Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний дөрөвдүгээр бага хурал яг одоо Шанхай хотноо эхэлж байна. Бага хуралд 40 гаруй улс, 14 орны төр, засгийн тэргүүн, олон улсын найман байгууллагын удирдлага оролцож байна. Дөнгөж сая БНХАУ-ын дарга Си Жиньпин тэднийг хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээг сурвалжлахаар олон орны хэвлэл мэдээллийн байгууллагууд иржээ. Харин энэ үйл явдлыг ССТV албан ёсны эрхтэйгээр дэлхий дахинд шууд дамжуулж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтад үг хэлж, Бага хурлын гишүүн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагаанд хамрагдах чиглэлээр баримталж буй Монгол Улсын бодлого, байр суурийг илэрхийлнэ.
АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтаар төгсгөлийн баримт бичиг – Тунхаглал батлан гаргах бөгөөд энэхүү баримт бичигт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн талаарх заалтуудыг тусгах талаар ажиллаж байна.
Манай улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ сарын 18-нд Шанхай хотноо ирсэн бөгөөд хурал эхлэхээс өмнө хоёр хөршийнхөө төрийн тэргүүнүүдтэй уулзлаа.
М.МӨНХЦЭЦЭГ