Categories
мэдээ цаг-үе

Ая зохиогчийн ээж

Ая зохиогч Б.Ангирмаа одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө тоглолтоо хийхдээ ээждээ зориулан зохиосон дуугаа үзэгч олондоо хүргэсэн билээ. Түүнд:

Орчлонд ганцхан ижийдээ

Оддын тоогоор үнсүүлэхсэн

Дусал нулимс шиг үр чинь

Духаа цоортол мөргөе дөө

гэсэн мөрүүд бий. Б.Ангирмаа, түүний ах сэтгүүлч, ая зохиогч Б.Долгионыг хүмүүс сайн мэднэ. Харин тэдний ээж, аавыг төдийлөн сайн мэдэхгүй л болов уу.

Б.Долгорсүрэн хэмээх жирийн нэгэн монгол бүсгүй, сайн ээж, гэргий гэхэд огтхон ч дэгсдэхгүй. Тухайн үедээ бусдынхаа л адил эгэл амьдралыг туулж өнгөрүүлсэн тэрээр үр хүүхдүүддээ бол хамгийн эрхэм, сайхан хүн. Архангай аймгийн Тариат сумаас гаралтай, Улаанбаатар хотод төрж өссөн. Б.Долгорсүрэнгийн өвөө Гомбо хэмээх хохь тайж хүн байсан. Аав Г.Барбаатар нь ардын хувьсгалын дараахан хөрөнгийг нийгэмчлэх үед байсан бүхнээ хураалгажээ. Б.Долгорсүрэн 13 хүүхэдтай айлын хамгийн отгон нь.

Түүнийг бага байхад хотжих үйл явц эхэлж Улаанбаатар хотод анх барилга баригдаж бүтээн байгуулалт ид өрнөж байсан тухай хүүхдүүддээ сонин түүхүүд ярьдаг байсныг хүү нь дурсав. Элдэв-Очирын нэрэмжит кино театр буюу одоогийнхоор Хөрөнгийн биржийн байшинг дайны үед олзлогдсон япон цэргүүд барьж байсан үе. Хүүхэд байсан болохоор их сониуч, эгч Б.Улятайхүүгийн хамт япон цэргүүд хэрхэн ажиллаж байгааг хашааны завсраар харж зогсдог байсан гэнэ. Хот байгуулах аян дөнгөж эхэлж байсан болохоор бүх юм сонирхолтой санагдана. Ээж нь ийнхүү ярихад тухайн үеийн Хүрээний охидын дүр зураг нүдэнд шууд л буудаг хэмээн Б.Долгион ярив. Тэр үед монголчууд бүгд хашаа байшинд амьдардаг байсан. Б.Долгорсүрэн одоогийнхоор Соёл урлагийн их сургуулийн тэр хавьд амьдарна. 1937 онд аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тул ээж ах хоёр нь түүнийг өсгөжээ. Ингээд удалгүй нутгийн залуу Ч.Балчинжавтай танилцаж, гэр бүл болоод таван хүүхдийн эх болсон байна. Том хүү Мандахыг ах Б.Ванчинд өргүүлсэн аж.

Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн Б.Долгорсүрэн насаараа бичиг хэргийн ажил эрхэлсэн. Мөн арван хурууны бичээч байсан. 1990-ээд он хүртэл тун ч чухал гэгддэг байсан энэ мэргэжлийг маш сайн эзэмшжээ. Одоогийнх шиг компьютер энэ тэр байсангүй. Мастер бичээч маань Барилгын яам, Ойн аж ахуйн яам, Төлөвлөгөөний комиссын дарга асан Бат-Очир, сайд Тлейхан, Жамбал нарын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Б.Долгионыг хүүхэд байхад нь харах хүнгүй тул ээж нь хааяа ажилдаа дагуулаад явна. Ингээд л нарийн бичгийн даргын өрөөнд өдрийг өнгөрөөнө. Бяцхан хүүг харчихаад “Ажлын цагаар энэ хүүхэд энд юу хийж байгаа юм” хэмээх дарга нарын харц одоо болтол сэтгүүлч Б.Долгионы сэтгэлээс гардаггүй гэнэ.

Ер нь олны танил, түмэнд алдартай хүн л мундаг байна гэж юу байхав. Хүн жирийн амьдарна гэдэг хамгийн сайхан хэмээн олон алдартан хэлсэн байдаг. Ийм хүмүүс л амьдралын амтыг хамгийн ихээр мэдэрдэг.

Б.Долгионыг хүүхэд байхад аав нь Москвад ажиллахаар болж гэр бүлээрээ Оросыг зорьсон байна. Тэрээр Москва хотын 93 дугаар дунд сургуульд нэгдүгээр ангид оржээ. Тэр үед ангийнх нь орос хүүхдүүд “Танай ээж чинь ямар гоё хүн юм бэ” гэж хүүд нь хэлдэг байсан гэнэ шүү. Харин Б.Долгион бага байсан тул тэр болгон анзаардаггүй байснаа дурсав. Орос хүүхдүүд хүртэл ингэж хэлдэг байсныг бодоход үнэхээр сайхан эмэгтэй байжээ. Хүүхдүүд гэдэг хамгийн ариун, шударга, харсан бодсоноо шууд л хэлдэг. Тиймээс үүнээс илүү үнэн гэж юу байхав. Москвад байхдаа бяцхан хүүдээ маш их юм үзүүлж, нүдийг нь нээж өгсөн гэдэг. Тэр бүхэн одоо Оросын нийслэлд очих бүрийд нүдэнд нь харагддаг тухай дурсав. Эргээд бодоход үзүүлж харуулсан бүхэн нь их учиртай байжээ. За тэгээд Б.Долгион том болсон хойноо хааяа “сахилгагүйтэж” ээжийнхээ сэтгэлийг чилээж байснаа ярив. Хүний амьдралд тохиолддог нэг тиймэрхүү эвгүй үед ээж, эхнэр хоёр маань хөөцөлдөж татаж авсан даа хэмээн хүүрнэв. Д.Долгион ээжийгээ 41 настайд нь эмээ болгожээ. “Зарим эцэг эх бол ийм эрт эмээ, өвөө болохгүй гэдэг. Манай ээж бол ач хүүхдүүддээ бүхнээ зориулсан” гэв. Бэр С.Сэлэнгэдээ маш их хайртай. Үүнийг батлах баримтыг ч би мэдэх юм байна. Б.Долгионы охин Д.Тэнгисмаагийн багш Д.Маамхүү гуай Б.Долгорсүрэн, С.Сэлэнгэ нарын тухай магтаж ярьсныг сонссон.

Б.Долгионы аав, ээж нь урлагт нэлээд авьяастай, сайхан дуулдаг хүмүүс байсан гэнэ. Дунд ангийн сурагч байхдаа ээжийнхээ дуу аялж байгааг сонсоод маш сайн сонсголтой хүн юм байна гэдгийг мэдэрчээ. Б.Долгион, Б.Ангирмаа гээд хүүхдүүд нь авьяастай, урлагт сэтгэлтэй байдаг нь яахын аргагүй ээж, аав, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн гэдэг нь эргэлзээгүй. Дашрамд дурдахад аавынх нь аав хуурч Б.Чадраабал гэж авьяастай хүн байсан. Харин аав нь тенор хоолойтой хачин сайхан дуулдаг байжээ. Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Г.Хайдав нар хүртэл аавынх нь сайхан дуулдаг байсан тухай ярьдаг. Аав нь гэртээ үргэлж дуулна. Нэрт дуучдын дуутай пянзыг байнга тавина. Ээж нь хөгжим сонсох зэргийг нь хэзээ ч хориглож байгаагүй нь цаагуураа дэмждэг байсны нэгэн илэрхийлэл байжээ. Ийм гэр бүлд өссөн хүүхэд яаж ч хөгжим сонирхохгүй байх билээ. Б.Долгионы дүү Б.Оргил нь дуулаачдын тэмцээнд оролцож түрүүлж байсан гэнэ. Мөн Б.Ангирмаагийн эгч Б.Энхриймаа нь дуулах авьяастай нэгэн. Дүү нь ая зохиогоод эхлэхэд ах Б.Долгион нь төдийлөн тоогоогүй гэнэ. Харин ээж нь “Чи дүүгээ дэмжээч” хэмээн хааяа хэлнэ. Б.Долгорсүрэн хүүхдүүдээ загнадаггүй, заримдаа сахилгагүйтэхэд нь “Иш, энэний байж байгааг нь” хэмээн хамгийн хөдөлгөөнтэй байсан Б.Долгионыг зэмлэнэ. Өөр юм хэлдэггүй. Хүү нь урлагийн хүн болох гэхэд аав нь нэлээд эсэргүүцнэ. Харин ээж нь маш чимээгүйгээр дэмждэг байсан гэдэг.

Өнөөдөр хүмүүст хамгийн ихээр дутагдаж буй жудагийн талаар бид ярилцсан юм. Худлаа хэлэхгүй, хулгай хийж болохгүй, хүн чанартай байхыг Б.Долгорсүрэн гуай хүүхдүүддээ маш сайн суулгаж өгсөн. Ээжийнх нь бас нэгэн чанар бол маш цэвэрч, тэр үед л зөв хооллолтод анхаарч байжээ. Б.Долгион “Монгол масло идэхгүй орос масло иднэ хэмээн ихэд “томордог” байснаа одоо бодоод ихэд ичдэг” хэмээн ярив. Харин ээж нь хүүхдүүдээ идэх дуртай зүйлээр нь таслаагүй гэнэ. Эцэг, хүүхдүүдийн хоорондох зөрчилдөөн мөнхөд байсан, байсаар байх ч болно. Үүнийг ч ээж нь эмэгтэй хүний нарийн ухаанаар зохицуулна. Аав нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж явсан. Гэтэл энэ бүхнийг хүүхдүүддээ огтхон ч мэдэгдүүлээгүй гэнэ. Энэ бол ээжийнх нь л гавьяа аж. Ямар ч хэцүү байсан давж гарч чаджээ. Хүүхдүүд нь энэ тухай бүр хожим мэдчихээд ихэд цочирдсон гэдэг. Энэ бүхнийг эргээд дурсахад ээж нь үнэхээр тэвчээртэй эмэгтэй. Хүүхдүүдээ бага насандаа аз жаргалтай байг гэж ихэд хичээсэн байдаг.

Б.Долгорсүрэн гуай тэтгэвэрт гарсныхаа өмнөх жилүүдэд Ан олдворын газарт боловсон хүчнээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суужээ. Гэвч зүгээр суухыг хүсээгүй. Тэр жил “Мандухай цэцэн хатан” кино хийгдэхээр болж зургийн даргаар нь гэр бүлийн найз Зинаамэдэр ажилласан. Б.Долгорсүрэнг киноны жижиг хэрэглэлийн нярваар авч ажиллуулжээ. Киноныхон “Догоо эгч” гээд анддаггүй юм билээ. “Естой сайн эгч байж билээ” хэмээн дурсахыг хүүхдүүд нь нэг бусдаа сонссон .

Хүмүүс аавынхаа хувь заяаг давтдаг гэдэг. Б.Долгион хэнз охинтой гэнэ. Д.Төгснаран охин нь одоо 14 настай. Тиймээс хэнз охин, дүү Б.Ангирмаа нь эцэг эхийнхээ хувьд ямар эрхэм хүүхэд байсныг өөрийн биеэр мэдэрсэн хэмээн ярив. Б.Долгорсүрэн гуайн хүүхдүүд бүгд л сайхан дуулдаг, урлагтаа үнэнчээр зүтгэсээр. Хэдийгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч үр хүүхдийнхээ сайн сайхан явааг тэнгэрээс харж байгаа байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *