Categories
мэдээ спорт цаг-үе

Ази тивийн өсвөр, залуу боксчдын АШ тэмцээн эхэллээ

Ази тивийн өсвөр, залуу боксчдын Аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2021 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Дэлхийн хүн төрөлтнийг цочроосон Ковид-19 цар тахлаас шалтгаалан манай тивийн нэлээд орны баг тамирчин уг тэмцээнийг өнжиж байгаа хэдий ч Бахрейн, Индонез, Энэтхэг, Иран, Казакстан, Киргиз, Кувейт, Ливан, Монгол, Балба, Пакистан, Палестин, Шри-Ланк, Сири, Тажикстан, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан зэрэг орны залуучуудын 132, өсвөрийн 136, нийт 268 боксчин хүрэлцэн иржээ.

ХУВААРИЙН ДАГУУ:

  • Наймдугаар сарын 19-нд Сугалаа, нээлтийн ёслолын үйл ажиллагаа,
  • Наймдугаар сарын 20-27-нд Улаанбаатарын цагаар 20:00 цагаас тэгштгэлийн болон медалийн төлөө, хагас шигшээ тоглолтууд,
  • Наймдугаар сарын 29-нд Улаанбаатарын цагаар 18:00 цагаас Өсвөрийн боксчдын шигшээ тоглолтууд,
  • Наймдугаар сарын 30-нд Улаанбаатарын цагаар 18:00 цагаас Залуу боксчдын шигшээ тоглолтууд болно.

Монгол Улсын шигшээ багийн 12 боксчин, дөрвөн дасгалжуулагч уг тэмцээнд оролцохоор Дубайг зорьсон.

Тодруулбал, Азийн Өсвөрийн боксчдын охидын

  1. 46кг-д Батсайханы Саруул,
  2. 48кг-д Отгонбатын Есөнхүслэн,
  3. 66кг-д Даваагийн Гэрэлсайхан,

Азийн Өсвөрийн боксчдын хөвгүүдийн

  1. 46кг-д Энхтөрийн Төгсбилэг,
  2. 48кг-д Отгонбаярын Түвшинзаяа,
  3. 50кг-д Эрдэнэболдын Мөнх-Эрдэнэ,
  4. 52 кг-д Ууганбаатарын Алтангэрэл,

Азийн Залуучуудын эмэгтэй боксчдын

  1. 57кг-д Азийн өсвөрийн аварга, Улсын насанд хүрэгчдийн аваргын хүрэл медальт Төгсжаргалын Номин-Эрдэнэ,
  2. 60кг-д Улсын насанд хүрэгчдийн аваргын хүрэл медальт Мягмарсүрэнгийн Цэцэгдарь,

Азийн Залуучуудын эрэгтэй боксчдын

  1. 60кг-д Ганбаатарын Ган-Эрдэнэ,
  2. 67кг-д Цэндбаярын Мөнхтулга,
  3. 71кг-д Өсөхбаярын Төгөлдөр нар дасгалжуулагч Жамантайн Еркин, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Жаваагийн Баяр-Отгон, Володягийн Аззаяа нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.

2019 онд Азийн Өсвөрийн боксчдын АШТ Арабын Нэгдсэн Эмират Улсын Фужайрах хотноо болоход монголын Ж.Еркин дасгалжуулагчтай өсвөр боксчдын охидын баг анх удаа оролцож, Төгсжаргалын Номин-Эрдэнэ /57кг/ алт, Даваазоригийн Номин-Эрдэнэ /48кг/, хөвгүүдээс Чулуунтогтохын Элбэг /63кг/ нар хүрэл медалийн эзэн болж байв.

ТЭМЦЭЭНИЙ СУГАЛАА:

Азийн Залуучуудын эрэгтэй боксчдын 60кг-д Ганбаатарын Ган-Эрдэнэ эхний тулаанаа Кувейтын Осамах Албатхалитай хийнэ, ялбал киргизийн тамирчинтай медалийн төлөө үзнэ.

67кг-д Цэндбаярын Мөнхтулга эхний даваанд гоц мөргөсөн ба медалийн төлөө Тажикстаны Хожибобоев Сирожиддинтэй тулна, 71кг-д Өсөхбаярын Төгөлдөр эхний даваанд гоц мөргөж, медалийн төлөө непал, узбекийн ялсантай медалийн төлөө тоглоно.

Азийн Залуучуудын эмэгтэй боксчдын 57кг-д Азийн өсвөрийн боксчдын аварга, Улсын насанд хүрэгчдийн аваргын хүрэл медальт Төгсжаргалын Номин-Эрдэнэ медалийн төлөө Энэтхэгийн Прийтитэй тулалдана.

60кг-д дөрвөн боксчин орж байгаа тул Улсын насанд хүрэгчдийн аваргын хүрэл медальт Мягмарсүрэнгийн Цэцэгдарь хагас шигшээд казакстаны Жулдиз Шаяхметоватай мөнгөн медалийн төлөө тоглоно.

Азийн Өсвөрийн боксчдын охидын 46кг-д Батсайханы Саруул медалийн төлөө Узбекстаны Ганиева Гулсевартай, 48кг-д мөн дөрвөн боксчин орж байгаа тул Отгонбатын Есөнхүслэн хагас шигшээд мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн Вишу Ратийтай, 66кг-д дөрвөн боксчин орж байгаа тул Даваагийн Гэрэлсайхан хагас шигшээд мөнгөн медалийн төлөө Казакстаны Аружан Жангабаеватай, Азийн Өсвөрийн боксчдын хөвгүүдийн 46кг-д Энхтөрийн Төгсбилэг эхний даваанд хийлэн, медалийн төлөө кувейт, иракийн ялсантай тоглоно.

48кг-д Отгонбаярын Түвшинзаяа медалийн төлөө АНЭУ-н Мохаммед Али Хамистай, 50кг-д Эрдэнэболдын Мөнх-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, медалийн төлөө Узбекстаны Махмудов Хожиакбартай, 52 кг-д Ууганбаатарын Алтангэрэл медалийн төлөө Узбекстаны Мадаминов Абдуллотай тус тус тоглох болжээ.

Тэмцээний эхний өдөр 48кг-д Отгонбаярын Түвшинзаяа медалийн төлөө АНЭУ-н Мохаммед Али Хамистай, Азийн Өсвөрийн боксчдын охидын 46кг-д Батсайханы Саруул медалийн төлөө Узбекстаны Ганиева Гулсевартай тоглох хуваарь гарчээ.

АЗИЙН ТИВИЙН ӨСВӨР, ЗАЛУУ БОКСЧДЫН АШТЭМЦЭЭНИЙ ОНЦЛОГ

Өдгөө Азийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэмцээн нь тус тусдаа явагдаж байна. Мөн өмнө нь Азийн залуучуудын аваргын /эрэгтэй, эмэгтэй/ тэмцээн нь Азийн өсвөрийн /охид, хөвгүүдийн/ боксчдын тэмцээнээс ангид зохион байгуулагддаг байсан.

Азийн Залуучуудын АШТ хамгийн сүүлд 2019 оны өвөл Улаанбаатар хотод зохиогдон, 16 орны боксчид эрэгтэй 10, эмэгтэй 10 жинд аваргаа тодруулж байсан бол 2019 онд Азийн Өсвөрийн боксчдын АШТ Арабын Нэгдсэн Эмират Улсын Фужайрах хотноо зохиогдон 26 орны 170 хөвгүүн, 69 охинд оролцон тоглож байжээ.

Харин 2021 оны намрын энэ урт өдрүүдэд АИБА буюу Олон улсын боксын холбоо, Ази тивийн боксын холбооноос АНЭУ-н Дубай хотноо Азийн аваргын тэмцээний Залуучууд, өсвөр насны ангиллыг анх удаа хамтад нь зохион явуулж, Азийн АШТ-ий Залуучуудын ангилалд 2003-2004 онд төрсөн эрэгтэй, эмэгтэй боксчид, Өсвөрийн насны ангилалд 2005-2006 онд төрсөн хөвгүүд, охид тоглох боллоо. Ингэснээр Дубайн рингэнээс Азийн тивийн өсвөр, залуу боксчдын нийт 51 /эрэгтэй 26, эмэгтэй 26/ аварга жин тус бүрд тодорно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *