Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмсэн. Тэгвэл энэхүү нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ нь авто машин худалдаачдыг хохироож байна гэж иргэд худалдаачид ‘’Иргэнээ сонсох 1111 төв’’-д ханджээ.
‘’Иргэнээ сонсох 1111’’ төвөөс өнөөдөр Автомашины онцгой албан татвар нэмсэнтэй холбогдуулан сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус төвийн тэргүүн М. Хүдэрбаатар хэлэхдээ ‘’Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ- аас баталсан татварын нэмэгдэл авто машин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт болсон. Энэ тавдугаар сард авто машины импортын татварыг нэмэгдүүлэх хууль нь эдгээр олон гэр бүлийг орлогоггүй, ирээдүйгүй, нийгмийн дундаж давхаргаас ядуу анги руу шууд гулгуулсан шийдвэр болсон. Энэхүү шийдвэр гарснаас хойш гааль дээр олон 400-500 гаруй машин гацаж иргэдийг хохироож байна. Иймд бид энэ хуулиа дахин харна уу хэмээн УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж байна. Тавдугаар сарын 22-ны өдрийн дотор тодорхой хариуг өгөхийг хүсч байна” хэмээсэн юм. Мөн Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү.
Б.УЯНГА