Categories
гадаад мэдээ

Автомашин тээвэрлэж явсан хөлөг Атлантын далайд живжээ || DNN.mn

Porsche, Audi, Bentley, Lamborghini зэрэг нийтдээ $401 саяын үнэтэй тансаг ангиллын шинэ автомашинуудыг Германаас АНУ руу тээвэрлэж явсан хөлөг онгоц хоёр долоо хоногийн өмнө шатаж эхэлсэн билээ.

Тэгвэл Felicity Ace нэртэй энэхүү ачааны хөлөг Мягмар гарагт Португалийн харьяаны Азорын арлуудаас 400 км-ийн зайд живсэн тухай албаныхан мэдээлжээ.

Хөлгийн багийн 22 гишүүнийг түймэр шатаж эхэлсэн өдөр Португалийн тэнгисийн флотынхон нүүлгэн шилжүүлсэн юм. Олон хоног жолоодлогогүй далайд шатаж явсан хөлөг ийнхүү живсэн байна.

Гал унтраах төхөөрөмжөөр тоноглогдсон хөлгүүд Felicity Ace хөлгийн байрлалд хүрч, живэхээс нь өмнө галыг унтрааж чаджээ.

Ачааны хөлөг дээр 4,000 орчим автомашин байсны зарим нь цахилгаан хөдөлгүүртэй байсан юм. Тэдгээр автомашинуудын lithium-ion батарей галыг улам нэмэгдүүлж, унтраахад хэцүү болгож байгааг өмнө нь мэдээлж байв.

Даатгалын Russell Group компанийн тооцоолсноор автомашинуудын үнэ $401 сая, бусад дагалдах тоноглол, сэлбэгүүдийн үнийг нийлүүлбэл $438 сая болсон байна.

“Бид энэхүү осолд өртсөн автомашин бүрийг шинээр солихоор ажиллаж байна” гэж Porsche Cars North America компанийн PR хариуцсан дэд захирал Ангус Фиттон мэдэгдсэн байна.

Одоо эрх баригчид живсэн хөлгөөс шатахуун далайн усанд алдагдаж, экологийн бохирдол үүсэхээс болгоомжилж байгаа ажээ.

Хөлөг 2,200 тонн шатахуун, ижил хэмжээний тосны нөөцтэй явсан юм байна.

Далайн мандал дээр цөөн тооны сэг үлдэж, бага хэмжээний тосны толбо үүссэн байгааг Португалийн тэнгисийн флот мэдээлжээ.

Гал унтраахаар очсон хөлгүүд тосны толбыг соруулах ажил хийж байгаа гэнэ.

Одоо Португалийн тэнгисийн болон агаарын хөлгүүд ачааны хөлөг живсэн газарт ажиглалт явуулж, далайн усанд бохирдол үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм байна.

Эх сурвалж: AFP

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *