нд БНСУ-ыг зорих юм бөгөөд 19-нд наадмын эхний төрлүүд явагдах юм.
“Гуанжоу-2010” Азийн наадамд манай пара жүдо бөх, хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид 2 мөнгө, 3 хүрэл хүртсэн амжилтыг үзүүлжээ.