Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл, ослын тоо буурчээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай аймагт бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23, 24-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 21-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Овоотын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ “Энержи” ХХК-ийн эзэмшлийн “Шинши” загварын 2 ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 25 км зам туулан 4:34 цагт очиж 54 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Жинчин”-гийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 15:23 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д иргэн Д-ийн “Сонота-6” загварын суудлын автмашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 18:38 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоод багийн “Олон-Овоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км, Айраг сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 08:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км замыг туулан 08:38 цагт очиход Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд 5 зоригчтой зорчиж явсан “Алион” загварын суудлын автомашин, “Хонда инсайт” загварын суудлын автомашинтай мөргөлдөж Дорноговь аймгийн Айраг сумын харьяат иргэн Ж /61 настай, эрэгтэй/, Ц /58 настай, эмэгтэй/, Н/56 настай, эмэгтэй/, Г /56 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсан тул Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат иргэн О /60 настай, эмэгтэй/, Э /60 настай, эрэгтэй/, Б /58 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хулжаа багийн “Шар нохойт” гэдэггазар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ тус сумын нутгаар 07.19-ний өдрийн 10:30 цагт салхины хурд 20 м/с хүрсний улмаас иргэн З, С нарын 6 ханатай гэр нурсан, мөн 5 том хүн бэртэж гэмтсэн. Мэдээллийг мөн өдрийн 17:30 цагт тус сумын харьяат иргэн Х аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Хар тэрмис” гэдэг газар / аймгийн төвөөс урд зүгт 133 км, сумын төвөөс баруун урд зүгт 53 км-т/ Тус сумын харьяат 13 иргэн Хяргас нуурын эргээс 2 км зайтай амарч байгаад иргэн Б /71 настай, эрэгтэй/ 07.19-ний өдрийн 03:00 цагт майхнаасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 10:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.19-ний өдрийн 13:20 цагт “Хар тэрмис” гэдэг газраас хойд зүгт 7 км-т тус багийн “Малчин-Уул” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т/11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.19-ний өдрийн 07:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж” гэдэг газар хүртэл 100 км-т завьтай урсаж, 80 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон. 07.20-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгон-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км/ Тус сумын харьяат иргэн Г /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 07.19-ний өдрийн 06:30 цагаас “Гонгон-Олом” гэдэг газраас “Хилэнтийн гүүр” гэдэг газар хүртэл 25 км-т завьтай урсаж, 1-2 метрийн гүнд 20 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 07.19-ний өдрийн 22:23 цагт түр зогсоосон. 07.20-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Пионер” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Г-ын хашаанд нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 20:42 цагт очиж У/3 настай, эмэгтэй/ 3 метрийн гүнтэй нүхэн жоролонд унасан байсныг эсэн мэнд гаргасан.

6.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн “Шувууны-Өндөр дов” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Тус багийн харьяат малчин Н-ийн 5 ханатай гэр 07.19-ний өдрийн 15:00 цагийн орчимд шатсан. Мэдээллийг 07.19-ний өдрийн 21:35 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Цэвэлсүрэн аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *