Аялал жуучлал спортын цогцолборын шавыг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан уулын бэлд тавилаа.
Шав тавих үйл ажиллагаанд Шадар сайд Ц.Оюунбаатар, Сонгиохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Монголын үндэсний олимпын хорооны Дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, “АМЭ интэрнэшл” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Чинзориг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
“Аялал жуучлал, спортын цогцолбор” бүтээн босгох уг ажлыг “АМЭ интэрнэшл” компани 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх бөгөөд нийт 42 га талбайд уг цогцолборыг бүтээн байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү 42 га газрын 32 га газарт урьд нь зөвшөөрөлгүй хайрга олборлож сүйдсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон байсныг нөхөн сэргээж, спортын талбайнуудыг байгуулан, ирээдүйд хүүхэд залуучуудын ирэх дуртай газар болгохоор төлөвлөсөн байна.
Уг “Аялал жуучлал, спортын цогцолбор”-т хиймэл нуур, Монгол орны тогтоцыг харуулсан, танин мэдэхүйн “Мини Монгол ” газар зүйн парк, Бэсрэг наадмын талбай, Хөл бөмбөгийн стандарт талбайнууд, мини хөл бөмбөг, талбайн теннис, сагсан бөмбөг, волейболын талбайнууд, хөнгөн атлетик болон гүйлтийн зам, Ардын урлагийн тоглолт үзүүлэх задгай талбай зэрэг олон байгууламжийг байгуулахаар төлөвлөжээ. Энэ онд багтаан уг бүтээн босгох ажилд 2.4 тэрбум төгрөгний нөхөн сэргээлт, тохижилтын ажил хийгдэх бөгөөд 2017 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилттой дүйцхүйц байгууламжийг бүтээн босгож, 2020 он гэхэд 8.2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг энэхүү томоохон Алал жуучлал спортын цогцолбор бүтээх ажилд зарцуулахаар төлөвлөжээ.