Categories
мэдээ цаг-үе

Азийн хамгийн дуулиантай хурим

Өнгөрсөн ням гаригт манай дэлхийн тэргүүн баячуудын нэг болох Брунейн султан Хассанал Болкиахын отгон хүү, хунтайж Абдулла Малик хуримлав. Брунейн нийслэл Бандар-Сери-Багаван хотод болсон ёслолыг Азид хамгийн их шуугиан тарьсан энэ оны хурим хэмээн нэрлээд байна. Султан Хассанал Болкиах хүүгийнхээ хуримд 5.4 сая ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо гарсан юм. Түүнээс нэг сая гаруй ам.долларыг ивээн тэтгэгчид хандивлажээ. Гэсэн ч Брунейн султаны хувьд ийм хэмжээний мөнгө гаргах нь юу ч биш гэхэд хилсдэхгүй. “Forbes” сэтгүүлээс гаргасан судалгаагаар тэрээр 37.9 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй, дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад нэлээд дээгүүр бичигддэг. Цагтаа нэг бус удаа дэлхийн баячуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан хүн.

Султаны хүү 30 настай хунтайж нь чихрийн шижинтэй юм байна. Тэрээр 22 настай, нэгэн компанид системийн шинжээчээр ажилладаг Даянгку Раабиатуль Адави Пенгиран Хаджи Болкия хэмээх бүсгүйг гэргийгээ болгожээ. Залуухан бэрийн аав нь Брунейн иргэн, харин ээж нь Швейцарьт сувилагчаар ажилладаг юм байна. Нэг үгээр хэлэхэд жирийн боловч бэл бэнчинтэй айлын охин Султаны гэр бүлийн гишүүн боллоо. Брунейн хааны хүүхдүүд ихэвчлэн цусан холбоогүй хамаатнуудтайгаа гэрлэдэг. Харин хаан ширээг залгамжлах жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн хунтайж Абдулла Малик нь тогтсон дэг жаягийг дагасангүй. Түүний өмнө нь найзалж байсан бүсгүйг Султаны гэр бүлийнхэн таашаагаагүй тул харилцаагаа тасалсан юм. Удалгүй танилуудаараа дамжуулан ирээдүйн гэргийтэйгээ танилцаж сүй тавьжээ.

Хунтайжийн хуримын арга хэмжээ хоёр долоо хоног үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, дуулиант хурим өдгөө ч үргэлжилж буй. Гол арга хэмжээ нь Брунейн Султаны Истан-Нурул-Иман ордонд болсон. Дашрамд дурдахад тус ордон нь 1788 өрөөтэй, дэлхийн хамгийн том хааны ордонд тооцогдож Гиннесийн номонд бичигдсэн. Өнгөрсөн ням гаригт 21 удаа их буугаар салют буудуулснаар хуримын ёслол эхэлжээ. Хөлбөмбөгийн томоохон талбайтай тэнцэхүйц ордонд 2000 зочин уригдан очжээ. Японы хаан ширээг залгамжлах хунтайж Нарухито, Их Британийн хатан хааны бие төлөөлөгч, Малайз, Саудын Арави, Тайландын хаан гээд дэлхийн улс орнуудын хаан, хатан, хунтайж, гүнжүүд бүгд цугларсан аж. Зочдыг “Empire Hotel” хэмээх жорлонгийн суултуур нь хүртэл алтадсан тансаг буудалд буулгаж хүндэтгэл үзүүлсэн байна. Харин хуримын гол арга хэмжээнд тэдгээрээс хамгийн хүндтэй 500 зочныг оролцуулжээ.

Залуу хосууд алтан сандал дээр заларч алт, эрдэнийн чулуугаар чимсэн гоёлд умбасан. Сүйт бүсгүй шижир алтаар урлаж, чидун жимсний хэмжээтэй алмаз шигтгэсэн титэм зүүсэн байв. Гартаа мөн л алтаар урлаж, алмазаар чимсэн хиймэл цэцэг барьсан байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй тусгай захиалгаар “Christian Louboutin”-ийн Swarowski-ийн болор шигтгэсэн туфлиэр гоёж хөлөндөө шижир алтан гинж зүүсэн аж. Султаны хүүгийн бүсэндээ хавчуулсан чинжаал хутганы хийц, чимэглэл сүйт бүсгүйн гоёлоос дутахааргүй байсан гэдэг.

Хуримын ёслолын эхэнд уламжлал ёсоор нөхөр нь эхнэрийнхээ толгой дээр гараа тавьж адислахад шашны зүтгэлтнүүд Коран судар уншсан аж. Хуримын албан ёслолын арга хэмжээ 30-аад минут үргэлжилсэн. Үүний дараа залуу хосууд ээж аавуудаа хүндэлж сүйх тэрэг шиг болгон алтаар чимсэн “Лимузин” машинд сууж хотын гудамжаар явж ард иргэдтэйгээ мэндчилсэн байна. Энэ өдрүүдэд Брунейн нийслэлд нэлээд бүгчим байгаа аж. Гэтэл залуу хосуудыг Султаны ордноос гарч ирэхэд гэнэт бороо хувингаар ус цутгах мэт асгарчээ. Үүнийг үл ажран Брунейн иргэд хосуудыг харахаар гудамжинд зогсон хүлээсээр байжээ. Тэдний суусан машины араас 103 Лимузин дагалдан явсан бөгөөд тэдгээрт хуримд уригдсан зочид суусан байжээ. Ийнхүү Брунейн Бандар-Сери-Багаван хотын гол гудамжаар найман километр урт “Лимузин” машины цуваа явж өнгөрсөн байна. Мөн өдрийн орой Султан 5000 зочин урьсан хүлээн авалт хийсэн байна. Энэ үеэр зөвхөн салют буудуулахад 200 мянган ам.доллар зарцуулсан аж.

Зүүн өмнөд Азид орших Бруней хэмээх жижигхэн улс нь газрын тос, хийн ордоороо баян. Султан Хассанал Болкиахийн “Роллс-Ройс” машины цуглуулга нь дэлхийд алдартай. Түүнд 150 “Роллс-Ройс” машин байдаг. Султаны дүү, тус улсын Сангийн сайд хувийнхаа хэрэгцээнд 10 тэрбум ам.доллар зарлагдаж байсан удаатай. Тэрээр 17 онгоц, 2000 машин, 22 усан онгоц, хоёр гал унтраадаг машин, 170 алтан жорлонгийн суултуур, 500 болор гэрлийн бүрхүүл авсан байна. Тиймээс 1998 онд Брунейд мөнгө санхүүтэй холбоотой нэлээд том хэл ам гарч байсан. Харин энэ удаад султан мөнгө хамаагүй зарлагдахгүй хэмээн хунтайжийн хуримыг ердөө 5.4 сая ам.долларт багтаан хийжээ.

Залуу хунтайж Абдулла Малик нь ийнхүү гэр бүлтэй боллоо. Дахин эхнэр авч ч магадгүй. Брунейн султан Хассанал Болкиах нь 1981 онд онгоцны үйлчлэгч бүсгүйг хоёр дахь эхнэрээ болгосон. Харамсалтай нь удалгүй гэрлэлтээ цуцлуулсан юм.

Ю.ДЭЛГЭРМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *