Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын азарганы уралдаанд 201 азарга бүртгүүлснээс 153 азарга гараанаас гарч уралдлаа. Азарганы уралдааны үеэр гэмтсэн хүүхэд гараагүй байна. Баяр наадмын комиссын зүгээс “Нэг хүүхэд уралдааны замд мориноос унасан ч бэртэл аваагүй. Энэ жилийн уралдаанд 18 эрлийз азаргыг уралдаанаас хассан. Шүдээр хассан азарга бүртгэгдээгүй. Харин хязаалан насны морьд уралдахаар бүртгүүлсэн байсан. Уралдааны явцад азарга эндсэн осол гэмтэл гараагүй. Азарга 11.40 цагийн орчимд барианд орж ирсэн” гэж мэдээллээ.