Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Хөдөө аж ахуйн их сургуулийн Байгалийн аялал жуулчлалын менежмэнтийн 2005 оны төгсөлтийн С-2 ангийг онцолж байна. Энэ мэргэжил сургуульдаа гурван бүлэгтэй. Анх энэ мэргэжлээр 154 хүүхэд элссэн байдаг. С-2 анги 33 оюутантай. Нэгдүгээр курст анх анги даасан багш нь Д.Хашинчулуун байв. Хашинчулуун компьютерийн багш. Тиймдээ ч хөдөөнөөс дөнгөж оюутан болж ирсэн хүүхдүүдэд компьютер гээчийг таниулжээ. Тэдэнд ч их сонин харагддаг байж. Кэйбоард, маусаа ялгахгүй, старт цэсээ мэдэхгүй хүүхдүүд компьютер судалсан нь өдгөө тун ч хэрэг болж байна хэмээн ангийнхан ярина. Удалгүй ангийн багш нь солигдож, доктор профессор, Д.Түмэнжаргалын удирдлагад очжээ. Д.Түмэнжаргал ургамал судлалын багш учраас байгалийн аялал жуучлалыг таних эхлэлийг тавьсан гэж ангийнхан хуучлав. С-2 анги сургуульдаа идэвхтэй, санаачилгатай манлайлагч анги байж. Сурлага, урлаг, спортоор сургуульдаа дээгүүрт бичигдэнэ. Ангидаа бүгд л нэгэн жигд. Тэр нь муу, энэ нь сайн гэх нэг ч оюутан байгаагүй гэнэ. “Анх ангидаа ороход компьютерийн ард нэг чухал царайтай, халзандуу, овортой хүн юм хийгээд сууж байна. Үе, үе муухай хараад байхаар нь багш юм байна гэж бодсон л доо. Багшийн ширээн дээр суугаад, компьютер мэдээд байгааг бодвол их л мундаг хүн байх гэж бодоод “Орж болох уу” гэтэл ор ор л гэж байна. Их л завгүй суугаад л байна. Дугарах ч үгүй. Хэсэг сууж байтал нэг хүн орж ирсэн нь жинхэнэ багш байж билээ. Тэр компьютерийн ард чухал царайлаад юм хийгээд байсан нөхөр манай ангийн Т.Ганхуяг гэдэг хүү байсан. Хотынх болохоор биднээс илүү компьютер мэддэг. Сүүлд бодоод байхад их чухал юм хийгээд байна даа гэсэн нь хөзөр тоглоод сууж байсан юм билээ” хэмээн Т.Золжаргал ярьж, тэд инээлдэв.
Ангид сурлагаараа манлайлдаг нь Д.Алтангэрэл. Бүх хичээлдээ жигд сайн. Доод тал нь 98 л гардаг байсан гэж ангийнхан нь магтана. Д.Алтангэрэл ангийнхнаасаа таван насаар ах байжээ. Тиймээс дөнгөж арван жилээ төгсөөд орсон хүүхдүүдийг бодвол илүү төлөвшсөн. Зорилгоо тодорхойлчихсон болохоор хичээлдээ шамдан суралцдаг үлгэр жишээ оюутан байжээ. С.Одбаяр ч сурлагаар манлайлагчдын нэг. Орос хэлний хичээл тэр үед хүндхэн санагддаг байж. Ангийнхныгаа авардаг нь С.Одбаяр, Д.Алтангэрэл. Бүх л зүйлдээ жигд сайн байсан учир доод курсийн оюутнууддаа хичээл номыг нь заадаг, дүү нар нь ч их ирж асуудаг сургуульдаа үлгэр жишээ анги байсан аж. Хоёр Гантулга спортдоо тун сайн. Д.Гантулга, Ш.Гантулга. Нэг нь том биетэй, нөгөөх нь арай жижигхэн. Тиймээс Томоо, Жижигээ гэж дуудна. Батбаяр сургуулийн цэнгээнт бүжгийн хамтлаг “Хатан туул”-д бүжиглэдэг. Уг хамтлагт ангийн хэд хэдэн хүүхэд бүжиглэнэ. Сургуулийн урлагийн үзлэгийн цэнгээнт бүжгийг энэ анги авдаг байсан гэсэн шүү. “Анх би саарал өнгийн пиджактай, дипломат хар цүнх барьсаар Төв аймгаас ирж, тус ангид орж байлаа. Ангид хамгийн анх бүгд цуглаад нүдэнд содон туссан нэг нөхөр байлаа. Тэрээр урт хар үстэй, эрүү нь ялимгүй урт, туранхайдуу. Судалтай хар хөх пиджактай. Хараад байхаар харгисдуу царайтай гэж хэлж болохоор. Энэ их эвгүй нөхөр байна даа гэж бодогдохоор. Тэр бол ангийн дарга Д.Батболд. Түүнийг дагалдаад хоёр нөхөр явдаг. Тэр хоёр Сүхбаатар дүүргийн Дөрөвдүгээр арван жилийг төгссөн. Телевизийн гаралтай гурван нөхөр хамт орж ирсэн шиг байгаа юм. Нэг нь туранхай өндөр хар. “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдой шиг. Түүнийг С.Лхагвадорж гэдэг. Нөгөөх нь тас халзан толгойтой. Айхавтар барзгар нүүртэй. Тэр нь С.Одбаяр. Баруун зүүн гар болж гурвуулаа хамт явдаг. ХААИС-ийн гурван давхрын зүүн талын коридороор сүрийг үзүүлсэн байдалтай их алхдаг байж билээ. Ийм сүрийг үзүүлсэн нөхдөд зодуулчих вий гэж боддог байсан ч ангийнхан дотроосоо хамгийн илүү нөхөрлөсөн, миний дотны найзууд болсон” гэж Э.Мөнхбаяр дурслаа.
С-2 анги бүтээлч хамт олон байсан аж. Анги дотроо номын сантай. Өөр анги хичээл ордоггүй. Нэг ёсондоо багшийн өрөө байж. Ангийнхан нь ихэвчлэн ангидаа л байцгаана. Орой болтол сууж хичээлээ хийнэ. Тэр үед Зайсан чиглэл рүү ганцхан автобус явдаг болохоор оройтвол нийтийн тээвэр олдохгүй. Ирэхээрээ хүн ихтэй учир нэг бол буудлаас өмнө эсвэл өнгөрч зогсоно. Оюутнууд үүнийг мэддэг болсон тул автобус ирэхийг мэдвэл нэг газар нуугддаг. Ирээд зогсохоор нь хурдхан очиж суудаг. Автобусны нэг л бариулаас зүүгдчихвэл цааш явах нь тодорхой шүү дээ хэмээн дурсан инээлдэнэ. “Хотод ирээд ангийнхнаасаа хамгийн түрүүнд утас барьсан хүн нь би. Тухайн үедээ скайтел дөнгөж ороод ирчихсэн байсан. Манай үеэл ах элентра авсан юм. Би тэрийг нь унаж хичээлдээ очдог. Тэр үед хотод эксел, элентра, аксент л байлаа. Санота-2 тансаг унаандаа орно. 2003 онд би жолооны курс төгсөж, ангийнхан дотроо ганц машинтай, утастай нь байсан л даа. Хааяа халтуур хийгээд хэд гурван төгрөг олно. 1000 төгрөгөнд бензин хийгээд нөгөөх нь дорхноо дуусчихна. Ангийнхан ч машиныг маань их түрсэн дээ. Сүүлдээ ч машин түрэх гэж ядаргаа гээд надтай явахаа больсон” хэмээн Б.Оюунбилэг дурслаа.
Ангийн дарга нь Д.Батболд. Тэрээр удирдан зохион байгуулах, чиглүүлэх авьяастай гэж ангийнхан нь нэгэн зэрэг хэлнэ. Аялал жуучлалын анги болохоор хамт ийш тийшээ их аялна. 2003 онд “Grand tour” аялал жуулчлалын арга хэмжээг анх энэ анги санаачлан зохион байгуулжээ. Сургуулийнхаа аялал жуулчлалын ангийн 1-4 дүгээр курсийн бүх оюутныг хамруулж спорт, урлаг, явган аялал, буухиа гээд олон зүйлээр өрсөлддөг байж. 2006 оноос тус арга хэмжээгээ бусад их дээд сургуулиудын дунд зохиох болж. 2007 оноос Аялал жуулчлалын улсын олимпиад нэртэй болж, өдгөө 16 дахь жилдээ зохиохоор төлөвлөж байна. Есдүгээр сарын 27-ны Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан тус сарын 17-нд зохиодог байна. Одоо уг тэмцээнд бүх их дээд сургууль оролцдог. Ангийн дарга тэмцээний зохион байгуулах багт өдгөө хүртэл ажиллаж, 20 дахь удаагийн тэмцээнээ маш өргөн хүрээтэй далайцтай хийхээр төлөвлөж байгаагаа хэлэв. “Манай ангийнхан Богины ам руу тэмцээнд явахаар болоод шорлог хийхээр хонины гуяны мах авсан юм. Түүнийгээ уксоус хийхээр гоё зөөлөрдөг гээд хоёр шилийг үлдээсэн. Өөрсдөө ч яах гэж тийм их уксоус авч өгсөн юм. Махан дээрээ хоёр шил уксоусаа хийгээд таглаад тавьчихсан. Маргааш нь Богины ам ороод шорлогоо хийх гээд нөгөө махаа гаргатал юун идэх үнэрлэх ч аргагүй юм болсон байсан. Түүнийгээ ил хаячихвал амьтан хорлоно гээд газар булж орхиод явсан” хэмээн Ц.Мөнхтулга хуучлан инээв. Эдний ангийнхнаар захиа бичдэг, зөөдөг үе улирсан гэж хэлж болно. Учир нь анх үүрэн холбоо, гар утас нэвтэрч, мессэжний үе залгамжилсан байна. Нэгдүгээр курсийн сургалтын төлбөр нь 175 мянган төгрөг байжээ. Анхны утаснууд ч багагүй үнэтэй. Бараг л сургуулийн нэг жилийн төлбөр. Ангид хоёр хүүхэд утастай. Утсаа гайхуулахын тулд сэрүүлэг тавина. Худлаа ярьж байхад чихэн дээр нь утас нь дугардаг байсан гэх үеийнхэн юм. Хичээл ордог байсан Б.Баасаннамжий, А.Сайнбуян, Ө.Амгалан, М.Уянга, Б.Гантулга, Болд, Туул багш нар сэтгэлд тодхон үлджээ. Энэ ангид нэр ижил хэд хэдэн оюутан байсан. Гурван Уянга, хоёр Оюунбилэг, Ганхуяг, Эрдэнэчимэг гэх мэт. Бас Э.Мөнхбаяр, Г.Золжаргал, С.Лхагвадорж, Ж.Ганбат, н.Алдарсайхан Д.Алтангэрэл, Ч.Амарзаяа, Б.Энхболор, Г.Энхтуяа, Д.Дариймаа, Н.Мөнхмандах, Ё.Амаржаргал, Д.Гэрэлтуяа, н.Ариун, н.Нармандах, С.Одбаяр н.Хүрэлчулуун, н.Хүрэлзандан, Ч.Дашдэмбэрэл, Очгэрэл, Ариунжаргал нарын оюутнууд байлаа.
Аялал жуулчлалын менежмэнт нь хөрвөх чадвартай мэргэжил ажээ. Энэ ангийн төгсөгчдөөс хөтөч, орчуулагч, менежер, аялал жуулчлалын компанийн эзэн, зочид буудлын эзэн олон төржээ. Ангийнхны тал нь гадаадад амьдардаг. Тухайлбал, Д.Гэрэлтуяа АНУ-д, Ш.Гантулга Англид, Д.Гантулга Австри зэрэг улсад ажиллаж амьдарч байгаа гэнэ. Нэг зовлон нь Монголдоо, сургууль, төгсөлтийн ой гээд уулзах гэхээр цөөн хүн цугладаг гэлцэнэ. Мэргэжлээрээ ажиллаж буй хүн ч цөөнгүй. Ангийн дарга Д.Батболд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын тэнхимийн эрхлэгч, Живаанбилэг аялал жуулчлалын компанийн захирал Б.Оюунбилэг, Э.Мөнхтулга Баянхонгор Баянгол сумын Байгаль орчны байцаагчаар ажиллаж байгааг дурдаж болно. Аялал жуулчлалаар ажиллахын давуу тал нь олон танилтай болно. Нэг орны жуулчин авлаа гэхэд тэр орныхоо бахархал, хоол, зан харилцаа нь юу болох зэрэг олон судалгаа хийх болдог. Яагаад гэвэл тухайн үйлчлүүлэгчдэд юу хэрэгтэйг мэдэж байж тэр хүнд үйлчилнэ. Жуулчдаа хөдөөгүүр нэг гэр бүл, найз нөхөд шиг дотно болтлоо дагуулж явдаг. Эргээд энэ бүхнээс Монголдоо ирэх үр өгөөж нь их. Жуулчид дотроос Монголыг сонирхоод, Монгол руу хөрөнгө оруулах олон жишээ бий хэмээн ангийнхан нэгэн дуугаар хэлж байсан юм.
Ц.ЧИМЭДЦЭЕЭ