Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн Тээлийн-Ам гэдэг газар суудлын автомашин онхолдож, нэг иргэн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг тус аймгийн Онцгой байдлын газар наймдугаар сарын 26-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан байна.
Завханы Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид наймдугаар сарын 27-ны өдрийн 01:10 цагт очиход Тэлмэн сумаас Улиастай сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин (2 зорчигчтой) онхолдсон байжээ.
Дээрх ослын улмаас тус аймгийн харъяат иргэн Б (27 настай, эмэгтэй) нь автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.