Энэ есдүгээр сарын 01-ний өдрөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр машин ачих, журамлах үйлчилгээ түр зогссон. Учир нь ачих журамлахтай холбоотой журмыг шинэ хуулинд нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй болсон юм. Иймд Хууль зүйн яам дараах шинэ журмыг батлан гаргасан бөгөөд одоо Нийслэлийн ИТХ торгуулийн үнийг тогтоож, Нийслэлийн Засаг дарга ачилтын компаниудтай гэрээ хийснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж элэх юм.
Түр саатуулах буюу журамлах нөхцлүүд:
1. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсвэл гэмт хэргийн нотлох баримтыг агуулж байгаа
2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн
3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд жолоодож яваа
4. Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж тогтоох, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай үед
5. Хууль сахиулах байгууллагаас эрэн сурвалжлахаар зарлан мэдээлсэн
Зөөн шилжүүлэх нөхцлүүд:
1. Эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдохгүй байгаа тээврийн хэрэгслийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор
2. Өндөр хэмжээний зочин төлөөлөгчийн болон нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтыг зохион байгуулах үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор
3. Бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан түр буюу удаан зогсох журам зөрчсөн
4. Явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр түр буюу удаан зогсох журам зөрчиж, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулсан
-ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХЭЭС ӨМНӨ ЖОЛООЧ НЬ ИРВЭЛ ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГА
ТООЦОН БУЦААН ОЛГОНО-
Дээрх нөхцлүүдийг зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг зөвхөн цагдаагийн эрх бүхий албан хаагчийн шийдвэрээр түр саатуулах, зөөж шилжүүлэх ёстой. Ингэхдээ ачих, зөөхөөс өмнө тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд захиргааны хариуцлага оногдуулж, тээврийн хэрэгслийг нь буцаан олгоно. Зөөж шилжүүлсэн тохиолдолд гэрийн хаягаар бэлэн бус торгуулийн хуудас хүргүүлнэ.
Ачигч байгууллага эсвэл цагдаагийн ажилтан ачилт хийхийн өмнө заавал тухайн тээврийн хэрэгслийн гадна тал болон орчны байдлыг дүрс бичлэг хийж баталгаажуулна. Ингэснээр тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн эд хөрөнгийг ачих зөөвөрлөх явцад хохирсон эсэхийг мэдэх боломжтойгоос гадна, дүрэм журам зөрчсөн эсэхийг нотлох баримт болох юм. Хэрвээ тээврийн хэрэгслийн ачаа тээш, бүхээгэнд хүн, мал, амьтан байвал зөөж шилжүүлэхийг хориглох аж.