Categories
мэдээ цаг-үе

Автомашины дугаарыг өөрчлөх нь хэний бизнес вэ?

Автомашины улсын дугаарын стандартад өөрчлөлт оруулах тухай яригдаж эхлэв. Манай улсад 84 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. 84 мянган тээврийн хэрэгсэл автомашины дугаараа тайлж, шинээр хийлгэж, хадуулна, лацдуулна, гэрчилгээ солиулна гэхээр хичнээн тэрбум төгрөг ард түмний халааснаас гарах вэ.

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын яам шинэ бүтэц бүрэлдэхүүн томилогдсон цагаасаа хойш сав л хийвэл ядарсан иргэдийнхээ хармааг ухаж, яаж мөнгө татах боломж байна, түүнд тааруулсан хууль журам гаргах болов. Авто тээврийн салбарт баримтлах бодлого, ойрын ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа салбарын сайд Д.Ганбат олон нийтэд саяхан танилцуулахдаа баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах болсноо онцгойлон мэдэгдсэн юм. Мөн автомашины насжилтыг багасгах тухай яригдах болсон. Нийт тээврийн хэрэгслийн дийлэнх нь 12-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Сайдын мэдээллээс үзэхэд зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай гарч байгаа. Хэрэв насжилтыг найман жилээс дээш гэж заавал 71 хувь нь замын хөдөлгөөнд оролцохгүй болчихоор байна. Энэ мэтээр жолооч нарыг шахах, автомашиныг нь унуулахгүй байх бодлого, дүрэм журмыг боловсруулан гаргах болов. Ямартай ч тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн үнэ тарифыг хоёр дахин нэмж, гуравдугаар сарын 3-наас эхлэн мөрдөгдөхөөр болжээ.

Үүн дээр нэмээд автомашины улсын дугаарыг өөрчлөхөөр ханцуй шамлан оржээ. Зам тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдаанаар автомашины улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солих тухай санал яригдсан байна. Автомашины дугаарын стандартыг өөрчлөх хэд хэдэн санал байгаа аж. Ард түмнийг таатай хүлээж авахгүйг мэдэж буй учраас үүнийгээ алгуурхан аргаар хийх гэж байгаа бололтой юм. Учир нь энэ талаар холбогдох газраас мэдээлэл авахад “Санал төдий яригдсанаас биш яг ажил хэрэг болсон зүйл байхгүй” гэх битүүхэн мэдээллийг өгч байна.

Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүү “Сайдын зөвлөлийн хурал дээр хэд хэдэн санал орж ирсэн. Санал төдийхөн яригдаж байгаа зүйл. Автомашины улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлага байгаа ч яг одоохондоо автомашины дугаарыг солих тухай бодит ажил болоогүй. Зөвхөн хэлэлцүүлгийн түвшиндээ яригдаж байна” гэв.

Автомашины улсын дугаарт өөрчлөлт оруулах саналыг Зам тээврийн яамнаас гаргажээ. Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоос автомашины дугаарын стандартыг солих одоогийн яригдаж буй саналын талаар тодруулахад “Автомашины дугаарын өөрчлөлтөд дугаарыг лацтай болгоно. “MNG” ялгах тэмдгийг “MGL” болгож өөрчилнө. Монгол Улсын соёмбыг авна. Дөрвөн тоо, гурван үсэг хэвээрээ байна гэх мэт хэд хэдэн өөрчлөлт орно. Бүх автомашиныг нийтээр нь солихгүй. Шинээр дугаар номер авахад болон шилжилт хөдөлгөөн хийхэд автомашины улсын дугаарын стандартын өөрчлөлтийг хийнэ. Манай улс Венийн конвенцид нэгдэн орсон боловч стандарт нь өөрчлөгдөөгүй хуучнаараа яваа учраас олон улсын стандартад нийцүүлэхээр болж байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Хэдийгээр өнөөдөр нэг дор бүх автомашины улсын дугаарыг солихгүй гэж буй боловч аажимдаа журам дүрэм гаргаж солихоос аргагүй болгох нь тодорхой. Галт тэрэг нэгэнтээ хөдөлчихсөн цагт нийтээрээ мөрдөхөөс аргагүй болно.

Өнгөрсөн есдүгээр сард гэхэд л Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улс орон даяар “Хяналт, шалгалт” аянг өрнүүлж ослын гурвалжин, эмийн сан, галын хор байгаа эсэхийг шалгаж жолооч нарын халааснаас улсын төсөвт өчнөөн тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үнэн хэрэгтээ галын операци ажиллагаагаар БНХАУ-аас оруулж ирдэг галын хор, эмийн сан, ослын гурвалжин 20 мянган төгрөгөөр шажигнатал зарагдсан. Тэр галын хор нь ажилладаг эсэх нь тодорхойгүй, цаг дээрээ жолооч нар яаж ажиллуулахаа мэдэхгүй нэр төдий шийдвэр болоод өнгөрсөн.

Одоо автомашины улсын дугаарын стандартад өөрчлөлт орох шийдвэр гарах аваас эхний ээлжинд дугаар үйлдвэрлэдэг хэдэн компани хөлжинө. Гэрчилгээ солихоос эхлээд ажил ундарна. Өдгөө автомашины дугаар үйлдвэрлэдэг 30-аад компани бүртгэлтэй байсныг сая оны өмнө хяналт шалгалт явуулж “Ихэр авто”, “Альфа солбилцол” гэх мэт 15 компанид үйл ажиллагаа явуулах эрхийг нь хэвээр үлдээсэн аж.

Эрх баригчдын санаачлан гаргаж буй шийдвэр тогтоол иргэдийнхээ аюулгүй байдал, ашиг тусын тулд гэх нэрийн дор боловч ардаа хэн нэгэн дарга даамлын бизнес байдаг. Автомашины дугаарыг олон улсын стандартад өөрчлөлт оруулах тухай урьд нь яригдсаар ирсэн ч өнөөдөр сольж шинэчлэх цаг нь мөн үү. Хэрэгжих явцад хэний эрх ашиг илүү хөндөгдөх вэ. Үүнийг хэрэгжүүлснээр хэний бизнес хүрээгээ тэлэх вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Б.ДОЛЗОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *