(эсээ)
НЭГ. АЗ ЖАРГАЛЫГ НИЙГЭМЧЛЭХ ОРОЛДЛОГО
Хорвоогийн амьтад тэгш бус. Тэрнээсээ болоод амьдрал ч тэгш бус. Шувууд огторгуйн хээлэнд дураараа дүүлж байхад могойд “гэдсээрээ” гулгахад хүрнэ. Загас усны гүнд дураараа умбахад эх газрын зарим амьтанд энэ нь үхэл болж үзэгдэнэ. Ингээд зогсдог бол ч яая гэхэв. Гэтэл нэг төрлийн амьтад бие бялдар, амны хишгээрээ ялгарна.
Энэ ялгааг оюун ухаант хүн л анх түрүүн анзаарсан байж таарна. Хүн энэ ялгааг ухамсарлах чадвартайгаас гадна сүрэг доторхи байр суурь, чадамжийн зөрөө нь амьтныхтай харьцуулшгүй их. Эхлээд ялгааг анзаарч, дараа нь учир шалтгааныг нь ойлгохыг оролдож, улмаар шударга бус зөрөөг арилгах арга зам эрэлхийлэх болжээ.
Нэг талаас нь харвал амьдрал бүр цаанаасаа дэндүү шударга бусаар цогцолсон мэт. Чоно хонийг идэж байхад хонь эргүүлээд түүнийг идэх замаар тооцоо тэгшитгэж чадахгүй. Хонинд идүүлсэн өвс ч бас л амьдралын нэг хэлбэрийн хувьд өшөөгөө авч ядаж, нялх хургаар ч болов гүнцэг барих боломжгүй. Гэтэл эн тэнцэх өрсөлдөгчгүй аварга амьтдыг өчүүхэн шумуул хорлож, нүдэнд үл үзэгдэх нянгууд алаад хаяна. Хэн нэгнийгээ идэхгүй, нөгөөгийнхөө зууш болохгүй амьдралын хэлбэр алга мэт. Дунд сургуульд үздэг “байгаль дахь усны эргэлтийн зураглал” мэт бие биенээ залгисан орчил. Бие биенээ залгих мөртлөө бие биенээ амьдруулан эргэсэн орчил. Амьдрал бол амьдралыг байлгаж байхын тулд бүтээгдсэн зүйл. Хэрвээ хонь чоно хоёр бие биеэ идэж, өвс ямаа хоёр харилцан хөнөөлцвөл шударга ёс тогтох байтугай амьдрал өөрөө зогсох бололтой гэдгийг харсан хүмүүс арай өөр тэгшитгэл хайсан нь лав.
Хүн төрөлхтнийг тэгшитгэх хамгийн анхны санаа Дорноос, Бурхан багшийн сургаалаас эхтэй бололтой. Дорнын мэргэд “хүний оршихуйн эцсийн мөрөөдөл нь аз жаргалтай байх явдал юм бол тэр нь хаана орших вэ” гэдгийг хайсан ажгуу.
Одоо ч ойлгомжтой байгаа нэг зүйл бол аз жаргал өөрөө үүдэх тийм гадаад орчныг эргэн тойрондоо бүрдүүлэх замаар түүнийг бий болгох менежмэнт юм. Хэдийгээр “эд агуурс, эрх мэдэл аз жаргалын жинхэнэ үндэс биш” гэж мянганы тэртээгээс сургасаар ирсэн боловч энэ менежмэнт мянга мянган жил оршсоор ирсэн. Оршсоор ч байгааг бодвоос амьдралын сайн сайхан орчин нь аз жаргалыг ургуулдаггүй юм аа гэхэд унтраадаггүй бололтой.
Гэтэл аз жаргал нь эцсийн дүндээ хүний сэтгэлд бий болдог. Бадран асахын цагтаа ядуу урц, хоосон овоохойд ч дүрэлзэн эзнээ баясгадаг. Балран унтрахын цагтаа бол алт эрдэнэс, эрх мэдэлд бялхавч нэмэргүй үзэгдэл болохыг тэд ажиглажээ. Ингээд аз жаргал ургах гадаад орчин бий болгох гэж зүдрэх нь утгагүй юм байна. Түүний оронд сэтгэлд ургадаг юмыг сэтгэлдээ л ургуулах гэж оролдох нь дээр болохыг сургажээ. Чи хөрөнгө мөнгө, царай зүс, эрх мэдлээр бусадтай тэгшрэх боломж байхгүй. Харин аз жаргалаараа тэгширч болно гэсэн үг. Харамсалтай нь “Эд баялаг аз жаргал авчирдаггүй” гэдэг сургаалыг хүн төрөлхтөн маш буруу ойлгосон юм. Зөвхөн хөрөнгө зоорь цуглуулснаар аз жаргалтай болчихгүй гэсэн санаа нь яван явсаар “хөрөнгө зоорь аз жаргалын дайсан” мэт баримтлал болон хувирчээ. Яг л “Суутнуудын зарим нь шизофренитэй байдаг” гэсэн судалгааны дүн “Шизоотой л байвал суутан мөн” гэсэн төөрөгдөл болоод явчихдаг шиг л юм болж.
Энэ төөрөгдөл дээр дэвэрсэн сэтгэхүй нь “аз жаргалыг хүчээр бусдад бий болгох аргагүй” гэдэг санааг огтхон ч авч үзээгүй юм. Ер нь “Аз жаргалыг бэлэглэх” хэмээх сэтгэл татам үг сонсоход сайхан ч бусдыг өөрөө хүчээр дурлуулахтай агаар нэг, ихээхэн бодож үзүүштэй санаа байдаг.
Чухам энэ санаан дээр ХХ зууны коммунист ертөнц бүрэлдэн тогтсон билээ. Тэгш бус амьдарч байгаа хүн төрөлхтний амьдралын түвшинг жигдлэн, нийтээр нь аз жаргалтай болгох аугаа санаанаас коммунизмын үзэл суртал эхтэй. Хэрвээ уншиж үзсэн бол К.Маркс, Ф.Энгельс нарын “Коммунист намын тунхаг” (1848) бол сэтгэл татам яруу нийтлэл билээ.
Нэгэнт бүх нийтийг баян болгох боломж одоохондоо байхгүйгээс хойш эхний ээлжинд баячуудын хөрөнгийг ядуу зүдүү хэсэгт хуваан жигдэлнэ. Ерөөсөө ч дэлхий дээр байгаа хэмжээ хязгаартай жаахан хөрөнгийн ихэнх нь капиталистуудад ногдож байгаа учраас үлдсэн хэсэг нь ядуу байгаа юм. Тэр хөрөнгийг хурааж аваад тараах биш юмаа, нийтийн өмч болгочихоор л асуудал шийдэгдэнэ.
Харин хөрөнгөтнүүд өмчөө зүгээр өгөхгүй учраас хүчээр булаахаас өөр аргагүй. Иймд хувьсгалт хүчирхийлэл зайлшгүй. Өмчийг бүх нийтэд өгөхгүй, өгүүлэхгүй гэсэн санаа бодол бол хүн төрөлхтнийг жигд жаргаахын эсрэг үзэл мөн болж таарна. Иймээс хөрөнгөтнүүд болон тэдэнтэй санаа нэгтнүүд бол хүн төрөлхтний аз жаргалын тэгшитгэлийн дайсан ажгуу. Үүнийг манайд “ардын дайсан” гэж тодорхойлж байсан. Аз жаргалыг хүчээр тулган нийгэмчилсэн коммунист туршилтын үр дүнд бүх нийтээрээ цэнгэлд умбаад зогсохгүй, өглөө үйлдвэрийн суурь машин дээр боолт зорчихоод, орой нь гэртээ сууж театрын шүүмж бичдэг супер хүнээс бүрдсэн ертөнц бүтээнэ хэмээн уг сургаалыг үндэслэгчид найдаж байсан юм.
Нийгэм улс төрийн үзэл санааны хувьд өнөөгийнхөөс балчир явсан хүн төрөлхтөнд энэ үзэл санаа маш их таалагдсан. Гэвч төлбөр нь 200-гаад сая хүний амиар хийгдсэн ба “аз жаргалыг нийгэмчилж бас хүчээр тулгаж болохгүй” гэсэн сургамж үлдээжээ. Дашрамд сонирхуулахад аз жаргалыг өмч хөрөнгө, мал сүргийн нэгэн адил нийгэмчилсэн энэ тогтцод “Бусдаасаа илүү жаргахыг зөвшөөрөхгүй бусдаасаа дутуу жаргалтай байхыг ч бас хориглоно” гэсэн зарчимтай байлаа.
Харин нийгмийн хөгжлийн жам ёсны тогтоц хэмээгдэх капитализмаар замнагсад “аз жаргалаар тэгшитгэхийн оронд аз жаргалдаа хүрэх боломжоор тэгшитгэх нь дээр юм байна” гэсэн ойлголтод хүрчээ.
Ер нь Дорнын мэргэдийн санаа бол аз жаргалыг нь бусдаас хүчээр булааж болохгүй бас бусдад хүчээр тулгаж болохгүй. Аз жаргалд хүрэхийн тулд хөрөнгө зоорь цуглуулах, эрх мэдэл өөд тэмүүлэх нь зөв зам биш. Бас аз жаргалтай байхын тулд зориуд ядуурах, нийгмийн ёроолд очих шаардлага байхгүй. Харин аз жаргалаа эдгээрээс хамааралгүй болго. Ингэхийн тулд аз жаргалын хөрс болсон сэтгэл санаагаа төгс сайхан байлга гэсэн утгыг агуулдаг бололтой.
ХОЁР. ӨӨРӨӨ АРДЧИЛАГДАХ АЗ ЖАРГАЛ
Хүн төрөлхтөн эд хөрөнгө, эрх чөлөөгөөр, боломжоор тэгшрэхийн төлөө, асар их өртөгтэй, урт замналтай хичээлүүдийг даван туулж явахдаа нэг зүйлийг бараг анзаарсангүй. Анзаараагүй ч юу байхав, хожуухан олж анзаарсан хэрэг.
Энэ нь амьдрал өөрөө, хөгжлийнхөө явцад, хүний билиг чадамжийг хэзээ ч байгаагүйгээр жигдрүүлж байгаа явдал юм. Орчин цагийн технологийн түвшин хүн төрөлхтний мэдээлэл авах боломжийг эхлээд ардчиллаа. Мэдээлэл ардчилагдсанаар санах сэдэх боломж тэгширлээ. Чухам үүнийг илтгэсэн “дижитал ардчилал” гэхчилэнгийн үгс гарсан юм.
Дээр нь хүн төрөлхтний өөрийгөө илэрхийлэх, түүнээсээ таашаал авах арга замууд нийгэмчлэгдсээр байна. Наад захын жишээ гэрэл зургийн урлаг байна. Мэдээж энэ бол урлаг учраас авьяас хэрэгтэй. Гэтэл авьяастай эсэхээ шалгах боломж тэр бүрий гардаггүй байсан. Зургийн сайн аппаратын оосорт энэ чиглэлээр мэргэшсэн, эсвэл хөрөнгө мөнгөтэй хүн л хүрч чаддаг байв. Гэтэл өнөөдөр зөвхөн гар утастай сая сая хүн фотогоор өөрийгөө сорих боломж олж байх жишээний.
Дээр нь зураг зурах авьяас билгийг нээх, арга техникийг хөнгөвчлөх өчнөөн “апп”-ууд гар утас, комьпютерээр дүүрэн. Зураач найзын маань хэлж байгаагаар “Хүн төрөлхтөн нийтдээ гарын дүйтэй болж байгаа” гэнэ. Нэгэн үе гоц авьяасын тоонд ордог асан юмыг яг дуурайлган хийх, зурах нь захын хүний хэрэг болж харин юмс үзэгдлийг ер бусын өнцгөөс нь харж, мэдрэмжээ илэрхийлэх нь уран чадварын асуудал болжээ.
Зөвхөн техник хэрэглэлийн хувьд ч биш. Жишээлэхэд бүжиглэх, дуулах нь хөдөлгөөний эвсэл, уран хоолой нэхсэн цэнгэл байхаа нэгэнт больж, манайд “манго” хэмээх нэрээр анх дэлгэрсэн чөлөөт бүжиг, хип хоп хэмээх ярьдаг дуу хүртэл гарчээ. Дуу, бүжиг ардчилагдан нийтийн хүртээл болж байгаа явдал биш гэж хэн мэтгэх билээ?
Хэл яриа, бичиг үсэг нь харилцааны хэрэгсэл төдийгүй хувь хүн өөрийгөө илэрхийлэх арга ардчилагдаж эхэлсний гэрч байсан юм. Энэ ардчилал улам гүнзгийрсээр. Олон түмэнд санаа бодлоо таниулах, төрсөн сэтгэгдлээ хуваалцах боломж улстөрч, сэтгүүлчдэд л түлхүү олдож байсан бол фэйсбүүк, твиттерээр дамжаад ардчилагдав. Ажил дээрээ дуугарч чаддаггүй, гэрийнхэн нь тоож үгийг нь сонсдоггүй нэгэн ч гэсэн энэ сүлжээгээр дуртайгаа ярьж, хүссэнээ зад загнан сэтгэлийн таашаал эдэлж болж байна.
Төрийн эрх баригчид олдсон эрх мэдлээрээ дамжуулан ард түмнийг удирдана, харин сонгуулийн системээр дамжуулан олон түмэн тэднийг удирдана. Энэ тогтоц газар газар янз бүр, үр дүн ондоо ондоо байгаа ч хандлага нь ийм л юм. Яг ийм дүр зураг хэрэглэгч, үйлдвэрлэгч нар дээр ч харагдана. Жишээлэхэд, Самсунг корпорациас гар утас барьдаг хүмүүсийн хувь заяа хамаардаг уу, гар утас барьдаг хүмүүсээс Самсунгийн хувь заяа хамаардаг уу гэсэн асуулт шиг.
Ингээд нэг л мэдэхэд “аз жаргалыг нийгэмчлэх үзэлтэн”-үүдийн зүүдэнд ч ороогүй тийм байдлаар аз жаргал өөрөө ардчилагдан бүх нийтийн үйл хэрэг болсоор байна.
Аз жаргалын ардчиллыг илүү ойлгомжтой болгохын тулд бяцхан тайлбар бодож олцгооё. Аз жаргалыг үүсгэгчийг тодорхойлох хэцүү. Ингэхийн оронд “юу биднийг аз жаргалгүй болгодог вэ” гэсэн асуултын хариуг эрэлхийлэх арай хялбар. Гэхдээ үхэл, хагацал зэрэг амьдралын зайлшгүй талыг энд хөндөх нь утгагүй. Ингээд “сэтгэл дундуур байдал” буюу бусдаасаа ямар нэгэн юмаар хоцорч байгаа тухай сэтгэгдэл л хүнийг аз жаргалгүй болгодог гэж томъёолж болно. Хүн төрөлхтний өнөөгийн хөгжлийн түвшин, боломжоороо тэгширч, хавтгай болж байгаа орчлон хувь хүнийг “ямар нэгэн юмаар бусдаас хоцрох” зовлонг үлэмж нимгэлж байгаа юм.
Анагаах ухаан хөгжихийн хэрээр аз жаргалыг дийлдэшгүй бөхөөгч нь өвчин эмгэг байхаа улам бүр больж байна. Өвөг дээдэс “Сайн явах санааных, сайхан төрөх заяаных” хэмээн сургасан. Гэтэл “сайхан төрөх заяаных биш” болохыг косметик хагалгаа нотолж эхлэв. Харин сайн явах буюу аз жаргалтай байх нь санаа сэтгэлтэй үнэхээр холбоотой хэвээр ажгуу.
Магадгүй ийм гайхамшгийн хөдөлгүүр нь хүмүүний амьдралын төгс бус шинжүүд өөрөө байж ч болох юм. Амьдралыг оршин тогтнуулахын тулд амьдрал өөрөө тэгш бус зохилдлогоотой байдаг шиг аз жаргалыг тэгш дүүрэн болгохын төлөөнөө хүмүүний амьдрал тэгш бус болсон ч юм бил үү?