Төрийн ордонд Ази, Номхон далайн бүсийн 13 орны парламентын 30 гаруй гишүүд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэн, чадавхийг сайжруулах асуудлаар бүтэн өдрийн турш зөвлөлдөж, албан ёсны арга хэмжээ амжилттай өндөрлөв.
Зөвлөгөөний хаалтын үйл ажиллагааг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж, тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ “Парламентчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, улс орныхоо туршлагыг харилцан солилцох, бие биенээсээ суралцах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бодлого, хөтөлбөр боловсруулах боломжийг олгосон чухал арга хэмжээ боллоо” хэмээн тэмдэглэв. Мөн зөвлөгөөнөөс насжилт, төрөлтийг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудыг эрхмэдэлжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө буюу “Улаанбаатарын хамтарсан тунхаг” бичгийг боловсруулж, гаргасныг онцлохын зэрэгцээ энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулахад дэмжсэн НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахарад болон зөвлөгөөнд идэвхтэй оролцсон элч төлөөлөгчдөд Монголын парламентын гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Дараа нь зөвлөгөөнийг удирдан зохион байгуулсан Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан арга хэмжээгхааж үг хэлэв. Тэрбээр, зөвлөгөөнд оролцсон улс орнуудын элч төлөөлөгчдөд болон Хүн ам, хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүд, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, улс орнуудын мэргэшсэн судлаачид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, хамтрагч байгууллагуудын төлөөлөгч зэрэг бүх хүмүүсийн оролцоотойгоор ээлжит зөвлөгөөн амжилттай үргэлжилж буйг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлаас “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогыг авч хэрэгжүүлж, анхаарлаа хандуулан ажиллаж буйг онцлон хэлсэн.
Түүнчлэн зөвлөгөөнийг хааж Тайландын Вант улсын парламентын гишүүн, Хүн амын хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын ерөнхий нарийн бичгийн дарга Жетн Сиратранонтхэлсэн үгэндээ ганцхан өдөр хуралдсан ч бие биенээсээ туршлага судалсан үр дүнтэй үйл ажиллагаа болсныг дурьдаад “Улаанбаатарын хамтарсан тунхаг”-ыг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллах нь Азийн парламентчид хамтарч ажиллаж чаддаг юм байна гэдгийг харуулна гэлээ.
Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн, Зүүн өмнөд болон Далайн бүсийн захирал Нора Муратыг төлөөлж Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн тэргүүн М.Батзориг мөн үг хэлсэн.
Дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн Азийн парламентчдын зөвлөгөөн ийнхүү амжилттай өндөрлөсөн юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөс “Улаанбаатарын тунхаглал” хамтарсан баримт бичиг гаргалаа.
Маргааш элч төлөөлөгчид Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцана.
Мөн Төв аймагт зочилж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, төрөх тасаг, эх нярайн зайн оношлогооны төслийн үйл ажиллагаатай танилцах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.