БОАЖЯ, Монголын Аялал жуулчлалын холбооноос хамтран “Монголын аялал жуулчлалын форум-2021”-ыг зохион байгууллаа. Уг форумаар цар тахлаас шалтгаалан 90 хувь нь зогсолтод ороод буй аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар хэлэлцжээ.
“Дисковер Монголия Трэйвел” ХХК-ийн захирал Б.Барсболд “Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад ирэх жуулчдын тоо өсөөгүй. 2011 онд 627 мянган хүн, 2019 онд 637 мянган хүн манай улсад иржээ. Үүний шалтгаан нь бид эх орноо гадаад зах зээлд гаргаж танилцуулж чадахгүйд байгаа юм. Монголын аялал жуулчлалын салбарын гадаад сурталчилгааны төсөв 0.4 сая доллар . Энэ нь Монголын дундаж компанийн маркетингийн төсөвтэй тэнцэнэ “гэлээ.
Монголын аялал жуучлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Цар тахлын нөлөөгөөр аялал жуучлалын салбар ажиллах хүчний 70 хувиа алдсан. Гэсэн ч бид өөрийн хүч чадлаараа энэ нөхцөл байдалд тохируулан ажиллаж байна. Аялал жуучлал бол хүмүүнлэг мөн чанарт тохирсон эдийн засгийн эргэлтийн гол цөм нь байх учиртай. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал хүндрэл бэрхшээлээр дүүрэн байна. Тухайлбал, нэг жуулчны Монголд оруулж байгаа дундаж орлого 2000 ам.доллар. Энэ тоо бол Монголбанкны гаргасан судалгаа. Гэвч нэг жуулчин авчирч байгаа маркетинг сурталчилгаа нь бараг орлоготойгоо тэнцэж байгаа юм. Мөн Монгол руу нисэх онгоцны тийзний үнэ өндөр байгааг хүн бүр ярьдаг. Үүнд олон шалтгаан бий. Цаашид бид шинэ нөхцөл байдалд шилжиж аялал жуучлалаа сэргээх стратеги боловсруулах шаардлага үүсжээ” гэлээ.