Categories
мэдээ улс-төр

Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөн нээлтээ хийлээ

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөн өнөөдөр /2018.06.12/ Төрийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн зөвлөгөөн “Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдвийн дор явагдаж буй бөгөөд Ази, Номхон далайн бүсийн Япон, БНХАУ, Малайз, Тайланд, Индонез, Филиппин, Бангладеш, Энэтхэг, Лаос, Ардчилсан Солонгос, Шри Ланк, Вьетнам зэрэг 13 орны 30 гаруй зочин төлөөлөгчид, Монгол Улсын Их Хурлын гишүүд оролцож байгаа юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд зөвлөгөөнийг нээж үг хэлсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөр бол дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдсэн, хамтран хүлээн зөвшөөрсөн, дэлхий нийтийн хамгийн их анхаарал татсан баримт бичиг, эрхэм чухал зорилт болохыг тэрбээр онцлоод дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөөх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орнуудын парламент, хууль тогтоогчид өөрийн хувь нэмрээ манлайлан оруулах ёстой нь маргаангүй бөгөөд Та бидний хүндэтгэлт үүрэг юм хэмээлээ.

УИХ-ын дарга М.Энхболд, Нийт ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогддог, төрийн үйл хэргийг олон түмнээ төлөөлөн шийдвэрлэдэг хууль тогтоох засаглал нь зөвхөн өөрийн улс орны дотоодод төдийгүй дэлхий дахины өмнө хамтын үүрэг хариуцлага хүлээх томоохон институц мөн хэмээгээд парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн төдийгүй манай гаригийн хөгжил дэвшил, олон улсын харилцааны тулгамдсан болон нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх нэн чухал механизм мөн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тиймээс энэхүү уулзалтаас бүс нутгийн улс орнуудын тогтвортой, эрчимтэй хөгжлийг хангах, нийт хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, насжилт, төрөлтийг нэмэгдүүлэх, иргэндээ ээлтэй орчныг бий болгох, залуучуудыг эрх мэдэлжүүлэх талаар хууль тогтоогчдын зайлшгүй анхаарах ёстой олон чухал асуудлын гарц, шийдлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна гэж тэрбээр хэллээ.

Азийн Хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн дарга, Япон Улсын Хүн амын төлөөх парламентын гишүүдийн холбооны хүндэт дарга, Япон Улсын Ерөнхий сайд асан Ясуо Фукудагийн зөвлөгөөнд оролцогчдод ирүүлсэн мэндчилгээг Япон Улсын парламентын гишүүн Карен Макишима дэвшүүлсэн.

Уг мэндчилгээнд, өнөөдөр дэлхий нийт чухал үе дээрээ ирээд байгааг дурдаад бид даян дэлхийн асуудлуудыг харж, шийдвэрлэж чадвал ирээдүй хойч үедээ тогтвортой хөгжлийг үлдээх боломж бий болно хэмээжээ. Глобалчлагдан, хүн ам нь өсөн нэмэгдэж буй дэлхийд байгаль орчин, байгалийн нөөцтэй холбоотой томоохон дарамт бий болоод байна гээд улс орнуудын хүн амын өсөлтөд эдийн засгийн нөхцөл байдлаас гадна байгаль орчин чухал нөлөөтэй болохыг дахин онцолсон. Түүнчлэн Монгол Улсын хүн ам өсөн нэмэгдэж байгаа ч хотдоо төвлөрөл бий болсон, дундаж наслалт эдийн засгийн түвшинтэй нь харьцуулахад бага байгааг онцлоод нөхөн үржихүйн болоод эхийн эндэгдлийн асуудлыг хөндөхгүй өнгөрөх аргагүй гэсэн юм.

Эцэст нь насжилт, төрөлт, залуучуудыг эрх мэдэлжүүлэх асуудлаар зөвлөлдөх ээлжит хурлаар залуучуудын эрүүл мэндийг сайжруулах болоод бусад чухал асуудлыг хөндөн ярилцана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн зөвлөгөөний нээлтийн үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн Төлөөлөгчийн газрын захирал Бёорн Жёрген Андерсоны мэндчилгээг Монгол дахь Суурин төлөөлөгч Наоми Китахара дэвшүүлсэн юм.

Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүсүүдэд жендерийн тэгш бус байдал, хүн амын насжилт, залуучуудад боломжийг нээхтэй холбоотой асуудлууд гарч ирж байгааг мэндчилгээний эхэнд дурдаад энэхүү хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд эдгээр асуудлыг бүгдийг нь авч үзэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хангахад анхаарч ажиллах хэрэгтэй байгааг дурдсан юм.

Түүнчлэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эрхтэй холбоотой гол суурийг тавих, 2030 он гэхэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэхээр төлөвлөсөн зорилтуудаа хэрэгжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Хуралдаанд оролцогчид “Хүн ам зүйн шилжилт, хүн ам зүйн насжилт”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд, төрөлтийн шилжилт”, “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвээр хуралдан Улаанбаатарын Тунхаг бичгийг хэлэлцэн батална хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *