ӨДРИЙН СОНИНЫ 2016 ОНЫ АРХИВААС ДАРААХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
Ази болон Европ тивийг дамнан орших эртний соёл иргэншлийн улбаатай Турк улсын томоохон хотын нэг Истанбулаар хэд хоног аяллаа. Мэдээж монголчууд БНТУ-д аялал жуулчлалаар болон албан ажлаар их л явж байгаа. Харин Турк улсад очиж амжаагүй, тийшээ аялахаар төлөвлөж байгаа нэгэн байгаа бол даруйхан төлөвлөгөөгөө хэрэгжүүлээрэй гэмээр байна. Тэнд таныг сайхан цаг агаар, найрсаг ард түмэн угтан авах болно. Турк улсын түүх нэн арвин баялаг. Тэр хэрээрээ эртний барилга, цайзууд, исламын сүм хийд арвинтай. Ер нь огуз түрэгүүд гэгч хүмүүс XI зууны орчимд одоогийн байгаа газар нутагтаа нүүдэллэн очсон гэдэг. Тухайн цаг үед Азид ноёлж байсан сэлжүкүүд улс нь мөхсөний дараагаар одоогийн Туркийн Ази талд нь буюу Анатолийн хойгт очиж улмаар Османы эзэнт гүрэн гэгчийг байгуулан нэн хүчирхэгжсэн билээ. Тэр их хүчирхэгжлийнхээ үед Балканы хойг, Баруун Ази, Ойрхи Дорнодыг хяналтдаа байлгаж захирч байлаа. Харин хожмоо Дэлхийн I дайнд ялагдал хүлээснээр эзэнт гүрэн задран унажээ. Улмаар дайнд ялсан улсуудын мэдэлд хуваагдан очсон гашуун түүхтэй. Гэвч энэ үед тэднийг бурхан ивээсэн гэхэд болно. Туркийн эцэг хэмээгддэг Ататурк чөлөөлөх дайныг удирдан ялалт байгуулснаар одоогийн Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсан юм. Монголд ч гэсэн Ататуркийн нэрэмжит гудамж, хөшөө дурсгал нь хүртэл бий шүү дээ. Шашин шүтлэгийн хувьд бараг тэр чигээрээ исламын шүтлэгтэй.
Истанбул нь Туркийн хамгийн том хот. Тиймээс хүн ам ихтэй. Аялал жуулчлал сайн хөгжсөн. Истанбулын Таксимын талбайтай зэрэгцэн орших жуулчны гудамжийг Истикляль хэмээн нэрийднэ. Уг гудамжаар л гэхэд ганц өдөртөө гурван сая орчим хүн нааш цааш холхидог гэж байгаа. Ер нь бол тэрхүү гудамж шөнөжин амьдрал буцалж байдаг газар. Дэлхийн нэртэй брэндийн дэлгүүрээс эхлээд бүх л төрлийн үйлчилгээтэй. Мэдээж гадаадын төдийгүй дотоодын жуулчдын хөлд тухайн гудамж өдөржин дарагдаж өнгөрөөнө. Монголд яг иймэрхүү жуулчны гудамжийг л даруй бий болгомоор санагдаж байлаа. Бас дэлхийн хаа ч байдаг гудамжны хоолны соёлыг Туркт ёстой л тултал нь хөгжүүлжээ. Үндэснийх нь хоол болох дөнэр, цагариган боорцог зэрэг нь алхам тутамд. Жуулчны гудамжинд жаахан орой болоод ирэхээр амьд хөгжмийн хамтлагуудын тоглолт жижигхэн баар, уушийн газар болгонд тоглодог нь сонирхолтой. Манайд ч гэсэн хамтлагууд тоглодог л доо. Гэхдээ тэндхийн хамтлагууд их сайндаа 20-30 м/кв талбайтай зааланд ёстой “бяц” авч байгаа юм. Тиймэрхүү жижиг талбай бүхий баараар дүүрэн бүхэл бүтэн гудамжтай. Чухам яг хэн нь ямар хөгжим тоглоод, ямар дуу дуулаад байгааг ялгаж сонсоход нэн бэрх. Үлгэрлэвэл нэг жижгэвтэр рестораны дөрвөн буланд амьд хөгжмийн дөрвөн хамтлаг суучихаад өөр өөр дуу дуулаад байгаа юм шиг. Хэдийгээр тийм боловч аль ч баар нь пиг дүүрэн. Арга ч үгүй л дээ. Нааш цааш холхих гурван сая хүний ядаж л 300 мянга нь тэдгээр цэнгээний газруудаар үйлчлүүлж таарна. Эздэд нь өвлөгдөж ирсэн болов уу гэмээр нарийхан барилгуудаа тэр чигээр нь энэ мэт үйлчилгээний газар болгожээ. Жуулчдад зориулсан болохоор архи, пиво зэрэг нь харьцангуй чөлөөтэй. Гэхдээ архи, виски гэхээсээ илүү өөрсдийнх нь хийдэг шар айргийг их хэрэглэдэг аж. Нэг их согтоогоод байхгүй, зөөлөн амттай пиво. Тамхийг бол эр эмгүй шахуу, хаа сайгүй татна. Бодвол согтууруулах ундааны хэрэглээг нь тамхи нөхдөг бололтой. Усан тамхийг тэд бас л нэг соёлоо болгон хэрэглэх юм. Усан тамхиар үйлчилдэг газруудад пиво, дарс зэрэг согтууруулах ундааг огт зарахгүй. “Та нар энэ гудамжнаас пиво олохгүй ээ” гэж зөөгч нар нь хэлээд харин цайгаа санал болгоно. Үйлчлүүлэгчид нь цай уунгаа усан тамхиа сорцгооно.
Туркийн ард түмний нэг том соёл нь цайны соёл. Нэг жижигхэн аягатай цай нь нэгээс гурван турк лир. Аяганы хэмжээ нь ойролцоогоор 100 грамм орчим юм уу даа. Хаа сайгүй цайлж болох ямар л газар байна нөгөө хөөрхөн жижигхэн аягатай цайгаа уугаад, тамхиа татаад юм яриад суучихна. Цайгаа ойр орчмын газрууддаа дуудлагаар хүргээд өгчихдөг. Зөвхөн тэр цайгаараа гэхэд л овоо хэдэн лирийн орлого олчихдог юм билээ. Олон зууны туршид амьдралынх нь нэгэн хэв маяг болсон соёлын салшгүй өв бол Туркийн ард түмний цайны соёл ажээ. Хаа сайгүй байх зочид буудлын хүлээн авагч нь ирсэн зочноо найрсгаар хүлээн авч нэн түрүүн мөнөөх цайгаараа л дайлна.
Туркийн газар зүйн байршил нь тун өвөрмөц л дөө. Ази болон Европ тивийг дамнан оршдогийг газар зүйн хичээл үзсэн хэн ч гэсэн мэдэх биз. Хоёр тивийг Б, Д зааглан оршино. Тиймээс хэдэн турк лир төлөөд хүссэн усан завиндаа суугаад хоёр тивийн хооронд зорчино. Аялал жуулчлал өндөр хөгжсөн болохоор жуулчдаас хэрхэн мөнгө салгах арга нь төгс. Баахан жуулчдыг суулгасан усан онгоц нөгөө талд байх эргийн зоогийн газруудад очно. Тэндээ жуулчдаа буулгаад буцаад явчихаж байгаа юм. Жуулчид тэнд нь бүтэн хоёр, гурван цаг юу хийхэв. Ресторан, бэлэг дурсгал зардаг дэлгүүрээр хэсч баахан мөнгөө үрнэ. Тэдгээр газрынх нь бараа бүтээгдэхүүн ч харьцангуй үнэтэй л юм байна лээ. За тэгсгээд байж байтал усан онгоц маань дахиад баахан жуулчин ачиж авчраад эхний хэдээ буцаагаад аваад явна. Усан онгоцонд суунгуут цай ундаа уу гээд авчраад өгчихнө. Хүмүүс тасалбарын үнэнд нь багтсан биз гээд аваад уучихна. Гэвч хэсэг хугацааны дараа тэдэн лир ээ гээд тооцооны хуудас бариад ирж байгаа юм. Гэх мэтээр жуулчдаас яаж ийгээд л мөнгө салгаад байна. Манай жуулчны компаниудад Туркээс сурах зүйл их байна лээ шүү. Гол нь тэдний үйлчилгээ маш сайн. Үзүүлэх харуулах түүхэн дурсгалт газрууд арвин их. Ер нь хувьсгалын үед устгагдсан 700 гаруй сүм хийд өнөөдөр байсан бол жуулчдад үзүүлэх харуулах юмаар авин байх байж дээ гэсэн бодол төрж байсан. Манай сүм хийдийг устгасан оросууд тухайн үедээ өөрсдийнхөө сүм хийдийг бол устгаагүй л юм билээ. Тэндээ дандаа сургууль ч юм уу засаг захиргааны нэгжээ байрлуулчихсан. Монголынхыг бол устгачихсан л байгаа юм даа.
Турк улсад очсон хүний заавал үзэх газрын нэг бол уран барилгын хосгүй үнэт өв болох Султан Ахмедын сүм. Олон нийтэд “Цэнхэр сүм” хэмээн алдаршсан уг барилга архитекторын ямар лут шийдэл вэ гэж хэн ч уулга алдахаар уран тансаг баригдсан юм билээ. Уг сүмийн цогцолборт Султаны бунхан байрладаг. Ер бусын сүрлэг бөмбөгөр дээврийг харсан хэн ч бишрэм. Османы эзэнт гүрний хаанаар 14-хөн насандаа өргөмжлөгдсөн Султан Ахмедыг 19 настай байхад уг сүмийг барьж дуусчээ. Цэнхэр сүмд хаанд үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг зэрэг бүх л газрууд байрладаг байсан ажээ. Хэдэн зууны туршид оршин байсаар ирсэн энэ сүмийн гантиг шат нь элэгдэж, чулуун шалнууд хотойсныг бодвол мөн ч их цаг хугацааг туулсан нь илт. Султан Ахмедын сүмтэй зэрэгцэн Ариун Софиагийн сүм оршин байх бөгөөд 1520-иод он хүртэл бүтэн мянганы туршид дэлхийн хамгийн том сүм байсан гэдэг. Дээр дурдсан Истикляль буюу жуулчны гудамжнаас хэсэгхээн уруудахад цагтаа гэрэлт цамхаг байсан Галатай цамхгийг үзэж болно. 1450-иад оны ойролцоо баригдсан уг цамхаг хэдийгээр жуулчдын хөлд дарагдан, цэвэр арилжааны зориулалттай болсон байх хэдий ч хуучны сүрээ хадгалан оршсоор л байна. Истанбул хот ерөнхийдөө хуучны барилга маш ихтэй ч нэн орчин үеийн шилэн барилгууд уг хотыг чимнэ. Тэдгээрийн нэг нь Истанбул Живахэр гэдэг нэртэй худалдааны төв юм. Уг төв одоогоор Европын хамгийн том худалдааны төв хэмээх алдрыг хүртээд буй. Олон улсын брэнд бүтээгдэхүүний дэлгүүрүүд, түргэн хоолны газрууд, ресторанууд, кино театр, тоглоомын төв, барилгын бүтээгдэхүүний дэлгүүр, 2500 орчим машины автозогсоол гээд байхгүй юмгүй цогцолбор төв. Нийт талбай нь 420 000 орчим м/кв аварга том бүтээн байгуулалт. Очоод үзчихэд гэмгүй шүү.
“Гранд базаар” хэмээх хар захаар хэрэв очихоор бол хэл устай хүнтэй л явахгүй бол үнэхээр бүтэхгүй. Энэ зах XV зуунд байгуулагдсан. II Мехмет үүсгэн байгуулсан гэдэг. Харин нэг том асуудал нь юу ч асуусан үнэ ханшаа тэнгэрт тултал нь хэлнэ. Зарим нь хэд гэж хэлэх вэ гэсэн байртай бодоод зогсчихно. Ер нь л болж өгвөл үнэ бичсэн барааг нь авууштай санагдсан даа. Мэдээж зах л болсон юм хойно бараа таваар пиг чихээтэй. Дотоод гадаадын жуулчид заавал очдог юм байх даа гэмээр хүний бөөгнөрөл. Гэхдээ хотынхоо харьцангуй зах хавьцаа байдаг болохоор хүмүүсийнх нь хувцаслалтаас эхлээд бүх л зүйл нь эрс ялгагдаад ирнэ. Амьдрал ахуй нь жаахан доогуур, доод давхаргынх болов уу гэмээр дүр зураг угтан авна. Харин зах дээр нь бол бүх барааны лангуунууд зэрэгцэн оршино. Төрөлжүүлсэн маягтай байх хэдий ч ер нь их замбараагүй талдаа. “Надаас бараа авбал тэгж хямдруулна. Ёстой хамгийн доод үнэ нь шүү” гэх хэдий ч хэдхэн лангууны цаана мөнөөх бараа хамаагүй хямдхан байх жишээтэй. Харин төрөл бүрийн цайны үнэ нэлээд өндөр. Бүх төрлийн зориулалттай цай байх бөгөөд сексийн цай гэж хүртэл байна. Гадны жуулчдад тэр цайгаа их л рекламддаг бололтой. “Энэ цайг уувал ёстой ийм” гээд эрхий хуруугаа гозойлгоод байна. Янз бүрийн халдлага гарчих гээд байгаа болохоор хаа сайгүй, тэр тусмаа томоохон худалдааны төв мэтэд нь хамгаалалт их өндөр болжээ. Үүдэнд нь цагдаа зогсоод заавал металл мэдрэгчээр шалгаж байна лээ. Турк хивс эртнээс алдартай. Яг “ориг” хивс нь бол ёстой л “тэнгэрт тулсан” үнэтэй. Хивс зардаг бүхэл бүтэн гудамжуудтай. Орос, германууд голдуухан ирж хивс авдаг аж. Хийц маяг нь бол ч үнэхээр тансаг юм билээ. Хивсээ зарахын тулд шатааж, хайчилж гээд олон янзаар туршиж үзүүлнэ. Ямар нэгэн цардуул байхгүй, хэд ч угаасан элэгдэж муудахгүй гээд магтаж өгнө. Үнэхээр ч сайн юм байна лээ. Энэ мэтээр Турк улсыг үзээд хараад, аялаад барахгүй. Олон зууны түүхтэй суурин соёл иргэншлийн томоохон төв Турк улсаар аялсан товчхоон тэмдэглэл нэг ийм. Энэ улс өөр олон олон үзүүштэй зүйлүүдээр арвин баялаг билээ.