Индонез улсад болж буй “Азийн наадам 2018”-д одоогоор Хятад улс 15 алт, 12 мөнгө, есөн хүрэл медаль хүртсэнээр медалийн тоогоор тэргүүлж байна. Жагсаалын хоёрдугаар байрт Япон улс найман алт, 11 мөнгө, 11 хүрэл медальтайгаар бичигдэж байгаа бол Өмнөд Солонгосын баг тамирчид таван алт, есөн мөнгө, 10 хүрэл медалиар жагсаалтын гуравдугаар байрыг эзэллээ.
Эдгээр улсын араас тэмцээний эхний аравт Энэтхэг, Умард Солонгос, Иран, Хятадын Тайвань, Индонез, Монгол, Узбекстан зэрэг орнууд багтаж байгаа юм. Одоогоор Монгол Улсын баг тамирчид хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 45 улсаас жагсаалтын есдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг барилдсан. Шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хүрэл медальт Энэтхэгийн Дивья Какран, хагас шигшээд Тайванийн Чен Венлинг нарыг тус бүр оноогоор цэвэр яллаа. Ингэснээр алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Зоу Фенгтэй хүч үзэн ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Өмнөх өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий алтан медальт, Монгол Улсын гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртэв. Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн 12 дахь эмэгтэй тамирчин болж байна. 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг “Шар тив”-ийн олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан.
Тэгвэл найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон ийнхүү хоёр дахь шар медалийг ийнхүү авчирлаа. Түүнчлэн манай чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмаас хос алтан медаль хүртсэн дөрөв дэх тохиолдол болж байгаа юм. 1974 онд Тегеранд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, 1982 онд Шинэ Делигээс З.Дүвчин, Б.Болд, 2010 онд Гуанжоуд Г.Мандахнаран түрүүлж байсан удаатай. П.Орхон шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Киргизстаны Айсулуу
Тыныбековаг тус бүр цэвэр ялснаар аваргын тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртэв. Энэ нь Жакартагийн Азийн наадмын Монголын багийн дөрөв дэх хүрэл медаль болж байна.
А.Батцэцэг шөвгийн наймд Вьетнамын Ти Ли Киуг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Азийн аварга БНХАУ-ын Пей Шинруд ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, БНСУ-ын Ум Жи Уныг 5:2-оор яллаа.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль хүртэв.
Тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, дөрөвний нэг шигшээд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны хашир туршлагатай бөх Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Шин Хиг цэвэр ялсан юм.
Б.ГЭРЭЛМАА, Г.ХАЛИУНАА НАР ХЭСГЭЭСЭЭ ШАЛГАРЛАА
Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд өрсөлдөж буй “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, “Хангарьд” клубийн тамирчин спортын мастер Б.Гэрэлмаа олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Солонгосын тамирчин Чой Ин Жёоныг 5:3 харьцаатай, Филиппин улсын тамирчин Aбделла Ханнелийг 5:1 харьцаатай ялснаар хасагдах шатанд шалгарч үлдлээ. Мөн “УБ СИТИ” клубийн тамирчин Г.Халиунаа, өрсөлдөгч Катарын тамирчин Aл Aбдулла Tкраятыг 5:1 харьцаатай буулгаж авлаа. Тэрбээр хасагдах шатны тулаанаа Тайландын Вижитта Такамвонгтой хийнэ.
УУЛЧИД АЗИЙН НААДМЫГ ЗОРИЛОО
Спорт авиралтын төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөх баг тамирчид өчигдөр Индонез улсын Палембанг хотыг зорилоо. Монголын уулчдыг төлөөлж Спорт авиралтын баг анх удаа оролцох бөгөөд багийн бүрэлдэхүүнд:
-Б.Эрдэнэцэцэг (Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Багийн ахлагч)
-Н.Хэрлэн (ОУХМ, Говь-Алтай аймгийн Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин)
-Б.Ариунбаяр (Спорт авиралтын I зэрэгтэй, Говь-Алтай аймгийн Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутан)
-Н.Анужин (УРСА спорт бэлтгэлийн төвийн тамирчин, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн аврагч) нар багтаж хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорино.
АЗИЙН НААДМЫН НЭЭЛТИЙН ӨДӨР МЭНДЭЛСЭН ОХИНДОО “ASIAN GAMES” ГЭДЭГ НЭР ӨГЧЭЭ
Индонез улсад болж буй Азийн спортын наадмын нээлтийн өдөр тус наадмыг хамтран зохион байгуулж буй Палембанг хотод мэндэлсэн охинд “Азийн наадам” буюу “Asian Games” хэмээх нэр хайрлажээ. Энэ тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд даваа гаригт мэдээлснийг Бангкок Пост (The Bangkok Post) уламжилжээ.
Охины аав, 38 настай Йордания Денни “Би түүнийг спортын хүссэн төрлөөрөө хичээллэхийг зөвшөөрөх болно. Тэр хэзээ нэгэн цагт маш сайн тамирчин болох ч юм бил үү” хэмээн хэлсэн байна.
Бяцхан охиныг Абида Эйсиан Гэмэс (Abidah Asian Games) хэмээн нэрлэсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн бямба гаригт Жакарта хотын Гелора Бун Карно цэнгэлдэх хүрээлэнд болсон Азийн наадмын нээлтийн ёслол эхлэхээс хэдхэн цагийн өмнө төржээ.
Аавынх нь хэлснээр, охин цагаасаа эрт төрсөн бөгөөд түүнийг есдүгээр сард мэндэлнэ хэмээн тооцоолж байсан аж.