Categories
гадаад мэдээ нийгэм цаг-үе

Азийн орнууд Цагаан сарын баярыг цуцлах шийдвэр гаргажээ

Ч.Биндэръяа

Дэлхий нийтэд цар тахал дэгдсэнээс хойш бүх нийтийн баяр ёслолын цар хүрээ хумигдах болсон. Удахгүй Монголын уламжлалт сар шинийн баяр тохиохтой холбогдуулан гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг Засгийн газраас анхааруулж байгаа билээ. БНХАУ ч ялгаагүй халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлэх үүднээс Цагаан сарын баярыг цуцлах хориг, шийдвэрүүдийг гаргаж байна. Учир нь Хятадад Цагаан сарын баяраар долоон хоног бүх нийтээрээ амарч, өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Баярын үеэр олон сая иргэд гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар хот хооронд зорчдог учир коронавируст цар тахлын халдвар идэвхжинэ гэж Хятадын эрх баригчид болгоомжилж, хэд хэдэн хязгаарлалт тогтоожээ.

Тухайлбал БНХАУ-д ажилладаг 300 сая орчим цагаач ажилчдыг хот, хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах замаар гэртээ харихыг ньхоригложээ. Тэдгээр цагаач ажилчдад хөл хорио тогтоосон ч Засгийн газраас урамшуулал олгох бөгөөд гэр бүлээ хамгаалж, иргэний хариуцлагаа ухамсарлахыг уриалж байгаа юм.

Харин Шанхай хотод баярын үеэр ажлын байран дээрээ үлдэж буй хүмүүсийн утасны төлбөр болон эмчилгээний зардлыг төлөхөөр шийдвэрлэсэн бол Бээжингийн эрх баригчид компаниудадыг ажилчдаа илүү цагаар ажиллуулахыг уриалж, гэрийн үйлчлэгчдэд баярын урамшуулал болгож 60 орчим доллар олгоно гэж мэдэгджээ.

Өнгөрөгч долоо хоногт Хятадын Төрийн зөвлөлөөс хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр: “Бидний авч хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээнүүд цагаач ажилчдыг ажлын байран дээрээ сэтгэл амар үлдэх боломжоор бүрэн хангаж байгаа хэмээн найдаж байна” гэж албаныхан мэдэгджээ.

Томоохон хотуудад бага цалинтай хүнд хүчир ажил хийдэг олон сая цагаачдад уг шийдвэр хүндээр тусч байна.Хөл хорионоос шалтгаалан сүүлийн нэг жил гэртээ харьж чадаагүй нэгэн цагаач ажилтан 7 настай охиныхоо зургуудыг нийтлээд “Нийгэм үнэхээр харгис юм. Би охиноо үнэхээр их санаж байна. Гэхдээ миний хийж чадах зүйл байхгүй” гэж бичжээ.

Баярын үеэр хөдөө орон нутагт зорчиж байгаа иргэдээс хоёр долоо хоног хорио цээрийн дэглэм барьж, коронавирусийн шинжилгээний төлбөрийг өөрсдөө төлөхийгшаардаж байгаа аж. Мөн нийслэл Бээжин хот руу нэвтрэхийн тулд коронавирусийн шинжилгээ заавал өгсөн байхыг шаардаж байгаа юм. Өнгөрсөн жилийн Цагаан сар эхлэхээс хэдхэн цагийн өмнө Хятадын эрх баригчид орон даяар хөл хорио тогтоож, галт тэрэг, онгоцны хөдөлгөөнийг хязгаарлаж байжээ.

Харин Сингапурт олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлаж, парад болон цирк, төрөл бүрийн үзэсгэлэн гэх мэт үзвэрүүдийг дижитал хэлбэрээр хүргэхээр болжээ. Цагаан сарыг зөвхөн Хятадад тэмдэглэдэггүй бөгөөд Өмнөд Солонгос, Сингапур зэрэг Азийн хэд хэдэн улс орон, бусад улс орнуудад тэмдэглэдэг. Вьетнамд цагаан сарыг Tết, Төвдөд Лосар гэж нэрлэдэг байна.

Ч.Биндэръяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *