Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Хатгал тосгонд 120.000 ам.доллар зарцуулна

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг ард иргэдийн амжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежментийн асуудлуудыг нэгдсэн байдлаар авч үзэх анхны төсөл бол Ядуурлыг бууруулах японы сангийн буцалтгүй тусламж юм. Тэгвэл энэхүү буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банкаар дамжуулан 2016-2019 онд хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн баримт бичигт төслийн хүрээнд Хатгал тосгонд 120.000 ам.доллар, Ханх суманд 100.000 ам.доллар, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ суманд 75.000 ам.долларыг зээлийн эргэлтийн сан байгуулахад зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь төслийн нийт санхүүжилтийн 17 хувь буюу 520.000 ам.доллар болж байгаа юм.

Тэгвэл үүний дагуу төслийн зүгээс дараахь ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

– Зээлийн эргэлтийн сангийн журмыг боловсруулж, Төслийн удирдах хорооны даргаар батлуулан мөрдөн ажиллаж байна.

– Журманд зааснаар зээлийн эргэлтийн сан нь сангийн хороо, сангийн менежер гэсэн ерөнхий бүтэцтэй байх ба журмын дагуу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны төлөөлөл, Сумын орчны бүсийн зөвлөлийн төлөөлөл, тодорхой шалгуурыг хангасан баялаг бүтээгчдийн төлөөлөл, эмэгтэйчүүдийн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, аялал жуулчлал эрхлэгчдийн төлөөлөл, малчид, мал аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл, ахмадын төлөөлөл зэрэг нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй хороог төслийн зорилтот 1 тосгон 5 сум тус бүрт нутгийн иргэдийн саналаар сонгон байгуулсан.

– Хороо нь анхны хурлаараа гишүүд дотроос хорооны даргаа сонгон, сангийн дансны гүйлгээний 1 дүгээр гарын үсгийг хорооны дарга, 2 дугаар гарын үсгийг сангийн менежер, 3 дугаар гарын үсгийг хорооны эмэгтэй нэг гишүүн зурахаар зээлийн эргэлтийн сангийн 6 данс нээгдсэн.

– Данс тус бүрт эхний ээлжийн санхүүжилт 9.5 мянган ам долларыг шилжүүлсэн.

– Сангийн менежерээр банк ,санхүүгийн мэргэжилтэй, сумандаа оршин суудаг иргэнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар хороо, төслийн нэгж хамтран шалгаруулж, . менежертэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

– Төслийн зүгээс Зорилтот сум, тосгоны иргэд, холбогдох талуудын санал хүсэлт, зөвшөөрлийг авсны үндсэн дээр зээлийн нөхцөлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлийн хүүгийн хэмжээ жилийн 2.4 хувь, үүнийг жил бүр хянан үзэх, зээлийн хугацаа 18 хүртэл сар, зээлийн хэмжээ 15.0 сая төгрөг хүртэл, зээлийн үнийн дүнгийн 70 хувьд барьцаа хөрөнгө авах, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтөөс 3 сар хүртэл хугацаанд түр чөлөөлөх,

– Төслийн үндсэн баримт бичиг болон зээлийн эргэлтийн сангийн журманд тусгагдсаны дагуу Хороо сангийн хөрөнгийг захиран зарцуулах ба Хороод зээлийн төсөл хүлээн авах сонгон шалгаруулах ажлаа эхэлсэн.

– Одоогийн байдлаар Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ суманд иргэдийн зээл хүссэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулалт хийгдсэн бөгөөд шалгарсан төслүүдийн санхүүжилт зээл хүсэгчдийн дансанд шилжих бэлтгэл ажил бүрэн хийгдсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *