Индонези улсад болж буй Азийн спортын наадмын нээлтийн өдөр тус наадмыг хамтран зохион байгуулж буй Палембан хотод мэндэлсэн охинд “Азийн наадам” буюу “Asian Games” хэмээх нэр хайрласан гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд даваа гарагт мэдээлснийг “The Bangkok Post” уламжилжээ.
Охины аав, 38 настай Йордания Денни “Би түүнийг спортын хүссэн төрлөөрөө хичээллэхийг зөвшөөрөх болно. Тэр хэзээ нэгэн цагт маш сайн тамирчин болох ч юм бил үү” хэмээн хэлсэн байна.
Бяцхан охиныг “Abidah Asian Games” хэмээн нэрлэсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн бямба гаригт Жакарта хотын Гелора Бун Карно цэнгэлдэх хүрээлэнд болсон Азийн наадмын нээлтийн ёслол эхлэхээс хэдхэн цагийн өмнө төрсөн ажээ.
Аавынх нь хэлснээр, охин цагаасаа эрт төрсөн бөгөөд түүнийг есдүгээр сард мэндэлнэ хэмээн тооцоолж байсан ажээ. Хоёр долоо хоног үргэлжлэх Азийн спортын наадамд 45 улс болон нутаг дэвсгэрийн 10 мянга гаруй тамирчин оролцож, спортын 40 төрлөөр өрсөлдөж байгаа билээ.