Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Аялахад тохиромжтой Монголын үзэсгэлэнт газрууд

Монгол Улс аялахад хамгийн тохиромжтой 10 орны нэгээр нэрлэгджээ. Өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, аж амьдрал, зан заншил үүнд нөлөөлсөн нь гарцаагүй биз. Тэгвэл аялагчиддаа зориулан аялахад тохиромжтой Монголын үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна.


ТЭРХИЙН ЦАГААН НУУР, ХОРГЫН ТОГОО

Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.

ХӨВСГӨЛ НУУР

Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Мөн Монголын болон гадаадын иргэдийн сүүлийн жилүүдэд хамгийн ихээр аялах болсон газруудын тэргүүн эгнээнд бичигддэг. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг юм. Нэг очиж үзэсгэлэнт байгалийг нь харсан хүн дахин очихгүй байна гэж үгүй.

АЛТАЙ ТАВАН БОГД УУЛ

Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц гэж жуулчид ярьдаг. Энэ нь таван ноён оргилоос бүрддэгтэй нь холбоотой юм.

УВС НУУР, ИХ НУУРУУДЫН ХОТГОР

Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Мөн Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршдог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн байдаг. Уг нууранд аялахдаа хог, хаягдлаа зориулалтын саванд хийхийг сануулж байна.

Увс Аймагт Очоод Үзэхгүй Л Бол Харамсах Газарууд – Soninsodon.life

ГУРВАН ЦЭНХЭРИЙН АГУЙН ХАДНЫ СҮГ ЗУРАГ

Аялагчдын төдийгүй түүхчид, археологичдын хамгийн их сонирхол татсан хэсэг. Мөн өнгөрсөн түүхийн үнэт олдвор. Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол Улсын нутгаас палеолит үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд энэ нь Монголд төдийгүй Төв Азийн хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Мөн заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтныг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 метр аж.

УЛААН ЦУТГАЛАН

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг.

САЙХАНЫ ХӨТӨЛ

Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэдэг. Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *