“World Travel Market-2016” Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн яармаг Лондон хотноо арваннэгдүгээр сарын 7-ноос 9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө. Дэлхийн 180 гаруй орны мэргэжлийн байгууллага, компаниудын төлөөлөл цугласан тус үзэсгэлэн, яармагт Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, гишүүн МИАТ ХК, Жуулчин ХХК, Цолмон трэйвел ХХК, Айлаас-Айлууд төсөл ХХК, ДМД Монгол ХХК, Грэйт Чингис Экспедишн ХХК, Зэндмэн Трэйвел ХХК, Нью Жуулчин ХХК, Дисковери Монголия ХХК компаниудын төлөөлөгчид оролцов.
Үзэсгэлэн, яармагийн үеэр Элчин сайд Н.Тулга Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөгчдөд зориулан хүлээн авалт зохион байгуулав. Энэ үеэр Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр эх орноо гадаадад сурталчлах, Монгол Улсад аялах жуулчдын тоог нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажилладагт тус элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлж өргөмжлөл гардуулав.
Мөн Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөрийг 2017 оны 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Лондон хотноо анх удаа зохион байгуулагдах “Флай Фишинг”-ийн үзэсгэлэн яармагт Монголын төлөөлөл оролцуулах, цаашид Монгол улсад байгальд ээлтэй загасчлалын төрөл болох флай фишингийн спортыг сурталчлах зорилгоор тус үзэсгэлэнгийн зохион байгуулагч Жон Келли, Клайр Зумбини нартай бизнес уулзалт зохион байгуулав.