Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Тус хуралдаанаар “Эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр- Дэд хөтөлбөр-1”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив.
Азийн хөгжлийн банкнаас 15 жилийн хугацаатай 100 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Үүнийг цар тахлын эдийн засаг, төсөв, эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулах юм.
Мөн дараах асуудлыг хэлэлцжээ.
– Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай болон дээрх хуулиудын төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
– Улсын хэмжээнд 233 орчим мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байна.
– “Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулснаар оюутан солилцоог баталгаажуулах, ялангуяа анагаах ухааны чиглэлээр монгол оюутнуудыг бусад оронд сургах, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг сэргээх, шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх зэрэг боломж бүрдэнэ. Арменийн анагаах ухааны их сургуулийн диплом нь Европын орнуудад хүлээн зөвшөөрөгддөг байна.
– Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 10 дугаар сард болно. Ойн хүрээнд Олон улсын боловсролын сайд нарын чуулга уулзалтыг 10 дугаар сард зохион байгуулахаар болов. Уулзалтаар цахим шилжилт, шинэ зууны иргэн бэлтгэх багш, тэгш хамран сургалт, насан туршийн боловсрол, боловсрол дахь түншлэл зэрэг асуудлыг хэлэлцэж, гэрээ, хэлэлцээр байгуулах юм. Уулзалтад 30 гаруй орны сайд оролцох төлөвтэй байна.