Ази Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн нэгдсэн хуралдаан өнөөдөр Чингис зочид буудалд болж байна.
Энэ удаагийн хуралд 20 орны 150 төлөөлөгч оролцож Ази номхон далайд тулгарч байгаа асуудал, өнөөгийн байдлын талаар хэлэлцэж байгаа юм. Арав дахь удаа болж буй энэ хуралдааныг Улаанбаатар хотноо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн зохион байгуулж байгаа юм.
Ази Номхон далайн орнуудад тулгамдсан асуудал багагүй бий гэдгийг хуралд оролцогчид онцолсон. Тухайлбал, Зүүн хойд Азийн бүс нутагт их гүрнүүдийн цэрэг, улс төр, эдийн засгийн өрсөлдөөн нэмэгдэх хандлагатай болсон. Дээрээс нь газар нутгийн маргаанаас үүдсэн сөргөлдөөн гарч болзошгүй энэ үед эдгээр асуудлыг шийдвэрлэхэд томоохон ач холбогдолтой хэмээн олон улсын төлөөлөгчид үзэж байгаа юм.
Дэлхийн улс орнуудад тулгамдсан асуудлыг нийтээр хэлэлцэж гарцыг хайдаг. Тэгвэл бүс нутгийн асуудлыг тухайн орны эрдэмтэн судлаач, туршлагатай мэргэжилтнүүд хамтарч хэлэлцсэнээр зөв гарц, үр дүнг олох өндөр ач холбогдолтой” гэдгийг төлөөлөгчид хэлсэн. Тиймээс энэ удаагийн хуралдаанаас бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх томоохон үр дүн гарна гэж итгэж буйгаа оролцогчид уламжилж байв.Гол нь Монгол Улс энэ мэт томоохон хурлыг эх орондоо зохион байгуулснаар олон улсад нэр хүндээ ахиулах, бүсийн аюулгүй байдал, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй явдал гэдгийг төлөөлөгчид хэлж байв.
Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх уг хурал энэ сарын 21-23-ны өдрүүдэд үргэлжлэх юм.