Categories
мэдээ нийгэм

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд явагддаг хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Австралийн нэр бүхий сургуулиудад магистрын зэрэг олгох уг хөтөлбөрт тэтгэлгийн болзол хангасан Монгол улсын иргэн төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчид хамрагдана.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр 2013 оноос эхэлсэн бөгөөд Австралийн тэтгэлэг нь хувь хүний чадамж, манлайлах ур чадварыг хөгжүүлснээр тухайн улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, хувь хүн, байгууллага, улс орны хүмүүс хоорондын харилцаа холбоог хөгжүүлэхэд чиглэгддэг.

Тэтгэлэгт хөтөлбөр оролцогсдын хүсэлтийг энэ сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30 хүртэл цахимаар авах аж.

2017 оны Австралийн тэтгэлэгт хөтөлбөр

2018 оноос суралцах өргөдөл гаргагчдад зориулж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг 2017 онд зарлана.

Өргөдөл гаргах хугацаа 2017 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр ирүүлнэ.

2017 оны өргөдөлд тавих шалгуурт зарим өөрчлөлт орсон. Тэдгээрийг доор товч дурдаж, Монгол Улсад зориулсан үндсэн мэдээлэлд оруулсны зэрэгцээ энэхүү цахим хуудасны холбогдох хэсгүүдэд тусгасан. Өргөдөл гаргах талаар тодруулга хэрэгтэй бол Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй даруй холбогдоно уу.

2017 онд орсон өөрчлөлтүүд

Болзол шалгуурууд

2017 онд орж буй өөрчлөлтүүдийг дор хураангуйлан үзүүлэв. Үүнд:

2017 – Англи хэлний түвшинд тавих шаардлага

Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа өргөдөл гаргагчид Academic IELTS-ийн голч оноо 5.5-аас доошгүй, доторх нэгж оноо 5.0-аас доошгүй байна.

Хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа өргөдөл гаргагчид Academic IELTS-ийн голч оноо 5.0-аас доошгүй, үүнээс унших, бичих чадварын оноо 5.0-аас доошгүй байна. Сонсох, ярианы чадварын оноо ижил түвшинд буюу 5.0 байхыг шаардах боловч, орон нутгаас өргөдөл гаргагчдын хувьд тухай чадваруудын оноо доогуур байхад өргөдөл гаргахыг зөвшөөрнө.

Жич: интернэтэд суурилсан болон цаасан хэлбэрээр өгдөг Official TOEFL-ийн дүйцэх оноог хүлээн зөвшөөрнө.

Ажлын туршлагад тавих шаардлага

Өргөдөл гаргагчид нь 2017 оны 2-р сарын 1-ний байдлаар, хоёр жил тасралтгүй ажилласан туршлагаа нотлон харуулна. Энэ хугацаанд нэг байгуулагад тогтмол ажилласан байхыг үл шаардана.

Төрийн байгууллагаас (Ангилал 1) өргөдөл гаргагчид 2017 оны 2-р сарын 1-ний байдлаар, төсвийн байгуулагад хоёр жил тасралтгүй ажилласан байна. Гэхдээ төрийн өөр яам, агентлаг, байгууллагад ажилласан байж болно.

2017 онд шаардагдах баримт бичгүүд

Өргөдөл гаргагчид Австралид сурч ирээд хэрэгжүүлэх Буцаан байршуулах төлөвлөгөөболовсруулж, өргөдөлдөө хавсаргана. Буцаан байршуулах төлөвлөгөөний үлгэрчилсэн загварыг энэхүү цахим хуудаснаас татаж авах боломжтой. Төлөвлөгөөнд өргөдөл гаргагч, түүний дарга, удирдлага хоёр хоёулаа гарын үсэг зурсан байна.

Австралийн сургалтын тэтгэлгийн хэлбэрүүд

2017 онд, Австралийн сургалтын тэтгэлгийг магистрын түвшинд судалгааны болон танхимын сургалтад хамрагдах өргөдөл гаргагчдад олгоно. Докторын зэргийн сургалтад тэтгэлэг олгохгүй.

Мэдээлэл өгөх уулзалтууд

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас 2017 оны 2, 3-р саруудад Улаанбаатар хот болон сонгосон аймаг орон нутагт тэтгэлгийн талаар мэдээлэл өгөх уулзалтуудыг зохион байгуулна. Уулзалтын хуваарийг байршил, хугацаа тодорсны дараа цахим хуудсаар мэдээлнэ

Өргөдөл гаргах тухай семинарууд

Өргөдлийн маягтыг яаж бөглөх, шаардлагатай материалуудыг хэрхэн хавсаргах талаар удирдамж өгөх семинаруудыг 3, 4-р саруудад Хөтөлбөрийн байранд явуулна. Семинарын хуваарийг 2017 оны 1-р сард цахим хуудсанд байршуулна.

Энэхүү семинарт оролцохыг сонирхож буй хүмүүс суудлаа баталгаажуулахын тулд http://australiaawardsmongolia.org/ цахим хуудаст бүртгүүлээрэй.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *